Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/765

 

 

 

 

 

З.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

яллагдагч З.М,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/1308 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр З.М-д холбогдох 2111006230261 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

................... овгийн З.М, ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр .................... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ............................нарын хамт .............................тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан;

Яллагдагч З.М нь 2021 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины амны зуслангийн байшинд хамт байсан хохирогч М.Цын 350.000 төгрөгийн үнэ бүхий Хувай-30, А.Б-ний 534.700 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-51”, Г.Т-ийн 320.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг нөт-8”, Г.С-ийн 360.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-7”, М.Д-ий 195.000 төгрөгийн үнэ бүхий “Оппо хонор” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.759.700 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36б байрны 17 тоотод иргэн Э.Б-ийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Ж.С-ын монетон ээмэг, бөгж, “Самсунг А7” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.468.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүк хуудсанд “Хоёр давхар ор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулж, улмаар тус зарын дагуу “Ор” захиалахаар хандсан хохирогч Э.Э-ээс Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 300.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 410043955 дугаарын дансаар авсан,

2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүк хуудсанд “Хоёр давхар ор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулж, улмаар тус зарын дагуу “Ор” захиалахаар хандсан хохирогч М.О-ээс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 300.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 410043955 дугаарын дансаар авсан,

2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хооронд фейсбүүк хуудсанд бараа захиалах зарын коммент хэсэгт байршуулсан утасны дугаараар иргэдтэй холбогдож, “Бараа захиалахад урьдчилгаа хэрэгтэй” гэж хуурч, улмаар “Ор” захиалахаар хандсан хохирогч Д.Н-аас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн 800.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 410043955 дугаарын дансаар авсан,

2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүк хуудсанд бараа захиалах зарын коммент хэсэгт байршуулсан утасны дугаараар иргэдтэй холбогдож “Бараа захиалахад урьдчилгаа хэрэгтэй” гэж хуурч, улмаар “Тарвага” захиалахаар хандсан хохирогч А.Б-ээс Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн 120.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 410043955 дугаарын дансаар авсан,

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк ашиглан “цахилгаан халаагуур худалдана” гэсэн зар байршуулж, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хохирогч П.Э-ийг хуурч, Худалдаа хөгжлийн банкин дахь 410043955 дугаарын дансаар 176.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк ашиглан “хүүхдийн ор зарна” гэсэн хуурамч зар байршуулж, улмаар хохирогч А.А нь өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 536 байрны 40 тоотод байхдаа хүүхдийн ор захиалахаар шилжүүлсэн 800.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 410043955 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хорооллын 53 дугаар байрны 10 тоотод оршин суух Д.Н-т “массажны сандал зарна” гэж хуурч, 1.650.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Таны тавилгыг аваръя” гэсэн фейсбүүк хаягаас зарын группт 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “Хүүхдийн 2 давхар ор хямд зарна” гэсэн зар байршуулж, улмаар Говь-Алтай аймагт оршин суух хохирогч Г.Б-аас 1.110.000 төгрөгийг Хаан банк дахь Н.Ч-ний эзэмшлийн 5753982437 тоот төгрөгийн харилцах дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

2022 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8-1 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Д-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж, гараараа цохисноос эрүүл мэндэд нь “зүүн дээд 2 дугаар үүдэн, зүүн доод 1, 2 дугаар үүдэн, баруун доод 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын салстад шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: З.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч З.М-д холбогдох гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал, урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч З.М нь “2021 оны 8 дугаар сарын эхээр Төгөлдөр гэх найзынхаа гэрт ууж байгаад түүний “I phone 11 рrо mаx” гар утас болон чихэвч, бугуйн цаг, гутал зэргийг хулгайлж авсан”, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Ор зарна” гэж 5 хүн залилсан. Нэг хүний үйлдэл нь дутуу байгаа, 9 дүгээр сарын 20-ны өдөр 2 давхар ор зарна гээд 300.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 410043955 гэх дансаар шилжүүлж авсан гэв.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс Яллагдагчийн хэлээд байгаа зүйлийн нотлох баримт нь одоогоор байхгүй ч эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд мэдүүлгээ үнэн зөв өгөөд явж байгаа. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 4 хоногийн өмнөөс өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Солонгын гэрээс алдагдсан гэх зүйлд хохирогч нэмж хэлсэн байна. Дахин шалгуулах саналтай байна. Мөн эд зүйлийн үнэлгээтэй холбоотой хэлэхэд оролцогчид буюу 1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх талд мөрдөгчийн тогтоолыг танилцуулахгүйгээр хуулиараа оролцох эрхийг хязгаарласан. Солонгын эд хөрөнгийг үнэлэхдээ шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй. Яллагдагчийн хүсэлтээс гадна оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, иймээс прокурорт буцааж өгнө үү гэв.

Гэтэл улсын яллагчаас, шүүгдэгч З.Мын үргэлжилсэн 2 удаагийн хулгайлах гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, үргэлжилсэн 8 удаагийн залилах гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хулгай, залилах гэмт хэргийг нэг гэмт хэрэгт тооцон түүнийг гэм буруутайд тооцуулахаар эрүүгийн 2111006230261 дугаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Энэхүү нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийвэл, шүүгдэгч З.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчих үндэслэл бүрдэж байна. Гэтэл прокурор яллагдагчийн шинээр үйлдсэн гэх буюу түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хулгайлах, залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэх боломжтой гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, прокурор яллагдагч З.Мын холбогдох хулгайн гэмт хэргийн 2 үйлдэл болон залилах гэм хэргийн 8 үйлдлийг тус тусдаа нэг гэмт хэрэг гэж зүйлчилсэн атлаа шинээр илэрсэн 2 гэмт хэргийг тусдаа гэмт хэрэг гэж үзэн ялыг нэмж нэгтгэх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг зөрчинө.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь нэгдүгээрт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...” байх, хоёрдугаарт “....шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон...” байх хоёр шаардлагыг хангахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр тохиолдлын аль аль нь үүсээгүй буюу яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс хэргийг нэмж нэгтгүүлэх талаар хүсэлт гаргасаар байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, яллагдагчийг гэм буруутайд тооцох боломжгүй юм.

Иймд яллагдагч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч З.М-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Дээрх үндэслэлүүдээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч З.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди ирснийг прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав гэжээ.

 

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Яллагдагч З.М нь урьдчилсан хэлэлцүүлэгт:

- 2021 оны 8 дугаар сарын эхээр Төгөлдөр гэх найзынхаа гэрт ууж байгаад түүний “I Рhоnе 11 рго maх” гар утас болон чихэвч, бугуйн цаг, гутал зэргийг хулгайлан авсан, Төгөлдөрийн гэр нь Баянзүрх дүүрэгт байдаг,

- 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Ор зарна" гэж 5 хүн залилсан. Нэг хүний үйлдэл нь дутуу байгаа, 9 дүгээр сарын 20-ны өдөр 2 давхар ор зарна гээд 300.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн 410043955 гэсэн дансаар шилжүүлэн авсан талаар мэдүүлж, дээрх хэргүүдийг нэгтгэж шалгуулах талаар хүсэлт гаргасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч З.М-д холбогдох хэрэг шалгагдаж байгаа эсэх талаар лавлагааг түүний овог, нэр, регистрийн дугаар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Худалдаа хөгжлийн банкны 410043955 дугаар дансаар төв орон нутгийн цагдаагийн газруудаас лавлагаа авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. /2хх 162-173/ Үүний дагуу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Говь-Алтай, Дорноговь аймгуудаас хэрэг бүртгэлтийн 210502105, 210603586, 210604204, 220800800, 2116001510, 2120001220 дугаар бүхий нийт 6 хэрэг байгаа талаар мэдээлэл ирсний дагуу хэргүүдийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдсан.

Яллагдагч З.М нь шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад лавлагаа авснаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 26ж/1-2/700 дугаартай 8800000237 албан бичгээр “...хэрэг бүртгэлтийн 210603586, 210604204 дугаартай хэргүүд шалгагдаж байгаа” талаар хариу ирүүлсний дагуу “хохирогч А.Акмаралыг залилсан”, “хохирогч Ж.Солонгын эд хөрөнгийг хулгайлсан” гэх хэргүүдийг эрүүгийн 2111006230261 дугаартай хэрэгт нэгтэн шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн хэргийн талаар иргэнээс гомдол, мэдээлэл гаргаж цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн, улмаар тухайн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан талаар мэдээлэл баримт бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана.

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 410043955 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан гэх боловч тухайн өдөр түүний дансанд хохирогч Э.Энхцэцэг, М.Оюунцэцэгээс тус тус 300.000 төгрөг шилжүүлэн авсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд энэ хэргүүд нь эрүүгийн хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан.

Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор ... хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасан байхад хэрэгт шалгагдаагүй, ямар нэгэн эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр байхгүй байхад яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнээс хальж, зөвхөн яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл нь “....ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...” байх, “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон...” байх хоёр шаардлага хангахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр тохиолдлын аль аль нь үүсээгүй буюу яллагдагч буюу түүний өмгөөлөгчөөс хэргийг нэмж нэгтгүүлэх талаар хүсэлт гаргасаар байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж яллагдагчийг гэм буруутайд тооцох боломжгүй юм...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж прокурорт буцаажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл нь “... ялтан ... шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл ял шийтгүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон...” гэж заасан ба яллагдагчийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаагүй, энэ талаар тогтоогдсон баримт байхгүй, түүгээр ч үл барам урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан яллагдагч, түүний өмгөөлөгчөөс ч энэ талаар баримт гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх хуулийн шаардлага огт хангагдаагүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэн хэргийг прокурорт буцаасан байх тул шүүгчийн 2022/ШЦТ/1308 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Яллагдагч З.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр миний дансны хуулгаар нийт 5 хүнээс 300.000 төгрөг залилсан үйлдэл бүртгэлтэй байсан. Гэтэл нэг үйлдлийг алга болгосон, дансны хуулга хэрэгт авагдсан байсан. Дансны хуулга шинээр гаргуулж, хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. 2021 оны 8 дугаар сарын эхээр Төгөлдөр гэх найзынхаа гэрт ууж байгаад түүний “I phone 11 рrо mаx” маркийн гар утас болон чихэвч, бугуйн цаг, гутал зэргийг хулгайлж авсан. Баянзүрх захын чанх хойно байдаг 55 дугаар байрны 6 тоотод амьдардаг Ж.Солонгын гэрээс утас, ээмэг, бөгж, зүүлт хулгайлсан. Үүнд хохирлын хэмжээг нэмж хэлсэн байгаа. “Samsung А7” маркийн гар утсыг намайг хулгайлсан гэх боловч тухайн үед нөхөр нь болох Бадар-Эрдэнэ хүнд өгч явуулсан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс нотлох баримтаар өөрсдийн мэдүүлэг, тайлбарыг нотлоогүй байхад зөвхөн яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгджээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсчээ.

Иймд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/1308 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР