| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04411/И |
| Дугаар | 182/ШШ2024/03482 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2024/03482
| 2024 08 27 | 182/ШШ2024/03482 |
|
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух, Э овогт Л-ийн *******/РД:*******/-гийн хүсэлттэй,
Улсад ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.*******гоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд 09 сарын дундуур анх ******* сувилалд угаагчаар орж ажилласан. Дараа нь ******* комбинатад 1986.08.15-наас лаборантаар ажилласан. Ингээд 1989.01.16-наас ******* ресторанд сав угаагчийн ажилд ороод 1998 он ажилласан юм. Надад анх хөдөлмөрийн дэвтэр байсан боловч нүүдэл хийх үедээ охиныхоо төрсний гэрчилгээтэй хамт хаяж үрэгдүүлсэн, түүнээс хойш олдоогүй юм. Одоо би шүүхээр тогтоолгох гэж байгаа хугацаа маань 1991.01.01-нээс 1995.01.01-нийг хүртэл ******* ресторанд үйлчлэгч, сав угаагчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлттэй байна. Энэ хугацаанаас өмнөх хугацаа надад одоогоор баримт олдохгүй байгаа тул тогтоолгох боломжгүй байна. Харин дээрх үйлчлэгчээр ажилласан гэдгийг манай байгууллага нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлсөн гэсэн лавлагаа гарсан, мөн хамт ажиллаж байсан ахлах тогооч байсан *******, угаагч хийж байсан ******* нар гэрчилж байгаа. Мөн хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ буюу *******, ******* нартай авхуулсан 1994 оны гэрэл зураг байгаа. Эдгээрээс өөр баримт олдохгүй байна. ******* мөн ажиллаж байснаа шүүхээр тогтоолгосон байдаг. Байгууллагын баримтууд архиваас олдохгүй байдаг. Надад шагнал урамшууллын баримт байхгүй. Иймд эдгээр баримтуудаар миний 1991.01.01-нээс 1995.01.01-нийг хүртэл хугацаад ******* ресторанд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн болохоор надад улсад ажилласан жилээ тогтоолгох боломжгүй болоод байна, мөн байгууллага архивт баримтаа өгөөгүйгээс баримт олдохгүй байна. Би өмнө нь ямар нэгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаагүй. Охин *******, хүү нартаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 2010 оноос авч байсан, хүүхдүүд насанд хүрч зогсоогдсон.
Иймд дээрх баримтуудаар миний 1991.01.01-нээс 1995.01.01-нийг хүртэл хугацаанд үйлчлэгч угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Л.*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.07.09-ний өдрийн 244 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Үндэсний төв архивын болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтууд, иргэн *******, ******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, ******* хотын Сүхбаатарын районы Нийтийн хоолны трестийн даргын 1980.07.04-ний өдрийн 121 тоот Сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаал, хавсралт, 1986.04.15-ны өдрийн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа *******ын *******, консервын комбинатын даргын 1986.04.15ны өдрийн 230 тоот Ажилд томилох, ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, хавсралт, 1994 онд хамт ажилласан хүмүүстэй авахуулсан гэрэл зураг, *******ийн улсад ажилласан байдал тогтоолгосон тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 779 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг гаргасан.
3.Тус шүүхийн шүүгчийн 2024.08.12-ны өдрийн 13510 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.08.14-ний өдрийн 4/10058 тоот албан бичгээр ирүүлсэн Л.*******гийн хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд болох 186, 3617 дугаартай Төрөгсдийг бүртгэх анкет-ууд, 068 дугаартай БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1А, 7 дугаартай Хаягийн хуудас, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21, 105 дугаартай Гэрлэснийг бүртгэх анкет, садан төрлийн лавлагаанууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024.08.15-ны өдрийн 03/1709 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, гэрч *******, ******* нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд ...үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд Л.******* нь өөрийн улсад ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй нь тогтоогдож байх тул шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Л.******* нь 1991.01.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл хугацаанд ******* ресторанд үйлчлэгч /угаагч, зөөгч/-р ажиллаж байсан үйл баримт нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.07.09-ний өдрийн 244 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа-нд Л овогтой ******* ажиллаж байсан ******* ресторан нь1991.1994 онд шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-р тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэсэн, 105 дугаартай Гэрлэснийг бүртгэх анкет-д ...1991.02.11...Л *******...ажилладаг байгууллага: ******* ресторанд зөөгч... гэж, 186 дугаартай Төрөгсдийг бүртгэх анкет-д ...Эх...Л *******...ажилладаг байгууллага: ******* ресторан...эрхэлдэгч ажил: Зөөгч... гэж тус тус бичигдсэн байдал, гэрч *******, ******* нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3.Иймд Л.*******г 1991.01.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл хугацаанд ******* ресторанд үйлчлэгч /угаагч, зөөгч/-р ажиллаж байсныг тогтоож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан Эрдэнэт овогт Л-ийн ******* /РД:*******/-г 1991.01.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл хугацаанд ******* ресторанд үйлчлэгч /угаагч, зөөгч/-р ажиллаж байсныг буюу улсад 04 жил ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА