Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/764

 

 

 

 

 

 

 

Б.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр, 

хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Солонго,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ц.Батбаярын нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Хт холбогдох 2205004070718 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн Б.Х, ....... оны ...... дугаар сарын ........-ний өдөр .................................. төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “............................ ажилтай, ам бүл .............................. хамт ..........................................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Х нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, найз Н.Бтэй харилцаа холбооны хэрэгсэл ашиглан утсаар ярьж “SPC” гэх койн авч өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 103 дугаар байрны 89 тоотоос шилжүүлсэн 7.100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031667074 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

Н.Бд “9.000.000 төгрөгийг сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлээч, ЕТН гэх койн авна” гэж итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 9.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031667074 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

“манай эгч 28.000.000 төгрөгийн зээлээ дараад, дараа нь 150.000.000 төгрөгийн зээл авах эрх үүсэхээр байна, одоо 11.000.000 төгрөг дутаад, зээлэх хэрэгтэй байна” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 3635145977 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

“NFT гэх койн худалдаанд гарах гэж байна, ашгаа 80/20 гэж хувааж авъя” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 15.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031667074 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

“цахимаар бүх төрлийн спортод бооцоо тавьдаг сайт байна, энд би өөрөө 30-40 хувийн өсөлт хийж чаддаг юм, чи 10.000.000 төгрөгийг уг бооцоонд оруулбал 12.000.000 төгрөг болгож өгье” гэж итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031667074 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

“би чиний өмнө өгсөн 10.000.000 төгрөг дээр 3.000.000 төгрөг нэмээд SPC койн аваад дарчихсан байгаа, одоо 5.000.000 төгрөг 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлээч” гэж итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031667074 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

“SPC гэх койн дахиад авъя, койноо хабынхаа данс руу хийгээд ханшийн зөрүүн дээр нэмж мөнгө олж болдог юм” гэж итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 12.000.000 төгрөгийг Хаан банкны 5041468747 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

“100.000 төгрөг зээлээч” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031667074 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

“400.000 төгрөг зээлээч” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031667074 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

“найзыгаа уучлаарай хадам аавдаа 30.000.000 төгрөгийн өртэй байснаа өгчихлөө, дахиад форексээс авах гэтэл би бичиг баримтаа гээчхээд авч чадахгүй байна, И Монголиа гэх апликейшнаас цахимаар иргэний үнэмлэхийн хуулбараа аваад форексээс мөнгөө татаж болдог юм байна” гэж итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 103 дугаар байрны 89 тоотоос шилжүүлсэн 11.100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031667074 дугаартай дансанд, 900.000 төгрөгийг бэлнээр тус тус авч залилан, нийт 81.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Хыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Б.Хт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас хохиролд 26.600.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Бд олгож, Б.Х энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Н.Б нь Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэст гомдол гарган Г-00353 дугаарт бүртгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 220500407 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн.

2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гэрч Ч.Баярмагнайгаас авсан мэдүүлэгт Б.Х нь 2021 он 9 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 65.000.000 төгрөг авсан тухай мэдүүлсэн боловч энэ талаар цаашид шалгуулах, тухайн зээлсэн 65.000.000 төгрөгийг нэхэмжлэх эсэх талаар огт тодруулаагүй, энэ талаар шалгаагүй нь хэргийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл болж байгаа.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б нь Б.Хыг бооцоот тоглоомонд тоглож байгааг мэдээгүй гэх боловч энэ тэдний цахим захидал буюу чатаар харилцсан харилцаагаар нотлогдож байгааг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй нь мөн хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай болохыг нотолно.

Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хууль сануулан авсан мэдүүлэг 220500624 хэргийн дугаартай, мөн хохирогчийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хууль сануулан авсан мэдүүлгүүд нь 220500407 хэргийн дугаартай байгаа нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар Б.Хыг татсан 22055004070718 дугаартай хэрэгт авсан мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгт зайлшгүй ач холбогдол бүхий гэрчээс мэдүүлэг авахуулахаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах бас нэг үндэслэл болж байна.

Гомдолд хавсарган хүргүүлж буй хохирогч Н.Б болон холбогдогч Б.Х нарын хооронд бичигдсэн чат нь тэдний хоорондын харилцааг үнэн зөвөөр тодорхойлох, мөн хохирогч нь Б.Хыг түүнээс авсан мөнгөөр бооцоот тоглоом тоглож байсныг хангалттай нотолж байгаа юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Хт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогч Н.Бгийн өмгөөлөгч Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг үндэслэлгүй, хангах боломжгүй гэж үзэж байна. Давж заалдах гомдлын үндэслэлд дурдаж байгаа 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гэрч Баярмагнайгаас 65.000.000 төгрөг авсан асуудлыг шалгаагүй байна. 65.000.000 төгрөгийн асуудлын талаар яллах дүгнэлтийн 4 дэх талд Баярмагнай гэрчийн мэдүүлэг байдаг. Үүнд “мөнгөний хэрэг гарч 2021 оны 9 дүгээр сард 30.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 35.000.000 төгрөг авсан” гэж мэдүүлдэг. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолын 7 дугаар талд дурддаг. Н.Б нь дансанд хийсэн 7.100.000 төгрөгөөс Баярмагнай эгч рүүгээ 2.600.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг ээжийнхээ төрсөн дүү Баярмагнай гэдэг хүнд өрөндөө өгсөн. Баярмагнай, Б.Х нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байсан гэдэг нь нотлогддог. Шийтгэх тогтоолын 8 дахь талд Н.Бгээс авсан мөнгөнөөс 1.600.000 төгрөгийг Баярмагнай эгчийнхээ зээлийн данс руу шилжүүлсэн. Баярмагнай гэрчээр асуугдаж байхдаа ямар нэгэн гомдол гаргаж, хохирол учирсан талаар яриагүй. Шийтгэх тогтоолын 8 дахь талд 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөг хувьдаа зарцуулж Баярмагнайн дансанд 600.000.000 төгрөг өрөндөө өгсөн гэж зээлийн өр барагдуулж байсан талаараа хэлдэг. Хамтран оролцсон гэх тухайд шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт “бооцоот тоглоом тоглоно гэдэг асуудал байдаггүй юм. Н.Б хамт тоглоогүй, сэргэнэ гэдэг нь мөнгөө өгөөрэй” гэсэн утгатай гэдгээ хэлж байсан. Миний үйлчлүүлэгч койн авна гэдгээ сүүлд хэлсэн гэж тайлбарладаг. Тэгэхээр хамтран тоглосон гэдэг нь үгүйсгэгдэж байна. Шийтгэх тогтоолын 11 дүгээр талд шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлсэн үндэслэлүүдийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхэлж үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлт хийсэн байдаг. Өмгөөлөгчийн гаргасан прокурорт буцаах саналын тухайд, 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах боломжгүй болсон тул прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй. Харин сонгох санкцийг хэрэглэж өгнө үү гэдэг дээр хохирогчийн зүгээс саналгүй. Гомдолд дурдсан 700.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн хувьд авсан үндэслэл нь эргэлзээ төрүүлж магадгүй. Б.Хын итгэл үнэмшил төрүүлсэн байдал харагдаж байгаа. Цаашид койны харилцаанд ороход гар утас чинь гологдоно гэсэн байдлаар анх авч байсан. 700.000 төгрөгийн хувьд шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд найзууд байж, мөнгө өгч, авч зээлдэг харилцаа байсныг нотолж байна. Эдгээрийг үнийн дүнгээс хасахад хохирогчийн зүгээс саналгүй” гэв.

Хохирогч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна” гэв.

Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугаа хүлээж, хохирол төлбөр төлөхөө анхнаасаа илэрхийлж байсан. Өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдолд Баярмагнай гэдэг гэрчийн талаар дурдсан. Баярмагнай гэдэг хүн анхнаасаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Шүүгдэгчийн төрөл садангийн хүмүүс хоорондоо мөнгө зээлсэн асуудал байдаггүй. Баярмагнай гэдэг хүн гомдолтой, хохирсон гэж үзвэл гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Баярмагнайн өмнөөс шалгуулна гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг бүртгэлтийн хэргийн дугаараар бичигдсэн, алдаа гарсан гэж өмгөөлөгч ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгчийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол зэргийг хууль бус гэж үзсэн тохиолдолд л хүчингүй болгодог. Харин гэрчийн мэдүүлэгт хэргийн дугаар буруу бичигдсэн асуудал яригдаж байх бөгөөд үүнд мөрдөгч техникийн шинжтэй алдаа гаргасан. Гар утасны талаар мөрдөн байцаалтын шатанд яригдаж байгаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гар утасны талаар яригдаж байна. Ялын санкцийн хувьд анхан шатны шүүхээс шүүгдэгчид хамгийн бага хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох ялын хэмжээ нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гэж байгаа. Шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирлын хэмжээ дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгийн ялаас өндөр хохирол учруулсан. Нийтдээ 81.600.000 төгрөгийн хохирол учруулсан тул торгох ял оногдуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хооронд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, койн авч ашгаа хуваая, зээл авах эрх үүссэн боловч мөнгө дутаад байна, спортын бооцоонд цахимаар оролцож мөнгө өсгөж болдог, форексээс мөнгө татаж болдог зэргээр Н.Бг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон 81.600.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Бгийн “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.Х над руу утсаар яриад манай гэрийн гадаа уулзсан. Ингээд ярилцахад хувьцааны интернэт худалдаа хийж байгаа, одоо миний дансанд 100 мянган ам. доллар байна гэж яриад байсан. Надад яг мөнгөн дүнгээ бол харуулаагүй бөгөөд энийг хар даа гэж яриад байсан. Тухайн үед Б.Хын дансанд 100.000 ам.доллар байсан гэж ойлгосон. Надад хандан мөнгөө өсгөх боломж байна. Форекс буюу хувьцаа авч зардаг интернэт худалдаанд орвол 30-40 хувийн ашиг олох боломж байна гэсэн. Бас SPC, NFT гэх койн байна. Эдгээр койныг аваад цаашид үнэд хүргэж зарах ажил байна гэсэн. Энэ саналыг би сонсоод зөвшөөрсөн. ... Нийтдээ 81.600.000 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгөнөөс надад 25.000.000 төгрөг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 56.600.000 төгрөгөө авсан тохиолдолд гомдол санал байхгүй. Надад Б.Х сар бүр 2.000.000 төгрөг өгье, тохиролцъё гээд байгаа юм. ...” /хх 9-10/,

гэрч Д.Батхуягийн “...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай дүү Н.Б над руу залгаад манай найзад мөнгөний хэрэг гарчихаад байна, та надад хүүтэй мөнгө түр хугацаагаар зээлэх үү гэхээр нь би хэдэн төгрөг, хэдий хугацаанд зээлэх хэрэгтэй вэ гэтэл 9.000.000 төгрөг хэрэгтэй байгаа юм, түр хугацаагаар байхад болно, хэлж мэдэхгүй байна, 1 сар орчим болох байх гэхээр нь би за тэг тэг, ирээд миний картыг ирээд авчих, би шилжүүлж чадахгүй болохоор миний картыг аваад чи аваад өгчих гэсэн. Тэгээд тэр өдрөө Н.Б 21 дүгээр хороололд байрлах манай гэрт ирээд миний Хаан банкны 5137070090 дугаарын данстай виза картыг аваад явсан. Тэгээд удалгүй миний данснаас 9.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдлээ гэсэн мэдээлэл ирсэн. Би шилжүүлэг хийж чадахгүй байсан тул Н.Бг миний виза картыг ирж аваад мөнгөө шилжүүлээд өгчихөө гэж хэлсэн. ...” /хх 26-27/,

шүүгдэгч Б.Хын яллагдагчаар өгсөн “... Би Н.Бгээс авсан мөнгөнөөс хааяа нэг удаа л койн авсан. Тэгээд үлдсэн мөнгөөр нь өрөө дараад цахимаар бооцоот тоглоом тоглоод Н.Бд койн аваад дарчихсан байгаа, үнэ нь өсөхөөр зараад ашгаа олно гэж хэлээд мөнгө авдаг байсан. Би өөр хүнээс мөнгө авч залилсан үйлдэл байхгүй. Би ээжийнхээ дүү нараас түр мөнгө зээлээд цахим бооцоот тоглоом тоглоод дараа нь Н.Бгээс авсан мөнгөнөөсөө эгч нар руугаа шилжүүлэн өрөө бага багаар дарж байсан. Би Н.Бгээс өөрийн дансаар нийт 81.600.000 төгрөг авсан бөгөөд эргүүлэн 39.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 42.600.000 төгрөг өгөөгүй байгаа. ...” /хх 37-40/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Н.Бгийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /хх 44-52/, шүүгдэгч Б.Хын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /хх 55-77/, шүүгдэгч Б.Хын Голомт банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /хх 78-87/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Хыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Хын Н.Бг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан түүний 81.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Х нь 55.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ц.Батбаяр “... гэрч Ч.Баярмагнайгаас авсан мэдүүлэгт Б.Х нь 2021 он 9 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 65.000.000 төгрөг авсан тухай мэдүүлсэн боловч энэ талаар цаашид шалгуулах, ... хохирогч И.Н.Б нь Б.Хыг бооцоот тоглоомонд тоглож байгааг мэдээгүй гэх боловч энэ тэдний цахим захидал буюу чатаар харилцсан харилцаагаар нотлогдож байгааг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй, ... хавтаст хэрэгт авагдсан гэрчийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хууль сануулан авсан мэдүүлэг 220500624 хэргийн дугаартай, мөн хохирогчийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хууль сануулан авсан мэдүүлгүүд нь 220500407 хэргийн дугаартай байгаа нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар Б.Хыг татсан 22055004070718 дугаартай хэрэгт авсан мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй. ... Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Хт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Хын Ч.Баярмагнайгаас 65.000.000 төгрөг авсан гэх асуудлын хувьд, түүний хууль бус үйлдлээс хохирсон гэж үзсэн этгээд эрх бүхий байгууллагад гомдол гарган шалгуулах эрх нээлттэй байх бөгөөд уг асуудлыг энэ хэргийн хүрээнд шалгах зайлшгүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч И.Н.Бгийн болон Б.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь зөрүүгүй, тэдгээрийн өгсөн мэдүүлгүүдийн агуулгын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоосон байх бөгөөд хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

  Гэрчээс авсан мэдүүлэг 220500624 хэргийн дугаартай, хохирогчоос авсан мэдүүлгүүд нь 220500407 хэргийн дугаартай байгаа нь Б.Хт холбогдох 22055004070718 дугаартай хэрэгт авсан мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй гэсэн гомдлын хувьд, гэрч Д.Батхуяг нь Б.Хт холбогдох хэрэгт мэдүүлэг өгч байгаагаа мэдсэн, түүний мэдүүлэг энэ хэрэгт хамааралтай байгаа нь агуулгын хувьд тодорхой байх бөгөөд гэрчийн мэдүүлэгт бичигдсэн 220500624 гэсэн хэргийн дугаараас шалтгаалж шүүгдэгч Б.Хт холбогдох 22055004070718 дугаартай хэрэгт авсан мэдүүлэг гэж үзэхгүй байх үндэслэлгүй.

Харин гэрчийн мэдүүлэгт 220500624 хэргийн дугаар бичигдсэн нь мөрдөгчийн хайнга, хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой зөрчил гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогчид худалдаж авч өгсөн гэх 2.000.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нийт учруулсан хохирлын хэмжээнээс хасах талаар шүүгдэгч мэдүүлж, хохирогч үүнийг хүлээн зөвшөөрснийг харгалзан шүүгдэгч Б.Хаас хохиролд 26.600.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Бд олгох талаар заасан шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, 24.600.000 төгрөгийг хохирогчид олгохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Хын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 26.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бд олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 24.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Бд олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР