| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0393/э/ |
| Дугаар | 0405 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 0405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо
Шүүгдэгч Т.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-д холбогдох эрүүгийн 1725000000122 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 03 сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт О урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Н
Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 09 сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн дундуур явсан засмал зам дээр согтуугаар 00-00 УББ улсын дугаартай Toyota chaser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж Д.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Т.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Зам тээврийн хөдөдлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Тухайн үед 2 % согтолттой байсан. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохиролд эмчилгээний зардал 1.709.000 төгрөг, бэлэн 4.600.000 төгрөгийг нийт 6.309.000 төгрөг өгсөн байгаа. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Ойлгож гэмшиж байгаа. 4.600.000 төгрөгийг зээл төлөх, КТГ-д үзүүлэх зэрэгт хэрэглэнэ гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 сарын 30-ны өдрийн 12 цагийн үед гэртээ байхад А-, Н-, Болд-Эрдэнэ, Т- нар Ангарийн chaser машиныг Н- барьчихсан ирсэн. Ирэхдээ бүгд согтуу ирсэн. Би машины хойд талд нь сууж явсан. Бид 5 А-ын Шандад байдаг гэрт нь очоод 1 шил 0.75 литрийн Ерөөл архи 5-уулаа хувааж уучихаад явган явъя гэсэн. Тэгээд А-ын хадамын Рашаантад байдаг гэрт нь машиныг тавиад төв рүү орохоор болоод Н- машиныг барьж явсан. Тэгээд гэрээс нь гараад Ахмадын буудлаар доошоо Н- машин барьж явсан. Тэгээд гэрээс нь гараад Ахмадын буудлаар доошоо уруудаад явж байхад өөдөөс машин гараад ирсэн, тэгээд үрүүлээ баруун дарахад машин 2,3 эргэж байх шиг байсан. Тэгээд би эмнэлэг дээр сэрсэн. Н- машин бариад явж байхад нь зөөлөн яв гэж бүгд хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 22-26 ху/,
-Гэрч Г.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бид нар хуучнаар ахмадын буудлын уулзвараар доош уруудаад явсан. Н- машинаа нэлээн хаазтай явсан юм. Бензин нь дуусах гээд байсан учир тэрээр хазаа гишгэж аваад яваад байсан юм. Тэгээд урдаа явсан нэг машиныг гүйцэт түрүүлэх гэж байх шиг байсан, тэр үед нь бүгдээрээ л Н-ийг жаахан удаа яваач гэж хэлж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин замаасгарч гэрлийн шон мөргөөд зогссон юм. Ингээд бид нар машинаас буусан юм гэсэн мэдүүлэг /хх 108 ху/,
-Гэрч Х.Г-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...УББ 00-00 улсын дугаартай Toyota chaser маркийн машиныг би 2017 оны 04 сард Орхон аймагт байдаг одоо гэр нь хаана байдагыг нь мэдэхгүй, жинхэнэ нэрийг нь мөн мэдэхгүй Аагийн гэдэг залуугаас 650.000 төгрөгөөр авсан юм. Түүнээс авахад энэ машин нь Д.Цэрэнсоном гэдэг хүний нэр дээр байсан юм. Тэрээр өөрөө Улаанбаатар хотоос нэг хүнээс авсан, өөрийхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа гэж байсан. Тэгээд өөрөө Улаанбаатар хот орохоороо миний нэр дээр шилжүүлж өгнө гэж байсан. Тухайн үед тэрээр хүн нүдээ сохлуулчихсан байгаа эмчилгээнд явах гэж байгаа гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 118 ху/
-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед Ган-Эрдэнэд зарах үедээ Улаанбаатарын хүн рүү ярихад түүний гар утас нь холбогдохгүй байсан. Би Улаанбаатарт байдаг хүнийг бол танихгүй, тухайн худалдан авах үедээ орой нь Facebook-ээр зарж харж уулзаад өглөө нь худалдан авсан юм. Одоо бол тэр хүнд 800 орчим мянган төгрөгний л асуудал байгаа, өөрийхөө нэр дээр шилжүүлье гэхлээр тэр хүн өөрөө ярихгүй байгаа юм. Хэрвээ тэр хүн надтай холбогдох юм бол би түүнтэй өр төлбөрөө дуусгана. Тэрээр нэг Юнителийн дугаартай хүн байсан. Дугаарыг нь одоо мартчихсан байна гэсэн мэдүүлэг /хх 119 ху/,
-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 856 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.М-ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний 3,4-р дэлбэнгийн язарсан шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, цус алдалтын дараах хурц цус багадалт, баруун сүүжний дэлбэнгийн хугарал, цээжний баруун талын 12-р хавирга, зүүн талын 10-р хавирганы хугарал, зүүн хацарт зулгаралт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу зуйлийн, ямар ч чиглэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулна. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний 3,4-р дэлбэнгийн язарсан шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, цус алдалтын дараах хурц цус багадалт нь ГЗЗ-ын 3.1.12, 3.3.3-д зааснаар гэмтлийн хунд зэрэгт, баруун сүүжний дэлбэнгийн хугарал, цээжний баруун талын 12-р хавирга, зүүн талын 10-р хавирганы хугарал нь ГЗЗ-ийн 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн хацарт зулгаралт нь ГЗЗ-ийн 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 65-66 ху/,
-Шинжээчийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 141 дугаартай дүгнэлтэнд:
1. 00-00 УББ улсын дугаартай Тоуоtа сhasег маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгспийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Зорчигч Б.А-, Д.М, Б.Б, Г.Т нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна.
3: Гомдол мэдээллийн 1100-10360 тоот материалын хэргийн газрын үзлэг, схем зураг дээр 00-00 УББ улсын дугаартай Тоуоtа сhasег маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөрний тухай тэмдэглэл байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй.
4. Жолооч Т.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг 2.7, 9.2 заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 60-61 ху/,
-Т.Н-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-5 ху/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17, 93-94, 102 ху/
-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 18 ху/
-Хохирогч Д.М-ын өвчний түүх /хх 30-53 ху/
-Мөрдөгчийн тэмдэглэл /хх 121 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 135-136 ху/,
-Хохирлын баримт /хх 158-172, 193-224 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 177 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 09 сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн дундуур явсан засмал зам дээр согтуугаар 00-00 УББ улсын дугаартай Toyota chaser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж Д.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.М-ын “...гэрээс нь гараад Ахмадын буудлаар доошоо уруудаад явж байхад өөдөөс машин гараад ирсэн, тэгээд үрүүлээ баруун дарахад машин 2,3 эргэж байх шиг байсан. Тэгээд би эмнэлэг дээр сэрсэн” /хх 22-26 ху/, гэрч Г.Т- /хх 108 ху/, Х.Ган-Эрдэний /хх 118 ху/, Б.А- /хх 119 ху/, нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний 3,4-р дэлбэнгийн язарсан шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, цус алдалтын дараах хурц цус багадалт, баруун сүүжний дэлбэнгийн хугарал, цээжний баруун талын 12-р хавирга, зүүн талын 10-р хавирганы хугарал, зүүн хацарт зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 856 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Н-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.
Энэ хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч талаас мөрдөн байцаалтын шатанд нийт 6.309.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 158, 177 дугаар хуудсанд авагдсан хохирол төлсөн баримтуудаар нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна гэж үзэв.
Хохирогчийн хувьд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 671971 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт хүргүүлж, 01065596 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Н-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж үүргийг хүлээлгэсүгэй.
5. Шүүгдэгч Т.Н-д оногдуулсан хорих ялыг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ********* дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт хүргүүлж, *********** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА