Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/327

 

 

 

 

      

    

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг,

Шүүгдэгч С.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.З-д холбогдох эрүүгийн 1738003040120 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.З нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Мөрөн-Хатгал чиглэлийн засмал зам дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Хьюндай эксел маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Э-г мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.З нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Мөрөн-Хатгал чиглэлийн засмал зам дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Хьюндай эксел маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Э-г мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Зын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би машинаа унаад Хатгалын замын дэргэд байдаг ШТС-ын тэнд явж байтал миний баруун гар талаас нэг хүн гэнэт гараад ирсэн. Би шоконд орсон учраас тоормос гишгэх боломж болоогүй тэр хүнийг мөргөсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-8 дугаар хуудас/,

Осол гарсан газар дээр хэмжилт хийсэн схем зураг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийг түр саатуулсан, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 14-16 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 18-21 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 24 дүгээр хуудас/,

      Хохирогч Х.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Манай нөхөр Б.Э- малчныхаа зээлийг хийхээр хүү Э-ын хамт Мөрөн явсан. 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Мөрөнгөөс гарах гэж байна гэж утсаар ярьсан.Тэгээд ирэхгүй удаад байсан. Тэгтэл 04 цагийн үед манай дүү Мөрөнгөөс ирээд осол болсон талаар хэлсэн. Оршуулгын үеэр нөхрийг маань дайрсан хүн ирээд бэлэн 1 сая төгрөг өгсөн... “ гэх мэдүүлэг,

        Гэрч С.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Мөрөнгөөс гараад Сод монголын ШТС өнгөрөөд явж байтал замын зүүн талаас гэв гэнэт нэг хүн гарч ирээд машины урд талаар мөргөх шиг болоход машины урд шил хагарсан. Тэгээд ах машинаа зогсоотол зам дээр хүн хэвтэж байхаар нь гүйгээд очтол нэг эрэгтэй хүн ёолоод байх шиг байсан. Тэгээд би ахынхаа гар утсаар эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-33 дугаар хуудас/,

        Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Сод монголын ШТС өнгөрөөд явж байтал миний машины түлш тасалдаад унтарчихаад байхаар нь хүчээр асаах гээд дараад байтал акумлятор суучихсан. Тэгээд замаас машинаа гаргаж зогсоогоод машинаа ухаад байж байхад аав зам тосч машин зогсооно гээд л зогсож байсан. Би машинаа ухаад байж байтал дүү аавыг машинд дайруулчихлаа гээд хашгираад ирэхээр нь хартал аав зам дээр хэвтчихсэн, наана нь нэг жижиг тэрэг зогсож байсан. Намайг гүйгээд очиход аавын толгойноос нь цус гарсан ухаагүй байсан. Тэгээд эмнэлэг ирээд аавыг аваад явсан би хамт явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,

        Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Э- ах машинаа унаад хатгалын замаар явж байтал Сод монголын ШТС өнгөрөөд машин тасалдаад асахаа байсан. Тэгээд замаас машинаа гаргаж зогсоогоод Энхбат ах машинаа ухаад байж байсан. Б.Э- ах болохоор машин зогсоогоод акумлятор олоод ирье гээд Мөрөнгийн чиглэлд алхаад явсан. Гэнэт тас хийх чимээ гарахаар нь машинаас буугаад иртэл Б.Э- ах газарт хэвтчихсэн, наана нь эксел маркийн машин зогсож байгаа харагдсан. Тэгээд яваад очиход Б.Э- ах ухаангүй байсан. Тэр машин дотроос гарч ирсэн хүний утсаар эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

       Шинжээч А.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, хурдаа хасаагүйдээ буруутай. Явган зорчигчийн тухайд өөрийгөө хянан жолоодох чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон, аюулгүй байдлаа хангалгүй зорчих хэсэг рүү орсон үйлдэлдээ буруутай байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 60 дугаар хуудас/,

        Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч  Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаартай дүгнэлтэд:

         1. Б.Э-ы биед гэмтэл тогтоогдлоо.

         2. Б.Э-ы биед хүзүүний 5,6-р нугалмын салсан хугарал, нугасны тасрал, олон хавирганы хугарал, зүүн атгаал ясны хугарал, баруун, зүүн шилбэ ясны далд хугарал, духны баруун хэсгийн хуйхан доторх цус хуралт, зудай, дух зүүн хацар, эрүү, баруун сарвуу, зүүн бугалга, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна.

        3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ.

        4. Дээрх гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн байна.

        5. Шинжилгээ хийх үед талийгаач нас бараад 10 орчим цаг өнгөрсөн байжээ.

        6. Шинжилгээгээр талийгаач Б.Э-ы биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

        7.  Б.Э- нь дээрх гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байжээ.

        8. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр батлагдаж байна.

        9. Зөөвөрлөсөн эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/,

  Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч  Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай дүгнэлтэд:

         1. Б.Э-ы биенээс авсан гэх цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрч байна.

         2. Цуснаас авсан 2.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 48 дугаар хуудас/,

       Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахмад                            А.Мөнх-Эрдэний 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн ....жолооч С.З нь аюул саад бий болох үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй шалтгааны улмаас осол гарсан талаарх... дүгнэлт /ХХ-ийн 52 дугаар хуудас/,

         Авто машин үнэлсэн тайлан /ХХ-ийн 56 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738003040120 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.З нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 78 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ... зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1738003040120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Зын ... дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 11 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Хьюндэй  эксел маркийн тээврийн хэрэгсэлийг хууль ёсны өмчлөгч С.Зод буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.З хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зод оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Зод хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн 1738003040120 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч С.Зын ... дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ... улсын дугаартай Хьюндэй эксел маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 10 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Хьюндэй эксел маркийн тээврийн хэрэгсэлийг хууль ёсны өмчлөгч С.З буцаан олгосугай.

     7.  Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР