Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/00942

 

“Рилайнс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01897 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 964 дүгээр магадлалтай,

“Рилайнс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ц.Манлай, Л.Жаргал нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 31.669.164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Л.Жаргал, хариуцагч Ц.Манлайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Л.Жавзмаа нарын шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Л.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Рилайнс ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Жаргал, Ц.Манлай нар 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Рилайнс” ББСБ-аас 19.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар зээлийн барьцаанд Ц.Манлайн эзэмшил өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгатын 21 дүгээр байрны 62 тоот хаягт байрлах 16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тавьсан. Гэрээний хугацаанд зээлийн хүүгийн зарим хэсгийг төлж үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний хугацааг сунгахыг хүссэний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулж хугацааг нь 14 сараар сунгасан. Гэвч дахин хугацаа сунгах хүсэлт гаргаж 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн боловч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 19.000.000 төгрөгийг 23 cap ашигласан байна. Зээлдэгч зээлийн гэрээний 1.11-д зааснаар зээл, хүүг графикт хугацаанд төлөөгүй нөхцөлд энэ үүргээ биелүүлэх хүртэл хугацаанд гэрээгээр тохирсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч 8.449.340 төгрөг төлж 9.030.650 төгрөгийн хүү төлөөгүй байна. Иймд гэрээний заалт ёсоор 1.806.130 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг давхар үүсч байна. Гэтэл дээрх 8.449.340 төгрөгийн хүүг хугацаа хожимдуулж төлснөөс 1.633.424 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсч байна. Иймд дээрх зээлдэгч нараас үндсэн зээл 19.000.000 төгрөг, зээлийн хүү 9.030.650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.486.504 төгрөг нийт 31.669.164 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Манлай, Л.Жаргал нар шүүхэд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийн төлбөрт 19.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 9.030.650 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.486.504 төгрөг, нийт 31.669.164 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлдэгч  19.000.000 төгрөг хүлээж авсан үйл баримтын талаар маргахгүй,  харин зээлийн хүүгийн төлбөрт 8.449.340 төгрөг төлсөн гэтэл нэмж 9.030.650 төгрөг шаардаж байна. Ингээд тооцоод үзвэл хүүгийн төлбөрт л гэхэд нийт 17.479.990 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 9.030.650 төгрөгийн хүүнээс гадна төлчихсөн байгаа 8.449.340 төгрөгт мөн давхар нэмэгдүүлсэн хүү тооцсон байна. Бид 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн графикийг буюу 21.281.000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээний 1.3.2-т зээлийн хүүг 4 хувь гэж заасан атлаа 1.6-д 4.8 хувь байхаар заасан. Тэгээд хүүгээ хэрхэн тооцсон тооцоогоо гаргадаггүй. Бидний хувьд 4.8 хувийн хүү тооцоод түүндээ дахин 0.8 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож байна гэж ойлгоод байна. Түүнчлэн гэрээний 1.5-д нэмэгдүүлсэн хүү гэж байдаггүй. Иймд зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тохироогүй гэж үзэх үндэстэй байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас санхүүгийн баримт өгөөгүй, гагцхүү өөрөө бодож гаргасан тооцоог л өгсөн байдаг. Бидний хувьд төлбөр төлж байсан бөгөөд гэрээг сунгагдах бүртээ дүгнэгдээд явсан гэж ойлгож байна. Дээр дурдсан гэрээний заалтууд нь Иргэний хуулийн 451.1, 451.2, 451.3-т заасныг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус заалтууд учир нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Зээлдэгч нь 8.449.340 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлсөн. Иймд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлбөрийг л төлөхийг зөвшөөрч бусдыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01897 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хариуцагч Л.Жаргал, Ц.Манлай нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 19.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 9.030.650 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.824.000 төгрөг, нийт 29.854.650 төгрөгийг гаргуулан “Рилайнс” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.814.514 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316.296 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Л.Жаргал, Ц.Манлай нараас 302.663 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Рилайнс” ББСБ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 202.989 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч “Рилайнс” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 964 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01897 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “29.854.650 төгрөгийг” гэснийг “28.942.660 төгрөгийг” гэж, “1.814.514 төгрөгт” гэснийг “2.726.504 төгрөгт” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Жаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.144 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Жаргал, хариуцагч Ц.Манлайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Л.Жавзмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргасан 964 дүгээр “Магадлал”-ыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх: “Рилайнс ББСБ” ХХК 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Л.Жаргал, Ц.Манлай нартай 19.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлбэл нэмэгдүүлсэн хүү төлөх тухай зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд ...” гэж дүгнэжээ. Хариуцагч нь зээл олгогдсон өдрөөс эхлэн хүү, нэмэгдүүлсэн хүүг давхар төлж байсан ба нэхэмжлэгч нь хугацаандаа хүүгээ төлж байхад хамтатган нэмэгдүүлсэн хүү төлүүлж байсан учраас шүүхэд хүү төлсөн баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан. Учир нь дээрх байдал хэдий хугацаанд үргэлжилсэн нь тодорхойгүй, хүү, нэмэгдүүлсэн хүүг яаж тооцож гаргаад нэхэж байгаа нь ойлгомжгүй, сар бүр нэмэгдүүлсэн хүүг давхар тооцож авч байсан атлаа ялгаж салгаж тооцохгүйгээр шууд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 31.669.164 төгрөг нэхэмжилж байгаа нь хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй байдал үүссэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нотлох баримт болох зээлдэгчийн карт, санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй нь ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 37 тоот Зээлийн гэрээний 1.3.2, 1.5, 1.6 дахь заалтууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хуулийн шаардлагад нийцээгүй давж заалдах шатны шүүх “... 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 8.449.340 төгрөгийн хүү төлсөн” талууд маргаагүй гэжээ. Зээлийн гэрээний дээрх заалтуудын утга агуулгаас зээлийн үндсэн хүүгийн төлбөр 4 хувь, нэмэгдүүлсэн хүү нь түүний 20 хувь буюу гүйцэтгээгүй үндсэн зээлийн 0,8 хувь байхаар харилцан тохиролцсон мэт боловч төлсөн гэх 8.449.340 төгрөг нь хүүг 4,8 хувиар, дээр нь 0,8 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож төлүүлсэн асуудлыг аль ч шатны шүүх авч хэлэлцээгүй юм.

Нэхэмжлэгч “Рилайнс ББСБ” ХХК нь шүүхэд санхүүгийн баримтгүй, зээлдэгчийн гарын үсэггүй тооцооны хүснэгтийг шүүхэд ирүүлсэн нь хэрэгт авагдсан байдаг. Энэхүү тооцооны хүснэгтээр үндсэн хүүгээс бус зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх тухай гэрээний зохицуулалтыг анхан шатны шүүхээс тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгтэй нийцсэн гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Зохигчид зээлийг буцааж төлөх хугацааг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэж харилцан тохиролцсон тул хариуцагч нь зээл 19.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрөн харин зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх гэрээний заалт нь хууль нийцэхгүй зөрчилтэй байх тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд “Зээл” гэсэн үүднээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар хүү 4.560.000 төгрөгийг хасч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/01897 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 964 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн холбогдох заалтуудад нийцүүлэн нэмэгдүүлсэн хүүг зөв тооцон анхан шатны шүүхийн шийдвэрт төлбөрийн хэмжээний талаар өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Ц.Манлай, Л.Жаргал нар нэхэмжлэгч “Рилайнс ББСБ” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 19.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлж авсан ба  зээл төлөх хугацааг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Банк,  зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч нар үндсэн зээл 19.000.000 төгрөг, гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 17.480.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 912.000 төгрөг төлөхөөс буцааж төлсөн 8.449.340 төгрөгийг хасч үлдэх 28.942.660 төгрөг төлөх үүрэгтэй  гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-г зөрчөөгүй байна.

Хариуцагчийн төлсөн 8.449.340 төгрөг нь гэрээнд заасан сарын 4 хувиар 2013 оны 10 дугаар сарын 28-наас 2014 оны 04 дүгээр сарын 28-ны хүртэл төлөх зээлийн хүү байх тул нэмэгдүүлсэн хүүг хамт төлсөн, зээлийн сарын хүүг 4.8 хувиар тооцсон гэх хариуцагч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг  давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй  орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 964 дүгээр магадлалын 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01897 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Жаргал, Ц.Манлай нараас 28.942.660 /хорин найман сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Рилайнс ББСБ” ХХК-д олгож нэхэмжлэлээс 2.726.504 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 87.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ