| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00361/И |
| Дугаар | 129/ШШ2024/00358 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 129/ШШ2024/00358
|
|
129/ШШ2024/00358 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ж сумын ....тоотод оршин суух Д овогт Н.Бы хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Н.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Н.Б миний бие 1968 онд төрсөн. Миний бие 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авч байсан бөгөөд аймгийн Нийгмийн даатгалын газраас 1989-1997 оны ажилласан жилийнхээ лавлагааг авч ир тэгэхгүй бол тэтгэврийг зогсоож, төлбөр тавьлаа гэж мэдэгдсэн. Уг нь хөдөлмөри*йн дэвтэрт тухайн үеийн дарга гарын үсэг зурж тамга зассан. Түүнийг нь 2 удаа нийгмийн даатгалаас баталгаажуулсан байдаг. Гэтэл үүнийг баримт болгохгүй, заавал лавлагаа авч ир гэж чирэгдүүлж байна. Аймгийн Архивын тасгаас лавлагаа авах гэсэн боловч гарахгүй байна гэсэн хариу өглөө. Төрөөс олгосон 1990-2000 оны нөхөн даатгалд 1990-1997 онд ажил хийж байсан гээд дутуу бөглөж өгсөн. Ингээд миний бие тэтгэвэрээ авч чадахгүйд хүрэх, цаашлаад тогтоосноос хойших тэтгэврийг нөхөн төлж хохироход хүрээд байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж байна. Иймд миний 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний хооронд А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд цахилгааны техникчээр, 1990 оны 05 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд А аймгийн Ж суманд Эрчим хүчний салбарт нягтлан бодогч байцаагчаар ажиллаж байсан байдлыг 379267 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 319534 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажуулалтын хуудас зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
-Хүсэлт гаргагчийн Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний Ж салбарт цахилгааны техникчээр ажиллаж эхэлсэн. 1992 онд Эрчим хүчний яамны тушаалаар уурын зуух, цахилгаан станц нь А аймгийн Нэгдсэн үйлдвэрийн харьяа болж, Ахуй үйлчилгээ нь салж тусдаа үйл ажиллагаа явуулдаг болсон. Ингээд ажиллаж байгаад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан. А аймгийн Нийгмийн даатгалын газар энэ хугацаанд ажиллаж байсныг нотлох лавлагаа болон ажилд орсон, гарсан тушаал нь хэрэгтэй гэж хэлэхэд нь А аймгийн Архивын тасгаас шүүлт хийхэд ажиллаж байсан байдалтай холбоотой лавлагаа, баримт гарч ирээгүй тул шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Иймд миний 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний Ж салбарт цахилгааны техникчээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд А аймгийн Ж сумын Эрчим хүчний салбарт байцаагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ... Хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн буюу А аймгийн Ж сумын Эрчим хүчний салбар нь зөв. ... Би 2024 оны 03 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Би өндөр насны тэтгэврийн мөнгөө авч байгаа гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгарваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь 2024 оны 03 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Манай байгууллагын дотоод аудит, хяналтын тасаг хяналт шалгалт хийгээд Н.Бы 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс А аймгийн Ж сумын Эрчим хүчний салбарт байцаагч, нягтлан бодогчоор ажиллаж байсан талаар нэмэлт баримт бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Ингээд энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг нь нотлох лавлагаа, баримт А аймгийн Архивын тасгаас гараагүй тул шүүхэд хүсэлт гаргасан байна. Н.Б нь 27 жил 7 сараар өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. 21 жил ажилласан буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан байгаа. Хүсэлт гаргасан хугацаа нь тооцогдсон. Манай байгууллагын зүгээс нэмэлт баримт шаардсан юм. Хяналтын байцаагчийн дүгнэлтээр нэмэлт материал бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Мөн тухайн баримт нь А аймгийн Архивын тасгаас гарахгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн зөвлөгөө өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт шалгалт хийдэг. Энэ хяналтын шалгалтаар Н.Бы хүсэлт гаргасан хугацааны лавлагааг нэмэлтээр авах шаардлагатай гэж үзсэн. Н.Бы хөдөлмөрийн дэвтэр дээр 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь гарсан байхад А аймгийн Ж сумын Эрчим хүчний ажилд авсан өдөр нь 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэж бичилт хийгдсэн зөрчил үүссэн байгаа юм гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас:
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар тодорхойлолт,
-1989 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Н.Бы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Н.Бы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон Н.Бы нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-А аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 129/ШЗ2024/01369 дугаар захирамж,
3. Хүсэлт гаргагч Н.Бы хүсэлтээр Ю.Э, Л.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/618 тоот тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Бы А аймгийн Ж сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахилгааны техникчээр, А аймгийн Ж сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогч, байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Н.Б нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Ж сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахилгааны техникчээр, А аймгийн Ж сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогч, байцаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “...Ж сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн баримт шилжиж ирээгүй, А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн 1990-1996 оны баримтыг шүүн үзэхэд Н.Бд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 482 тоот тодорхойлолт,
-379267 дугаар 1989 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Н.Бы хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “...1989.04.25 -нд НАААҮ төвийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 тоот тушаалаар сургууль төгсөж хуваарь авч томилолтоор ирсэн тул 201/89-ийг үндэслэн цахилгааны техникчээр ажиллуулав. ...1990.05.06-нд НАААҮ төвийн даргын 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05 тоот тушаалаар 1990 оны СНЗ-н 142 дугаар тогтоолоор НАААҮ төвийн ... салбарыг эрчим хүчний системжүүлж байгаатай холбогдуулж аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв. 1990.05.01-нд А аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 111 тоот тушаалаар Ж сумын Эрчим хүчний салбарт нягтлан бодогч, байцаагчаар авч ажиллуулав...” гэх,
-319534 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт “...Н.Б, дэвтэр олгосон: 1995.01.01, Ажилласан аж ахуй нэгж байгууллагын нэр: Ж сумын Эрчим хүчний салбар, Эрхэлж байсан ажил, албан тушаал: байцаагч, Ажилд орсон он, сар, өдөр: 1990.05.01, Ажлаас гарсан он,сар, өдөр: 1996.01.01 ...” гэх,
- БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харъяа А аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд авах тухай” 3 дугаар тушаалын хуулбар, түүний хавсралтад “... БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142 дугаар тогтоолоор НАААҮ-ний газрын харьяаны уурын зуух, дизель станц тус үйлдвэрт шилжиж ирсэнтэй холбогдуулан Ж, Цэцэрлэг, Цэнхэр, Чулуут, Тариат, Эрдэнэмандал, Хашаат, Хотонт, Өгийнуур, Булган, Ихтамир, Өндөр-Улаан суманд ажиллах уурын зуухны ажилчдыг хавсралтаар авч ажиллуулсугай..., 3 дугаар тушаалын хавсралт: ... 2. М.Н.Б, байцаагч, нярав ...” гэх,
-Н.Бы тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1997 оны 4 дүгээр сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан болон тэтгэвэр тогтоолгож байсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/505 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “... Тус захирамжийн дагуу манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын А аймгийн бүртгэлийг шүүж үзэхэд Н.Бд холбогдох тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 02/618 тоот тодорхойлолт,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Ю.Энхсайханы “...Би 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний төвийн харъяа Ж сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1989 оны 10 дугаар сард цахилгаанчнаар ажилд орж 1997 он 11 сар хүртэл ажилласан. Намайг анх ажилд ороход Н.Б техникчээр ажиллаж байсан, техникум төгссөн охин байсан. 1990 онд А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт бүтцийн өөрчлөлт орж дулаан,цахилгаан эрчим хүч салсан. Тэр үеэс А аймгийн Ж сумын Эрчим хүчний салбар болсон. Эрчим хүчний салбарт Н.Б нь байцаагч, нягтлангаар ажиллаж байсан. 1997 оноос сум нэгдсэн системд холбогдоод Н.Б ажиллахаа больсон. Ж сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв, Эрчим хүчний салбарын дарга Чулуунбаатар гэж хүн байсан, Нийтийн ахуй үйлчилгээний төв нь нийт 50-аад ажилтантай, Эрчим хүчний салбар 20 гаруй ажилтантай байсан. Ж сумын Нийтийн ахуй үйлчилгээний төв, Эрчим хүчний салбарт Н.Б нэртэй өөр хүн ажиллаж байгаагүй. Н.Б нь энэ хугацаанд тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,
- Гэрч Л.Батхуягийн “...Би 1989 оны 09 сараас 1996 он хүртэл А аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харъяа А аймгийн Ж сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд дизельчинээр ажиллаж байсан. Н.Б нь намайг анх 1989 онд тус байгууллагад ажилд ороход техникчээр ажиллаж байсан, намайг 1996 онд ажлаас гарахад ч ажиллаж байсан. А аймгийн Ж сумын Нийтийн ах ахуй үйлчилгээний газрын дарга Лувсанжамц гэж хүн байсан, нийт 20 гаруй ажилтантай байсан. Намайг ажпаас гарсны дараа А аймгийн Ж сумын Нийтийн ахуй үйлчилгээний газар нь Ж сумын эрчим хүчний салбар болсон. А аймгийн Ж сумын Нийтийн ах ахуй үйлчилгээний газарт Н.Б нэртэй өөр хүн ажиллаж байгаагүй”
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дархан овогт Н.Бы А аймгийн Ж сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахилгааны техникчээр, А аймгийн Ж сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогч, байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА