| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04554/И |
| Дугаар | 182/ШШ2024/03440 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/03440
| 2024 08 19 | 182/ШШ2024/03440 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* нь 2023.02. 04-ний өдөр TENTECH-2 үйлчилгээний ТТ05957 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь сар бүрийн 05-ны өдрөөс 20-ны өдрийн дотор 29 500 /нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт/ төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Мөн гэрээний дагуу шинээр хэрэглэгчид LITE-5, ROUTER, VOO тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш зохих ёсоор хүргэж ирсэн. Гэрээний 4.4-ийн дагуу сар бүрийн 20-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах үүргийг хэрэглэгч хүлээсэн боловч 5 сарын хугацаанд 64 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрэлттэй компанийг хохироосоор байна.
Мөн түүнчлэн гэрээний 2.6.1-д зааснаар төлбөр төлөөгүй 2 сар болсон бол тоног төхөөрөмжийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулахыг 137778 тусгай дугаараас мессеж илгээх, мөн 7777-7778 лавлах утаснаас хэд хэдэн удаа утасдаж шаардсан боловч төлбөр барагдаагүй болно. Нэхэмжлэгч нь TENTECH-2 үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ-ний дагуу төлөх үүрэгтэй 2023 оны 04, 05 дугаар сарын төлбөр болох 64 000 төгрөг болон түүнчлэн гэрээний 2.6.1-д заасны дагуу тоног төхөөрөмжийн төлбөр болох 434 000 төгрөг, нийт 507 673 төгрөгийг хариуцагч *******гоос гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүхээс 2023.09.14-ний өдөр иргэний хэрэг үүсч, *******д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхийн хаяг болох Ч тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй гэх тодорхойлолтыг тус хорооны Засаг дарга тодорхойлсон байх тул.... гэх үндэслэлээр хэргийг 2023.10.26-ны өдрийн 182/ШЗ2023/13522 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******г эрэн сурвалжлуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Эрэн сурвалжлуулах хэргийн шүүх хуралд нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ******* ХХК болон ******* нарын 2023.02.07-ны өдрийн Tentech үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, зарлагын баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 182/ШЗ2023/13522 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн *******г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь Ч байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******гийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 507 673 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх ******* ХХК болон ******* нарын 2023.02.07-ны өдрийн Tentech үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, зарлагын баримт зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* нь хүсэлт гаргагч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3. Зээл авах үедээ ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2023.02.07-ны өдрийн ТТ05957 дугаартай Tentech үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ болон иргэний үнэмлэхэд тусгагдсан Ч тоот хаягт хариуцагч ******* нь оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 182/ШЗ2023/13522 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, *******гийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Б овогт Г-н Н /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА