Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 335

 

Ж.Д-ын нэхэмжлэлтэй,

ХЗДХС-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                          Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:             Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0208 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0302 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энх-Эрдэнэ,

Нэхэмжлэгч Ж.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0208 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-аас ХЗДХС-д холбогдуулан гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0302 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Ж.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0208 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0302 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4. Ж.Д- миний бие анхан шатны шүүхэд тайлбар болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа өөрийн нотариатаар 10 жил ажиллахдаа гаргаж байсан алдаа дутагдлаа бүгдийг нь үнэн зөвөөр тайлбарлаж ирсэн.

5. Анхан шатны шүүх нь нотлох баримт цуглуулахдаа миний нийт ажилласан хугацааны нотлох баримтаас зөвхөн 5 удаагийн сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн нотлох баримтыг цуглуулсан байсан. Хэдийгээр миний зүгээс нотлох баримт өгөх үүргийг хүлээдэг ч гэсэн шүүхээс нотлох баримт гаргуулахдаа мэтгэлцэх хэмжээний нотлох баримт гаргуулаагүй болохоор нотлох баримт хангалттай хэмжээнд цуглаагүй хэмээн үзэж байгаа. Би Монголын Нотариатчдын танхимын Сахилгын зөвлөлийн хурлын тэмдэглэлд авагдсан шиг гэм буруутай үйлдэл хийгээгүй ба нотариатын үйлдэл хийх эрхийг хураан авах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа болно. Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс нотариатч Ж.Д-ыг гэм буруутай хэмээн тодорхойлсон дүгнэлт авагдсан байгаа. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн Хуулийн Арванзургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг ноцтой зөрчиж дүгнэлт гарсан. Энэ гэм буруутай хэмээн заасан дүгнэлтийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд зөв хэмээн дүгнэж, нотариатын эрхийг хүчингүй болгосныг Ж.Д- миний бие өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

6. Мөн анхан шатны шүүх нь Монголын Нотариатчдын танхимын гаргасан гэм буруутай үзсэн гэх үндэслэлийг засаж өөрийн шийдвэртээ “...Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь аливаа иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрхгүй ч Ж.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд бус харин нотариатын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм, журмыг зөрчсөн буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна” хэмээн дүгнэжээ. Энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх засаж залруулаагүй нь хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байгаа болно.

7. Анхан шатны шүүхээс намайг 2009 оноос хойш удаа дараа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, жил дараалан сахилгын шийтгэл авч байсан хэмээн дүгнэлт хэсэгтээ оруулсан байна. Хуульд хөөн хэлэлцэх хугацааг тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд дээрх сахилгын шийтгэлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан болно. Хэт нэг талыг харахаар он дараалан шийтгэл авсан гэж харагдсан байна. Сүүлийн сахилын шийтгэлийн нь ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ойлгож байна.

8. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөв үнэлж дүгнэсэн, маргааны үйл баримтад хамаарах Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

10. Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.Д-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаал Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д “нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн”, 54 дүгээр зүйлийн 54.3-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасантай тус тус нийцжээ.

11. Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Монголын нотариатчдын танхимд ирүүлсэн саналыг үндэслэн Ж.Д-ын үйл ажиллагаанд хийгдсэн шалгалт, үүний дүнг хэлэлцсэн тэмдэглэл, Хан-уул, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 24, 5/219 дүгээр мэдэгдлүүд бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь нотариатчаар ажиллах хугацаандаа хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, зааврыг удаа дараа зөрчиж, Нотариатын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д ”Нотариатч нь нотариатчийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно” заасныг хангаж ажиллаагүй болох нь тогтоогдсон байна.

12. Мөн Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Ж.Д-д “сануулах” сахилгын шийтгэл хүлээлгэж байжээ.

13. Дээрхээс үзвэл Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулсан нь 2017 оны 09 сард Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн саналын дагуу хийгдсэн шалгалтын дүнг үндэслэсэн, тэрээр 1 жилийн дотор сахилгын зөрчил давтан гаргажээ.

14. Түүнчлэн нэхэмжлэгчийн нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасан “нотариатч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэх үндэслэлээр бус, харин 18.1.6-д “нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэж заасныг үндэслэл болгосон байна.

15. Иймээс “...нотлох баримтыг цуглуулаагүй, ...ноцтой зөрчил гаргаагүй, ...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй байхад “гэм буруутай” хэмээн дүгнэсэн, ...сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0208 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0302 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ