Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2016/0278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож ХҮ-*******, ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Г ХХК /РД:*******/

Хаяг: Хан-Уул дүүрэг, *******,*******,*******.

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр "Г" ХХК-ийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон ХҮ-******* хайгуулын тусгай зөвшөөрөл, Хавцлын худгийн хөндий талбайд олгогдсон ХҮ-******* хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч байгаа ба Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан боловч одоо хүртэл хариу өгөхгүй байна.

Кадастрын хэлтсийн даргын 439 дүгээр шийдвэр гаргах үндэслэл болсон Дүүргийн хяналтын прокурорын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 164 дугаар Тогтоол нь эцсийн шийдвэр байгаагүй бөгөөд Дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Б*******ын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна. Иймд хүчингүй болсон тогтоолыг үндэслэл болгож Шийдвэр гаргасан байх тул уг Шийдвэр нь илтэд үндэслэлгүй байна. Мөн энэ тогтоолыг Прокурорын байгууллагаас албан ёсоор хүргүүлээгүй байхад хэрхэн олж авсан нь тодорхойгүй байна.

Манай компани 2012 онд "Геофизикийн хайгуулын ажил"-ыг "Д*******" ХХК-иар гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлсэн бөгөөд Ашигт малтмалын газрын Геологийн албанаас дахин хянаж 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 516 дугаар тоотоор баталгаажуулсан болно.

Ашигт малтмалын газар нь манай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухайгаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу манай компанид мэдэгдэл өгөөгүй бөгөөд үүний улмаас компанид мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар эрхээ эдлэх боломж олгогдоогүй, хуулиар зохицуулсан урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдсөнд гомдолтой байна. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Г*******" ХХК-ийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст 2015 оны 07 сарын 02-ний өдөр холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон ******* хайгуулын тусгай зөвшөөрөл, Хавцлын худгийн хөндий талбайд олгогдсон ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Г ХХК нь анх 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байсан байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Хавцлын худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Г ХХК нь анх 2008 оны 10 дугаар сарын 16-ний өдөр авсан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар байсан байна.

Улмаар Эс Би Ди эй ХХК-наас 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн албан бичгийн дагуу дээрх 2 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлсэн 2012 оны хайгуулын ажлын жилийн тайлантай танилцахад тус хоёр тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын тайланд хавсаргасан гэрээ нь үндсэндээ нэг гэрээ бөгөөд хуулбарлаж 2 талбайд хийсэн байсан бөгөөд тайланд хавсаргасан, гэрээнд тусгасан тусгай зөвшөөрлийн дугаар, байршил буруу байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар... Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална ... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 ... тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох ... мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 ... тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн ... гэж хуульд заасны дагуу Ашигт малтмалын газрын кадастрын даргын 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр *******, ******* хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Г ХХК-иас гаргасан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон ******* хайгуулын тусгай зөвшөөрөл, Хавцлын худгийн хөндий талбайд олгогдсон ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г ХХК ийн гүйцэтгэх захирал Марк Уэймент Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож ХҮ-*******, ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус сэргээхийг  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Г ХХК 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, мөн сумын Хавцлын худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр авсан, тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус дуусахаар байсан байна.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын Геологийн албанд ирүүлсэн Г ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн 2012 оны хайгуулын ажлын жилийн тайланд хавсаргасан гэрээ нь үндсэндээ нэг гэрээ байсныг хуулбарлаж 2 тайланд хийсэн бөгөөд тайланд хавсаргасан, гэрээнд тусгасан тусгай зөвшөөрлийн дугаар байршил буруу байсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан ..тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална..., Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д ..тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох..., мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т ..тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.. гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр *******, ******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргажээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр Г  ХХК-ийн эзэмшлийн ХҮ-014499, ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2012 онд хийгдсэн Геофизикийн хайгуулын ажлын тайлан-г хуурамчаар бүрдүүлэн Ашигт малтмалын газарт хүргүүлсэн нь 2015250001774 дугаартай эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж хүчингүй болгосон бөгөөд дээрх Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол нь Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолоор, мөн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгал хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг Чингэлтэй дүүргийн хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01а дугаартай тогтоолоор, дээрх хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн иргэн Б.Нармандахын гомдлыг Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 5/264 дүгээр тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар Тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй боловч Г  ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий дээрх талбайд геофизикийн хайгуулын ажлыг бодитойгоор хийсэн нь Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн судалгааны тасгийн мэргэжилтний гаргаж, Геологийн албаны дарга, Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга нарын хянасан 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г  ХХК-ийн эзэмшиж буй ХҮ-014499, ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2012 онд хийгдсэн Геофизикийн хайгуулын /гүний цахилгаан зүсэлт/ ажил хийсэн нь батлагдаж байна гэсэн дээрх эрх бүхий албан тушаалтнуудын дүгнэлттэй маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийн хүчин төгөлдөр болоогүй прокурорын тогтоолыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 439 дүгээр шийдвэр хууль бус байна гэж дүгнэв.

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна. гэж заасан үүргийн дагуу тус газрын Геологийн албаны болон Эрдэс баялгийн судалгааны тасгийн эрх бүхий албан тушаалтнуудын дүгнэлтээр нэхэмжлэгч Г  ХХК хайгуулын ажлын тайланг хуурамчаар бүрдүүлж ирүүлээгүй нь тогтоогдсон байна.

Иймд  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож ХҮ-*******, ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус сэргээхийг  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь ;

1.Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож ХҮ-*******, ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР