Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2017/00648

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2017/00648

Сэлэнгэ аймаг

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг,8 дугаар хэсэг 285 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /МЭ-*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг 039 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /МЮ-*******/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие 1990 онд С.*******тай танилцан улмаар 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтийн 53 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охинтой болсон. Бид зан харилцааны таагүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2005 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань эх Уянгын асрамжинд амьдарч өсч торнисон. Бид тус тусын амьдралтай болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Г.*******той 1996 онд танилцаж 2000 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Уугантуяа төрсөн. Гэр бүлийн маргаан, бусад таарамжгүй харьцааны улмаас 2004 оноос хойш өдийг хүртэл тусдаа амьдарсан. Одоо аль аль нь өөр амьдрал зохиосон. Г.*******ийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Г.*******оос хүүхдийн тэтгэлэг авахгүй. Учир нь: Энэ хугацаанд охин маань аав дээрээ ирж очин байнгын холбоотой байдаг байсан. ******* ч охиндоо боломжоороо хүүхдээ харж ханддаг. Хувцас хунар, ойр зуурын хэрэгтэй юмнуудыг нь авч өгдөг.

Гэхдээ одоо охин маань 15 настай бөгөөд удахгүй оюутан болж эдийн засгийн хэрэглээ нь улам л өндөр болно. Тэр үед улам их тусалж дэмжиж байхыг л хүсч байна. Цаашид ч охиноо орхихгүй байх гэж итгэж байгаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь 1990 онд танилцаж, улмаар 1996 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас охин Уугантуяа төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2005 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь бусадтай хамтран амьдарч байгаа, эд хөрөнгийн маргаан байхгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул насанд хүрээгүй охин саналын дагуу эх асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч С.******* нь охин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэдийгээр гаргаагүй ч хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг эхийн үүрэг хэвээр хадгалагдах тул эцэг Г.*******оос хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын дундаас 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Г.*******оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Г.*******ийн төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (166.200х12=1.994.400 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 46.860 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэхь хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэхь хэсэгт эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу охин хэний асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Г.******* болон эх С.******* нар чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин эх асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.*******оор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Г.*******оос 46.860 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэхь хэсэгт зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4 дэхь хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ