| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0391/э |
| Дугаар | 0397 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 0397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 1725000000192 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Харчин овгийн Э.Э, Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн 1-26 тоотод оршин суух, урьд 2011 онд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял, 2015 оны 08 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 жил 2 сар 17 хоногийн ялаас өршөөн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: /
2. Шүүгдэгч Э.Э- нь 2017 оны 11 сарын 08-ны орой 20 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Цацал” баарны гадна Л.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.М-ын “2017 оны 11 сарын 08-ны орой найз болох Э-, С-, Э- нарын хамт Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Цацал” төвийн караокед ороод нэг цаг дуулсан юм. Тэгээд би ганцаараа тамихи татах гээд гарсан чинь араас Э- гарч ирсэн юм. Би тухайн үед 100 000 гаруй төгрөгтэй гэдгээ Э-өд хэлсэн юм. Тэгсэн чинь Э- нь Э-д хэлсэн юм. Э- намайг архи аваад өг гэж дарамталж заамдаж нүүрэн тус газар гараараа цохисон. Тухайн үед Э- хүрч ирээд салгасан. Салгах үед Э- нь хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн. Тэгээд байж байтал дахиж намайг босгож ирээд хоолой боогоод газар унагаасан юм. Э- гарч ирээд нэг шил архи авахуулъя гэсэн тэгэхээр нь үгүй гэж хэлсэн тэгээд зодуулсан. Зөвхөн Э- намайг зодсон. 70 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/
2.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 953 дугаартай дүгнэлтийн “Л.М-ын биед баруун нүдний зовхи, баруун нүдний салстад цус хуралт үүсчээ. Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 18-р хуудас/
3.Гэрч П.Б-гийн “Аялгуу баарны урд зогсож байтал миний найз Золбоогийн дүү М-а гэх залуу хүнд зодуулсан, нүүр ам нь цус болчихсон нүд нь хөхөрчихсөн байдалтай ирэхээр нь асуусан чинь Цацал төвд гурван найзтайгаа сууж байгаад зодуулчихлаа гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/
4.Гэрч Б.С-гийн “2017 оны 11 сарын 08-ны орой 20 цагийн үед найз Ө-, Гантөгс, Э-, Э-, М-а нарын хамт Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Цацал баарны караокед ороод нэг цаг авсан юм. Тэгээд бид нар караокед орж 0.75 литрийн Соёрхол нэртэй нэг шил архи хувааж уусан. Бид нар караокед орохоосоо өмнө нэг шил архи хувааж уусан. Би нэлээн согтсон байсан. Тэгээд нэг цаг дуу дуулаад бөөнөөрөө гарсан юм. Ө-, Э- бид гурав орц руу орж тамихи татчихаад гараад ирсэн чинь М-а Цацал баарны үүдэнд сууж байхаар нь яваад очсон чинь Э-д зодуулчихлаа гээд байж байсан юм. Түүний хажуу талд Э- нь чи өөрөөсөө болоо биз дээ гэж хэлээд зогсож байсан юм. Тэгээд М-а нь яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа М-а нь цагдаа дагуулаад ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд Э- бид хоёрыг эрүүлжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/
5.Гэрч Б.Э-ийн “Тэгээд караокегоос Бадрал М-а хоёр түрүүлээд гараад явсан. Араас нь би Ө-, С- хоёрын хамт ойр зуурын юм ярьж явж байгаад Ө-тай үл ойлголцоод маргалдсан юм. Тэгээд байж байтал цаад талд Бадрал, М-а хоёр хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Сүүлд сонсоход Бадрал нь Мөхнтулгыг хоёр алгадсан гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/
6.Шүүгдэгч Э.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Хуулийн зүйл заалттай уншиж танилцлаа. Би бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. М-ад хандаж би Гансүхийг аваад явчихая гэсэн чинь үгүй ээ би авч явна гээд уурлаад, чамайг бодвол онцгой шорон үзсэн хулгайч шүү гээд томроод байхаар нь заамдаж аваад нүүрэн тус газар нь хоёр удаа алгадсан. Тухайн үед хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд ярьж байгаа юмнаас үл ойлголцоод улмаар гар хүрэх болсон. Миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35-36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э- мэдүүлэхдээ “Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Л.М-а нь “Эмчилгээний зардал 70 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э- нь 2017 оны 11 сарын 08-ны орой 20 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Цацал” баарны гадна Л.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Гэрч Б.С-, П.Будмагнай, Б.Э- нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 953 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохиогч Л.М-а нь эмчилгээний зардал 70 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.М-а нь эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС