Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/767

 

 

 

 

 

М.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1423 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр М.М-д холбогдох 2208002760997 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

................... овгийн М.М, ....... оны ..... дугаар сарын .....-ний өдөр .......................... төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг эх, эцэг, эх, дүү нарын  хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч М.М нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 97-9 тоотод хохирогч Д.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар аягаар толгойн тус газар нь цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт “...ээжийн гэрт ороход ээжийн хамтран амьдрагч Д.Х нь ээжийг зодоод, уруул амыг нь сэтэлчихсэн, уруул нь хавдчихсан байхаар нь уур хүрээд хэд хэд цохичихсон юм” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл),

- гэрч Р.Мөнхзаяа “...манай нөхөр Д.Х нь гаднаас 21 цагийн үед орж ирээд, хоол идчихээд тал шил 0,75 граммын архи ганцаараа уусан, тэгээд зурагтын залгуур салгаад байхаар нь би “чи одоо боль, орон дээрээ гараад хэвт” гэсэн чинь шууд залгуурын ишээр миний нүүрэн тус газар руу цохиод авсан, бас алгадсан чинь би манараад уначихсан. Миний нүүрэн дундуур залгуурын ишээр цохисноос болоод уруул сэтрээд 16 оёдол тавиулсан, 2 шүд хугарсан” гэж тус тус мэдүүлсэн байна. /хх 19-20/,

- ГССҮТөвийн осол тохиолдлыг бүртгэх хуудаст “...Р.Мөнхзаяа нөхөртөө зодуулсан гэдэг шалтгаанаар үзүүлж үйлчилгээ авсан нь” тэмдэглэгдсэн /хх 75/ зэрэг баримт, мэдүүлгүүд авагджээ.

Дээрх байдлаас үзвэл, иргэн Р.Мөнхзаяа нь Д.Х-т зодуулж гэмтсэн талаар мэдүүлсэн байх атал түүний биед учирсан гэмтлийг тогтоолгүй ирүүлсэн байх тул энэ ажиллагааг зайлшгүй хийх нь зүйтэй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад ... хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор заавал шинжилгээ хийлгэхээр хуульчилсан байна.

Иймд дээрх асуудлуудыг тодруулах, уг ажиллагааг хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав гэжээ.

 

Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэлдээ: “... Нэг. Яллагдагч М.М нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 97-9 тоотод хохирогч Д.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, аягаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч М.М нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, гэрч Р.Мөнхзаяа, хохирогч Д.Х нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон. М.М нь гэм буруу дээр маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган хэргийг шүүхэд ял тохиролцож шилжүүлсэн.

Уг хэрэгт гэрч Р.Мөнхзаяа гэрчээр мэдүүлэг өгсөн боловч хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй учраас хохирогчийн эрх, үүрэг хамаарахааргүй байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлээгүй. Гомдол санал гаргаагүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ... хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор заавал шинжилгээ хийлгэхээр хуульчилсан гэж үзэн, гэрч Р.Мөнхзаяаг шүүх шинжилгээний байгууллагад заавал үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор заавал шинжилгээ хийлгэнэ гэж хуульчилсан байх боловч эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй этгээд нь өөрийн хүсэлтээр “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол байхгүй” гэж гэрчээр мэдүүлсэн тохиолдолд мөрдөх байгууллага болон прокуророос шинжилгээний байгууллагад албадан хүргүүлж, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах хууль эрх зүйн зохицуулалт өнөөдрийн байдлаар байхгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчжээ.

Иймд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/1423 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлийг дэмжиж байна. Р.Мөнхзаяа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн байна. Дуудлага, мэдээллийн дагуу очсон эрх бүхий албан тушаалтан Р.Мөнхзаяагаас мэдүүлэг авахад “гомдолтой, шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэж мэдүүлсэн. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр уг дуудлага, мэдээллийг гэмт хэргийг шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд оруулж, Р.Мөнхзаяад хууль сануулж, гэрчээр мэдүүлэг авахад “би гомдолгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт мөрдөгчийн “Р.Мөнхзаяаг хохирогчоор тогтоохоор удаа дараа дуудсан боловч ирээгүй” гэх тэмдэглэл авагдсан. Мөрдөгчөөс шинжээч томилсон боловч тухайн баримтуудаар шинжилгээ хийх боломжгүй гэсэн албан бичгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн байна. Иймд прокурор Т.Мижиддоржийн бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэн Р.Мөнхзаяа нь өөрт учирсан гэмтлийн талаар цагаадгийн байгууллагад гомдол гарган шалгуулах эрх нээлттэй бөгөөд М.М-д холбогдох энэ хэрэгт заавал хамтатган шалгуулах нөхцөл байдал байхгүй байна. 

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ. 

 

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсчээ.

Иймд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1423 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР