Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/766

 

 

 

 

Г.Э, Б.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

яллагдагч Г.Э, Б.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

хохирогч Б.Тэмүүлэн, Б.Ганболд, Ц.Мөнхжин нарын өмгөөлөгч Н.Эрдэнэтуяа, Ш.Базаррагчаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/542 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Даваадоржийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Г.Э, Б.О нарт холбогдох 2009025671529 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....................... овгийн Г.Э, .... оны ..... дугаар сарын ......-ны өдөр ............................. төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .......................... оюутан, ам бүл 3, эх, эгчийн хамт ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

2. ...................... овгийн Б.О, .... оны ...... дүгээр сарын .....-ний өдөр ......................... төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, эгч, хүргэн, дүү нарын хамт .............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Яллагдагч Г.Э нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.М нартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Б.Т-ийн толгойн тус газарт бейсболын цохиураар цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн талын чамархай яс суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн шугаман, дагз яс, дагзны том нүхний баруун тал руу үргэлжилсэн шугаман, зүүн талын дух ясны дотор ялтас болон зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хоншоорын урд, гадна хана дайрч этмойд хөндийг хөндлөн дайрч баруун талын суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хоёр талын хоншоорын хөндий, этмойд хөндий, суурийн хөндийд цус хуралдалт, зүүн хөмсөг, зулайн хуйхны язарсан шарх, баруун хөмсөгний зулгарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,

хохирогч Б.Г-ын дагз хэсэгт бейсболын цохиураар цохиж, эрүүл мэндэд нь “...дагз ясны ил хугарал, хатуу хальс дээрх цус хуралт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,

мөн Б.О-тэй бүлэглэн хохирогч Ц.М-ийн толгойн тус газарт бейсболын цохиураар цохиж, эрүүл мэндэд нь “...суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох бейсболын цохиурыг бусдыг гэмтээх зориулалтаар ашиглаж, гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

яллагдагч Б.Онь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.М нартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Г.Этай бүлэглэн хохирогч Ц.М-ийн нүүрэн тус газар гараараа цохих болон бусад байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь “...суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Яллагдагч Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

яллагдагч Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно...”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

2020 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б.Өсөхбаярын гэрчийн мэдүүлэгт “...жолоочийн талаас нэг эрэгтэй хүн бууж ирсэн бөгөөд түүний араас машин дотроос 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн бууж ирсэн /хх 19-21/, Г.Эын гэрчийн мэдүүлэгт “...бид баарнаас гараад Б.О-ийн “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тэгэхэд машины урд үл таних эмэгтэй хүн сууж байсан ба Б.О-тэй танилцсан юм шиг байгаа юм...” /хх 22-23/, Ч.Баянбатын гэрчийн мэдүүлэгт “машины урд үл таних эмэгтэй сууж байсан ба тэр Б.О-тэй танилцсан юм шиг байгаа юм /хх 24-25/, Б.Түвшинбаярын гэрчийн мэдүүлэгт “баарнаас гарах үед Б.О нэг охинтой танилцаж, бидэнтэй цуг тээврийн хэрэгсэлд сууж явцгаасан. Зодооны дараа нөгөө охиныг бид таксинд суулгаад явуулсан /хх 26-27/, Б.О-ийн гэрчийн мэдүүлэгт “Тухайн баарнаас гарах үедээ нэг охинтой танилцаж, миний “Приус 30” маркийн машинд сууж харихаар явцгаасан. Тэр охинтой “Iloft” бааранд танилцсан, зодооны дараа бид таксинд суулгаад явуулсан /хх 28-29/, 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Baseball-1 нэртэй сидиг тоглуулж эхлүүлэхэд 2020 оны 10 дугаар сарын 3-ны шөнийн 03 цаг 41 минутад Монгол Улсын Их Сургуулиас Хүнсний 4 дүгээр дэлгүүр орох чиглэлд хар өнгийн “Харриер” маркийн автомашины урдуур “Приус” маркийн автомашин орж зогссон ба хар өнгийн “Приус” маркийн автомашинаас 4 эрэгтэй, 1 эмэгтэй, хойно нь “Харриер” маркийн автомашинаас 4 эрэгтэй бууж ирэн хоорондоо маргалдсан байдалтай зогсож байна. 42 дугаар талд энэ үед “Приус 30” маркийн автомашиныг эмэгтэй жолоодон хөдөлж хойд зүгт явж камераас гарч байна” /хх 39-45/, Б.Ундрахбаярын 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт “2020 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баасан гарагийн шөнө 03 цаг 40 минутын үед өөрийн автомашинаар таксинд явж байхад жижиг “Жийп” загварын автомашинаас 4 залуу, “Приус” маркийн автомашинаас 4 залуу, 1 эмэгтэй бууж ирцгээсэн /хх 46-47/, М.Хүлэгдоржийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт “миний харснаар 7-8 залуу, 1 эмэгтэй харагдаж байсан” /хх 48-49/ хэмээн гэрч нар мэдүүлсэн ба хэрэгт ач холбогдолтой байж болохуйц дээрх хүнээс гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж зааснаар мөрдөгч нь шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөд хэргийн материал танилцуулах ажиллагааг хийгээгүй, энэ талаар тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Яллагдагч Б.О, Г.Э нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зарчмыг баримтлаагүй, оролцогч нарын хүсэлт шийдвэрлүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар ...хэргийн оролцогчийн хувьд “өмгөөлөгчөө өөрөө сонгох”-оор хуульчлагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж зааснаас бусад тохиолдолд “...яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж заасан боловч шүүгдэгч нарын хувьд өмгөөлөгч сонгон авсны дараа хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд танилцуулах, мөн яллах дүгнэлтийг гардуулахдаа “өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэх боломжоор хангаагүй, нөгөө талаас өмгөөлөгчийн “...шинжээчийн дүгнэлттэй танилцах” эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх” ажиллагаа хийгдээгүй байна.

Яллагдагч Б.О, Г.Э нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэний үндсэн  дээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байна гэжээ.

Прокурор Д.Даваадорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх яллагдагч Б.О нь тухайн үед хэрэг гардаг өдөр үл таних эмэгтэйтэй танилцаж, улмаар хамт явж байхад нь уг хэрэг үйлдэгдсэн үйл баримт бий болсон хэдий ч тухайн эмэгтэй хүнийг яллагдагч, гэрч, хохирогч нар нь хараад танихгүй, хаана байгааг нь мэдэхгүй, нэрийг нь мэдэхгүй, хяналтын камерын бичлэгт дүрс харагдахгүй зэргээс шалтгаалж тухайн эмэгтэйг олох боломжгүй нөхцөл байдал бий болсон. Энэ нь нотлох баримтын эх сурвалжаа зааж чадахгүй байгааг харуулж байна.

Эрүүгийн 2009025671529 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийж, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтаар яллагдагч Б.О, Г.Э нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, бүлэглэн үйлдсэн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоосон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэх буюу шүүхийн хэлэлцүүлгээр харьцуулах замаар шинжлэн судлах ажиллагааг хийлгүйгээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Мөн яллагдагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөд хэргийн материал танилцуулах ажиллагааг хийлгүйгээр, шинжээчийн дүгнэлт танилцуулахгүйгээр, гомдол, хүсэлт гаргах эрхийг нь хангалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Учир нь, эрүүгийн 2009025671529 дугаартай хэрэгт өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцсон, яллагдагчаас түүнийг оролцуулах хүсэлт гаргасан, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон зэрэг ямар ч баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэрээр уг хэрэгт өмгөөлөгчөөр мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд оролцож байгаагүй болох нь харагддаг.  Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа яллагдагч нарт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр шүүх хуралдаанд оролцохдоо мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчөөр оролцсон мэтээр тайлбар гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хавтаст хэргийн материалыг бүрэн хянаж үзэлгүй түүний хэлснээр мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн. Тухайн өмгөөлөгч нь яллагдагч Б.О, Г.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцоогүй тул түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ажиллагааг буюу хавтаст хэргийн материал танилцуулах үүрэг үүсээгүй байсан. Мөн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болон шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцохдоо хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй, яллагдагч нараас тухайн өмгөөлөгчийг оролцуулах хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдаанд оролцуулсан үйл баримт болсныг дурдах нь зүйтэй.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын эрх ашгийг хамгаалж өмгөөлөгч Н.Золжаргал оролцож байсан бөгөөд тэрээр хавтаст хэргийн материалтай бүрэн танилцсан, мөн шинжээчийн дүгнэлт танилцуулах болон бусад ажиллагаанд өмгөөлөгчийн хувьд оролцсон, яллагдагч нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх болсныг мэдэгдсэн зэргээс дүгнэхэд хэргийн оролцогчийн эрхийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн хангасан болохыг харуулна. Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлыг харгалзан үзэлгүйгээр, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт танилцалгүй, оновчтой дүгнэлт хийлгүйгээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилсан байхад 2022/ШЗ/542 дугаартай шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/542 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогч Б.Т, Б.Г, Ц.М нарын өмгөөлөгч Ш.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрчээр оролцуулах гээд байгаа эмэгтэй нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй, тухайн үед камерын бичлэгт ороогүй. Яллагдагч нартай хамт явж байсан хүмүүс ILoft” баарнаас гарахдаа танилцсан гэж мэдүүлдэг. Прокурор, мөрдөн байцаалтын шатанд олох ажиллагаа хийсэн боловч олдоогүй. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хувьд шүүхийн шатанд орж ирсэн болохоор прокурор, мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцах боломж өөрт нь байгаагүй. Шүүхийн шатанд хэргийн материалтай танилцаж орсон. Иймд дээрх хоёр үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй тул шүүгчийн захирамжгүй хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Т, Б.Г, Ц.М нарын өмгөөлөгч Н.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын тайлбартай давхцаж байгаа учраас анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч Г.Э, Б.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Прокурор, хохирогч нарын өмгөөлөгч нар намайг шүүхийн шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж мэтгэлцдэг. Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчөөс гэрээ шаардаж болохгүй талаарх хуулийн зохицуулалтын дагуу хавтаст хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээ хавсаргахаа болиод удаж байгаа. Энэ талаар хуульчид бүгд мэдэж байгаа. Миний бие энэ хэрэг дээр яллагдагч нарт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нар хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болно гэсэн хуульд заасан боломжийн дагуу хоёр өмгөөлөгчтэй оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад явагдсан мэдүүлэг зэрэгт өмгөөлөгч Н.Золжаргал суусан. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт энэ хэрэг дээр ажиллаж байгааг мөрдөгч нар мэдэж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа дуусмагц хавтаст хэргийн материалтай танилцахыг өмгөөлөгчид мэдэгдэнэ, өмгөөлөгч энэ эрхээр хангагдаж байгаа эсэхийг хангах үүрэг нь хуулиар мөрдөгчид байдаг. Миний хувьд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагаа ойлгож байгаа. Хэзээ мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийн материалтай танилцуулахыг би хэлж мэдэхгүй, өдөр бүр лавлах боломжгүй. Энэ нөхцөл байдлын улмаас надад мэдэгдээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос мэдэгдсэн гэж мэтгэлцсэн. Хавтаст хэргийн материалд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөд мэдэгдсэн тухай баримт, тэмдэглэл авагдаагүй. Прокуророос мөрдөн байцаалтын шатанд оролцоогүй, өмгөөлөгчийн үүрэг гэж яриад байдаг. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын хувьд өмгөөлүүлэх болон өмгөөлөх эрхээр хангагдсан эсэхэд хяналт тавина гэж заасан. Хоёр өмгөөлөгчтэй оролцож байгаа юм чинь нэг өмгөөлөгчид нь танилцуулсан юм чинь болно, шүүхийн шатанд танилцуулчих юм чинь гэж орхидог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийтлэг практикт алдаа дутагдал гарч байгаа нь энэ хэрэг дээр давтагдсан. Шүүхийн болон прокурорын шатанд мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцах хуульд заасан боломжоо хэрэгжүүлэх үүднээс шүүхийн шатанд танилцаагүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой миний гомдол, хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлүүлэх, мөн дээд шатны байгууллагад хандах зэрэг хуульд заасан эрх хязгаарлагдсан гэж үзсэн. Энэ байдлыг шүүх дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Прокурор болон хохирогч нарын өмгөөлөгч нараас гаргаж байгаа хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хүсэлтийн хууль зүйн үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтын дагуу буцаах үндэслэл харагдахгүй байна. Харин шүүхээс бусад байдалд дүгнэлт хийж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгджээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсчээ.

Иймд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/542 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                       Т.ӨСӨХБАЯР