Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2016/0287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эзэмшиж байсан 3962 м.кв газрын хэмжээгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ болон гэрээг сунгахыг даалгах шаардлага бүхий Б ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ө.Акмарал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд буюу шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: "Б" ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "контор, сургалтын" зориулалтаар 3962 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болно. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 329 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 3962 м.кв газар нь нэгж талбарын 18643308095709 дугаар бүхий 1489 м.кв болон нэгж талбарын 18653308196705 дугаар бүхий 2474 м.кв газраас тус тус бүрдэж байсан.

Өнгөрсөн хугацаанд "Б" ХХК нь газрын тухай хуулиар хүлээлгэсэн үүрэг, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг бүрэн дүүрэн биелүүлж ирсэн бөгөөд одоогийн байдлаар нэгж талбарын 18653308196705 дугаар бүхий 2474 м.кв газар Билиг" бүрэн дунд сургуулийн барилгыг барьж ашиглалтанд оруулан, суралцагч хүүхдүүдэд ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

Газрын тухай хуулинд заасны дагуу 2015 оны 4 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхээ сунгуулахаар зохих хүсэлтийг гаргасан боловч нийслэлийн Засаг дарга 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар захирамжаараа манай компанийн эзэмшиж байсан газрыг 540 м.кв болгож 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших гэрчилгээгээр эзэмшүүлж, үндэслэлгүйгээр 3422 м.кв газрыг хассан нь "Билиг" ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

"Билиг" ХХК нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар захирамжийг 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Засаг даргад ямар үндэслэлээр газрын хэмжээг бууруулсан талаар зохих гомдол гаргасан боловч хариуг хуулийн хугацаанд өгөхгүй байсан болно.

Манай зүгээс гомдлын хариуг авахаар удаа дараа албан бичиг болон биечлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар хандаж байсан. Тухайлбал, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15/154, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15/224, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/05 дугаар албан бичгээр. Гэтэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/8234 дугаар албан бичгээр гарсан гомдлын хариуг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай ажилтанд гардуулсан болно.

"Билиг" ХХК дараах үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж байна.

1. Нийслэлийн Газрын алба "Билиг" ХХК нарын хооронд 2010 онд байгуулсан "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-ний 4.4-т гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах" эрхтэй гэж заасан. Манай компани нь гэрээ болон Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж ирсэн ба газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байх ямар нэгэн нөхцөл бүрдүүлээгүй болно.

2. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхэд зохих дүгнэлт хийх үүрэг газрын албанд байгаа бөгөөд ийм дүгнэлт хийлгүйгээр газрын хэмжээг багасгаж эзэмшүүлсэн нь хууль бус юм.

З. Газрын тухай хуулинд "газар эзэмших эрх дуусгавар болгох" эсхүл "газар эзэмших эрхийг хүчингүй болгох" гэсэн газар эзэмшигчтэй газрын харилцааг таслах хоёр ойлголтыг зохицуулж өгсөн бөгөөд эзэмшиж буй газрыг багасгаж газар эзэмших эрхийг сунгана гэсэн зохицуулалт байхгүй болно.

Нийслэлийн Засаг дарга манай компанитай газар эзэмших эрхийг дээрх хоёр зохицуулалтын аль нэгийг хэрэглээд шинээр 540 м.кв газар эзэмшүүлээд байгаа эсхүл өмнө байсан газрын хэмжээг багасгаж газрын гэрчилгээг сунгасан нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

4. "Билиг" ХХК нь Боловсролын тухай хууль болон Бага дунд боловсролын хуулийн дагуу өөрийн "Оргил" бурэн дунд сургуулийн барилгын барилгажаагүй талбайд сургуулийн спорт талбай болон гадны тохижолт хийх үүрэгтэй бөгөөд ямар нэгэн барилга барих зорилгогүй болно.

Иймд нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар захирамжийн "Билиг" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд нь эзэмшиж байсан 3962 м.кв газрын хэмжээгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ болон гэрээг сунгахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Билиг ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/551 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэрэгт дараахь тайлбарыг гаргаж байна.

Билиг ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 329 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Удирдлагын академийн эзэмшил газраас 1489 м2, 2474 м2 талбай бүхий 2 нэгж талбар нийт 3962 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Билиг ХХК нь 2474 м2 газартаа 540 м2 суурийн талбай бүхий барилга барьсан бөгөөд 1489 м2 газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй Д.Сүхбаатарын дурсгалын хөшөө бүхий газар тул ямар нэг барилга, байгууламж бариагүй, тусад нь хашаагүй байсан байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5/215 тоот албан бичгээр Оргил рашаан сувилал ТӨХК-д хүргүүлсэн дүгнэлтэд тухайн байгууллагын орчмын газар нь Рашааны тухай хууль /2012 онд хүчингүй болсон/ болон бусад хууль тогтоомжид заасан рашааны ордын ариун цэврийн болон эрүул ахуйн хамгаалалтын бүсийг тогтоож, энэ бүсэд барилга, байгууламж барьсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай дүгнэлт гаргасан байдаг.

Билиг ХХК-ийн 2 нэгж талбар бүхий эзэмшил газар нь бүхэлдээ дээрх хамгаалалтын бүсэд байрлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатад хандсан 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15/148 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа рашааны ордын хамгаалалтын бүсэд байгаа 2474 м2 талбай бүхий газрыг 836 м2 болгож, 1489 м2 газрын хэмжээг хэвээр хугацаа сунгаж эзэмшүүлэх хүсэлт гаргасан байдаг.

Нийслэлийн Засаг дарга нь хүсэлтийг шийдвэрлэхдээ баригдсан барилгын сууриар 540 м2 газрыг Билиг ХХК-нд эзэмшуүлж, рашааны ордын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд орсон бусад газар, түүний дотор нийслэлийн өмчийн хөшөө бүхий газрын эзэмших эрхийн хугацааг сунгаагүй шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Усны тухай/2012 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.11, 22.15 дахь хэсэг, бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Билиг ХХК нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжийн Билиг ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эзэмшиж байсан 3962 м.кв газрын хэмжээгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ болон гэрээг сунгахыг даалгах гэж тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга Билиг ХХК-д 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр[1] захирамжаараа Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18643308196705 дугаар бүхий 1489 м.кв, нэгж талбарын 18643308095709 дугаар бүхий 2474 м.кв, хоёр хэсэг газраас бүрдэх нийт 3962 м.кв газрыг контор, сургалтын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Билиг ХХК нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж  ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн газрын албатай 2010 оны 05 дугаар сарын 24-ны өдөр газар эзэмших гэрээ[2] байгуулж, 0229306 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[3] авсан байна.

Харин нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжаар[4] 2010 оны 329 дүгээр захирамжийн Билиг ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 540 м.кв. газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Билиг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Нэг. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмшигч гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ирсэн нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна. Нөгөө талаар Билиг ХХК-ийг эзэмшил газраа өөрийн мэдэлд байлгахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан эсэх тал дээр хариуцагч маргаагүй болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нь эрхийн доголдолгүй, хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Газрын тухай хуулинд "газар эзэмших эрх дуусгавар болгох" эсхүл "газар эзэмших эрхийг хүчингүй болгох" гэсэн газар эзэмшигчтэй газрын харилцааг таслах хоёр ойлголтыг зохицуулж өгсөн бөгөөд эзэмшиж буй газрыг багасгаж газар эзэмших эрхийг сунгана гэсэн зохицуулалт байхгүй гэж мэтгэлцээнээ үндэслэснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй бөгөөд дээрх мэтгэлцээнийг шүүхээс хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана, 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасны дагуу газар эзэмших гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлж ирсэн эзэмшигчийн газар эзэмших эрхийг захиргаа сунгах үүрэгтэй болно.

Хоёр. Хариуцагчийн зүгээс Усны газрын 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5/215 дугаар[5] дүгнэлт хүргүүлэх тухай албан бичигт Улаанбаатарын Оргилын рашааны ордын ариун цэврийн бүсийг одоо ашиглаж буй БИС-1, БИС-2 цооногоос Рашааны тухай хуулийн 8.1.2 /а/-д заасныг үндэслэн зурагт үзүүлсний дагуу газар зүйн цэгүүдээс 100 метрийн зайд тогтоох, Ашиглалтын цооногоос Рашааны тухай хуулийн 8.1.2 /г/-д заасны дагуу 250 метрээс доошгүй зайд хамгаалалтын бүсийг зурагт үзүүлсний дагуу тогтоох гэснийг үндэслэсэн байна. маргаан бүхий газар нь ариун цэврийн болон хориглолтын бүсэд хамаарч байгаа талаар эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн захиргааны актыг гаргасан гэснийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Усны газрын 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5/215 дугаар[6] дүгнэлт нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хүчингүй болсон Рашааны тухай хуулийг баримтлан гарсан бөгөөд 2012 оноос рашаантай холбогдсон харилцааг Усны тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ зохицуулж байгаа болно.

2012 оны Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10-т Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно, 22.10.1-д рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг 22.10.2-т хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд  200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг, 22.12. Рашааны хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 22.12.1 Рашааныг ашиглах зориулалттай барилга байгууламжийг хаягдал ус цэвэрлэх, зайлуулах байгууламжгүй барих гэж тус тус заажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03/1551 дугаар албан бичгээр[7] ...ариун цэврийн бүсийг рашааны эх үүсвэрээс 100 метрт тогтоон хашаажуулж, хориглолтын бүсийг ариун цэврийн бүсээс 200 метрт тогтоон тэмдэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна гэжээ. Энэхүү мэдэгдлийн дагуу цооногоос 100 метрийн радиуст тэгш 4 өнцөг бүхий хашаа барьж хамгаалалтанд авсан болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдож байна.

Иймд Билиг ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 18643308196705 дугаар бүхий газар нь рашааны орд, эх булгийн эргэн тойрон дахь эрүүл ахуйн болон хориглолтын бүсэд ороогүй, нэгж талбарын 18643308095709 дугаар бүхий газар нь эрүүл ахуйн бүсэд ороогүй харин хамгаалалтын бүсэд орж байгаа боловч Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.12 дахь заалт нь зохих зөвшөөрлийн дагуу баригдсан Оргил бүрэн дунд сургуулийн барилгад үйлчлэхгүй юм.

Түүнчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.14-т Рашааны дэглэмийг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заасны дагуу нь нийслэлийн Засаг даргын захирамжинд эрх бүхий яамнаас эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн тогтоосон шийдвэрийг үндэслээгүй байгаа нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжийн Билиг ХХК-д холбогдох хэсэг алдаатай гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, нийслэлийн Засаг дарга нь Билиг ХХК-ийн Оргил бүрэн дунд сургуулийн барилгын суурийн хэмжээгээр газар олгож бусад хамаарах хэсгийг хүчингүй болгосноор Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.6.3-т төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна гэх хуулийн шаардлагуудыг зөрчсөн байна.

Дүгнэхэд, хариуцагч нь зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж маргаан бүхий захиргааны акт гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд хангах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.6.3, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10.1, 22.10.2, 22.12.1, 22.14, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.7, 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 35 дугаар зүйлийн 35.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Билиг ХХКийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжийн Билиг ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эзэмшиж байсан 3962 м.кв газрын хэмжээгээр газар эзэмшүүлэх гэрээг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ

 

[1] Хавтаст хэргийн 76-р тал

[2] Хавтаст хэргийн 71-р тал

[3] Хавтаст хэргийн 37-р тал

[4] Хавтаст хэргийн 41-р тал

[5] Хавтаст хэргийн 86-р тал

[6] Хавтаст хэргийн 86-р тал

[7] Хавтаст хэргийн 84-р тал