Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 731

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-, М.Х-, З.Ц- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00409 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-, М.Х-, З.Ц- нарын хариуцагч М.Б-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид зарын дагуу автомашин худалдан авахаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М.Б-тай уулзаж, тэр өдрөө М.Б-аас 2005 онд үйлдвэрлэсэн, 43-99 УНК улсын дугаартай, ZZT2405048261 тоот арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, 01881110 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, тоёота примио маркийн, суудлын зориулалттай автомашиныг 7 100 000 төгрөгөөр худалдан авч, тухайн өдрөө 254 дугаартай нотариатаар гэрчлүүлэн худалдах-худалдан авах гэрээ байгуулан, дээрх автомашиныг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Авто тээврийн Үндэсний төв дээр очиж, Б.Э-ийн нэр дээр шилжүүлсэн. Дээрх автомашиныг хямд үнэтэй байсан учир хэдэн төгрөг нэмж зарах зорилгоор л худалдан авсан.

Б.Э- автомашиныг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Г.Гантүшид 7 900 000 төгрөгөөр худалдсан. Үүнээс хойш Г.Гантүш 2018 оны 8 дугаар сард уг автомашиныг доголдолтой /унасан, арал кузов нь гажилттай/ байна гэж Б.Э-д мэдэгдэж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01906 тоот шийдвэрээр автомашиныг биет байдлын доголдолтой гэж үзэн, Б.Э-эс 7 900 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Б.Э- бидний хувьд энэ автомашиныг доголдолтой гэдгийг хоёулаа мэдээгүй бөгөөд худалдагч бидэнд энэ талаар огт хэлээгүй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 7 100 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Тухайн доголдол нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасан заалтад хамаарахгүй бөгөөд мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт хамаарахгүй.

Хариуцагч М.Б- тухайн автомашиныг худалдах үед доголдлын талаар нэхэмжлэгч нарт хэлээгүй, нэхэмжлэгч нар нь техникийн мэдлэггүй учир тухайн доголдлыг мэдэх боломжгүй байсан. Г.Гантүшийг нэхэмжлэл гаргах үед ч доголдолтой гэдгийг мэдээгүй байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаар мэдсэн тул гомдлын шаардлага гаргах хугацааг энэ үеэс тоолох ёстой.

Тухайн автомашины үнийг нэхэмжлэгч Б.Э-ийн эхнэр З.Ц-ын дансаар төлсөн учир тэрээр хамтран нэхэмжилж байгаа. Мөн нэхэмжлэгч нар нь М.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах боломж байгаагүй. Хэрэв шүүхэд хандвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар шийдвэрлэх байсан учир тэд шүүхэд хандах ямар ч шаардлагагүй байсан бөгөөд шүүх маргааныг шийдвэрлээгүй байсан тул нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан гомдлын шаардлага гаргаагүй. Автомашины кузов нь бүхэлдээ гэмтэлтэй байсан учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь доголдолгүй зүйл худалдах ёстой, энэ үүргээ биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 7 100 000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч М.Б- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М.Х-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоёота премио маркийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгөтэй,          43-99 УНК дугаартай автомашиныг түүнд 7 100 000 төгрөгөөр худалдсан.

Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Надаас машин худалдан авах үед нь би М.Х-, Б.Э- нарт энэ машины үнэ хямд байгаа, учир нь өмнө нь бага зэргийн гэмтлийн улмаас засварт орж, будаг шунх хийлгэж байсан гэж хэлсэн. Тэд ч ийм бага зэргийн эвдрэлтэй байгаа тул хямд юм байна гэж ойлгоод хүлээн зөвшөөрөөд авсан. Би тухайн үед эд нар машин засч янзалдаг хүмүүс юм байна гэж ойлгосон. Тийм ч учраас машин бага зэрэг засварт орсон талаар тэд мэдэж байсан. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01906 дугаартай шийдвэрт Б.Эрдэнийн “...Бэрхсайхан гэдэг хүнээс худалдаж аваад 10-аад хоног гэр, ажил хоёрын хооронд унахад ямар нэгэн доголдол гараагүй” гэсэн тайлбарыг тусгасан байна. Би М.Х-, Б.Э- нарт уг машиныг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр худалдсан, тэд цааш нь иргэн Г.Гантүшид 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр худалдсан болох нь нэхэмжлэлд дурдсанаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нар автомашиныг хүлээн аваад эд хөрөнгийн биед байдлын болон эрхийн өөр доголдлын талаар тухайн үедээ гомдол гаргаагүй тул гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг доголдолтой гэж үзэхгүй.

Хариуцагч М.Б-ы хувьд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М.Х-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу тухайн автомашиныг 7 100 000 төгрөгөөр худалдсан талаар маргахгүй.

Нэхэмжлэгч нар нь автомашиныг худалдан авахдаа өөрсдөө унаж үзээд, болно гэж аваад цааш нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Г.Г-д үнэ нэмж, 7 900 000 төгрөгөөр зарсан. Г.Г 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандсан. Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гарсан техникийн шинжээчийн дүгнэлтэд тухайн автомашины биет байдлын доголдлын талаар тусгасан ба нэхэмжлэгч нар энэ талаар мэдсэн атлаа шаардлага гаргаагүй бөгөөд энэ үеэс 6 сарын хугацааг тоолсон ч хугацаа дууссан, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан 6 сарын дотор мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар шаардлагыг гаргах эрхтэй байсан, энэ эрхээ алдсан. Мөн тухайн доголдлыг мэдэх боломжгүй байсан гэдгээ нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нар тухайн үед автомашины доголдлыг шалгах, шалгуулах, оношлуулах боломжтой байсан, энэ үүргээ биелүүлээгүй цааш нь худалдсан. Доголдлын талаар М.Б-д мэдэгдсэн гэх баримт байхгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй. Доголдлын талаар мэдээд шүүхэд хандсан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар нэхэмжлэлийг татгалзах нь шүүхийн хэрэглэх зохицуулалт бөгөөд харин ч нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа тасалдах байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь шаардлага гаргаагүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б-д холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 7 100 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-, М.Х-, З.Ц- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч давж заалдах гомдолдоо: ... Иргэн Б.Э-ийн тайлбарыг өөр нотлох баримтуудтай харьцуулалгүй шийдвэрийн үндэслэл болгоод байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн газрын тодорхойлолтоор 4399 УНК улсын дугаартай автомашиныг 2017 оны 9 дүгээр сард Булган аймгийн Рашаант суманд авто осолд орсон дотор нь зорчиж байсан 5 настай зорчигч гэмтсэн талаар тодорхойлсон. Мөн М.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа М.Б- нь нэхэмжлэгч нарт зарахаасаа өмнө 43-99 УНК улсын дугаартай автомашиныг өөр хүнээс худалдан авсан, өөрөө бас доголдолтой талаар мэдээгүй гэж тайлбарласан. Дээрх тайлбаруудаас харахад М.Б- нь өөрөө тухайн автомашины доголдлын талаар мэдээгүй хэрнээ нэхэмжлэгч Б.Э-д хэлсэн гэж тайлбарлаж байгаа нь шүүгчийг төөрөгдүүлсэн, хэргийн бодит байдлыг нуун далдалж байгаа нь тодорхой байна.

Мөн хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт “М.Х-, Б.Э- нарт энэ автомашины үнэ хямд байгаа. Учир нь өмнө бага зэргийн гэмтлийн улмаас засварт орж будаг шунх хийлгэж байсан гэж хэлсэн байсан” гэх тайлбар нь уг автомашиныг ашиглах боломжгүй, рам кузов нь гэмтэлтэй ашиглалтын шаардлага хангахгүй, багаж, бүхээгт ус ордог талаар тайлбарлаагүй бага зэргийн будаг хийлгэсэн гэж доголдлын талаар нуун далдалсан нь тодорхой байна. Нэхэмжлэгч нар бага зэргийн гэмтлийн улмаас засварт орсон гэх тайлбарыг автомашинд үүссэн сэвний улмаас бага зэргийн будгийн засвар хийгдсэн гэж ойлгосон худалдагч ч ингэж ойлгогдохоор тайлбарласан болохоос онхолдож унаад бүхэлдээ гагнаас хийсэн, жолоодлого алдагддаг, тээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж тайлбарлаагүй талаар тайлбарлаж байна. Мөн нэхэмжлэгч Б.Э- нь “Улаанбаатар такси трансфорт сервис” ХХК-д ажилладаг автомашин засаж зардаг иргэн биш. Тухайн үед өөрт байсан бэлэн мөнгөө худалдаанд эргэлдүүлж бага хэмжээний ашиг олох л зорилгоор хямд автомашин авч байсан. Өөрөө автомашин сайн мэдэхгүй учраас хамт ажилладаг М.Х- гэх хүнтэй хамт үзэж авсан М.Х- нь авто засварын талаар мэдлэггүй хүн гэдгээ тайлбарласан.

Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар зэргийг нягтлан хэргийн бодит байдлыг буюу доголдолтой тээврийн хэрэгслийг худалдагч шилжүүлснийг тогтоож үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Шүүх гомдлын шаардлага гаргах хугацааны талаар дүгнэлт хийхдээ “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаанд доголдолтой холбоотой гэрээг цуцлах шаардлагыг хариуцагч М.Б-д холбогдуулан гаргаагүй энэ хугацааг хэтрүүлсэн байна” гэж үзжээ.

Г.Г нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б.Э-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд 43-99 УНК улсын дугаартай автомашины гэмтэлтэй эсэхийг хариуцагч Б.Э- мэдээгүй. Тиймээс тухайн үед Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй маргалдаж шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шинжээчийн дүгнэлт буюу “Б” ХХК-ийн “хойд тэвш гулзайсан, тэнхлэг тохиргоо алдаатай, зүүн хойд хаалганаас зүүн урд хаалга хүртэл гагнаастай, кабин гажилттай, баруун урд талын баганаас дээвэр хүртэл 40 см гагнаастай, урд салхины шил дагуу баруун талын баганаас зүүн талын багана хүртэл 110 см гагнаастай, баруун хойд талын крыло гагнаастай, копут нугас гажилттай, копут бүрэн хаагддаг, багажны цоож гажсан, дутуу хаагддаг, кабинруу ус ордог, урд салхины шил дагуу баруун талын баганаас зүүн талын багана хүртэл гагнаасаар ус орж байна” гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт гарснаар тухайн автомашин эвдрэлтэй байж магадгүй гэж мэдэгдсэнээс хэнээс хэнд шилжих үедээ гэмтэлтэй байсан нь тодорхойгүй байсан. Харин тухайн үед Г.Г-ийг уг автомашиныг эзэмших хугацаанд гэмтэл учруулсан эсэхийг тодруулахаар 2019 оны 10 дугаар сард тээврийн цагдаагийн албанаас тодорхойлолт авснаар Г.Гантүш тухайн автомашиныг доголдолтой болгоогүй гэдэг нь тодорхой болсон. Иймээс 2019 оны 10 дугаар сар хүртэл тухайн автомашины доголдлыг мэдэх боломжгүй байсан. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тухайн автомашины доголдлын талаар шинжээчийн дүгнэлтийн эсрэг буюу доголдолгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр гаргасан бол Б.Э- нь М.Б-д хандаж нэхэмжлэл гаргах шаардлагагүй байх байсан иймээс шаардах эрх үүсэх хугацааг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолох нь бодит байдалд нийцэхээр харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт гомдлын шаардлага гаргах хугацаа заасан байгаа ч энэ хугацаанд доголдлыг илрүүлээгүй буюу мэдээгүй бол дээрх хугацаа тоологдохгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор байна. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлагын хариуг авснаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

            Нэхэмжлэгч Б.Э-, М.Х-, З.Ц- нар нь хариуцагч М.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 7 100 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай” гэрээгээр хариуцагч М.Б- нь өөрийн өмчлөлийн 43-99 УНК улсын дугаартай, тоёота премио маркийн 2005 онд үйлдвэрлэсэн, мөнгөлөг өнгөтэй, 01881110 тоот гэрчилгээтэй, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч М.Х-т 7 100 000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч Б.Э- нь гэрээний дагуу       7 100 000 төгрөгийг эхнэр З.Ц-ын данснаас М.Б-ы Хаан банкны 5900303278 дугаар данс руу шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. /хх 6, 8, 54/

 

Нэхэмжлэгч М.Х- нь автомашиныг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.Эрдэнийн нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.Э- болсон байна.

 

Нэхэмжлэгч М.Х-, хариуцагч М.Б- нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ харилцан гүйцэтгэж, гэрээ бодитоор биелэгджээ.

 

Б.Э- нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр автомашиныг Г.Г-д 7 900 000 төгрөгөөр худалдсан байна.

 

Худалдан авагч Г.Г нь тухайн тээврийн хэрэгслийн биет байдлын доголдолтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар шүүх 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01906 дугаартай шийдвэрээр Б.Э-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 7 900 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. /хх 7, 9-10/

 

Уг шийдвэрт зохигч давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон ба маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй, биет байдлын доголдолтой болох нь “Б” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 206 дугаартай оношлогооны тодорхойлолт, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Хариуцагчийн шүүхийн шийдвэр гарснаар автомашины доголдолтой болохыг мэдсэн гэх татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Гэрээний зүйл болох автомашин нь ашиглах боломжгүй байвал худалдан авагч нь худалдагчид холбогдуулан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор энэ талаар шаардлага гаргах, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нар нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Дээрхээс үзвэл худалдан авагч тал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар доголдлыг мэдэх боломжтой байхад автомашиныг хүлээж авсан, мөн доголдлын талаар шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.

 

            Шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож, маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00409 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ