Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/14

 

 

 

 

 

 2022         07         21                                         2022/ДШМ/14

 

   Б.Эт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Н.Энхтулга,

Шүүгдэгч: Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: Ч.Түвшинжаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Эт холбогдох 2138001280581 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Буурал” овогт Бы Э, 1... оны 10 дугаар сарын .....-ны өдөр Хөвсгөл аймгийн ............. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн ................. сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар.........................../.

Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сумын хогийг ачих зориулалттай тээврийн хэрэгслийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ын 34 дүгээр зүйлд заасан “Шууд гэрээ байгуулах арга”-ыг хэрэглэн гэрээ байгуулсан мэт дүр үзүүлэн “НТэмүүлэл” ХХК-ийн данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлэн Б.Мын 5022280815 дугаартай дансаар дамжуулан авч “Ниссан Атлас” загварын ачааны автомашиныг иргэн Б.Нарангэрэлээс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14,700,000 төгрөгөөр худалдан авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон төрд 4,455,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Буурал овогт Бы Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буурал овогт Бы Эыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,500 /зургаан мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 6,500 /зургаан мянга таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 26 /хорин зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Эаас 4,455,000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргын тамгын газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, Ашид билгүүн ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 2022/ШЗ/211 дугаартай “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамжаар 1/ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 7 дахь хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Эаас 4.455.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргын тамгын газарт олгосугай...” гэж бичигдсэнийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Эаас 4.350.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргын тамгын газарт олгосугай...” гэж Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын 2, 7, 9, 14 хуудаст “4455000 төгрөгийг” гэснийг “4.350.000 төгрөгийг” гэж тус тус залруулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилсан.

Гэтэл тухайлсан хэрэгт миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхийг бүрэн дүүрэн тогтоосон нөхцөл байдал тогтоогдоогүй буюу мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж, хянаагүй байтал шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тэр ч утгаараа өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа гаргасан хүсэлт, гомдолдоо өөрийн үйлчлүүлэгчид холбогдох хэргийг “...гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүй учир... ” хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах байр суурьтай оролцсон.

Тодруулбал тус хэргийн нотолбол зохих байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн шалгаагүй байх тул нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авах шаардлага үүссэн байгаа талаар хэлж, холбогдох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч хүсэлтийг “...урьд гаргаж өгөх боломжит хугацаа байсан...” боловч хэрэгжүүлээгүй гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөх нөхцлийг бүрдүүлсэн. Тодруулбал дээр дурдаад байгаа үйлдэлтэй холбогдох 5,300,000 төгрөгийг миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн амин хувьдаа огт ашиглаагүй гэдгээ нотлуулах зорилгоор дээрх гэрчүүдийг асуулгахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байсан.

Харин маргааны гол зүйл болох хогны машинаас гарсан мөнгийг төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгод нийцүүлэн төрийн өмч болох “Хогны автомашин”-ыг эзэмших, ашиглах, үр ашгийг нь дээшлүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэсэн үйлдэл болох тос маслыг солих, бүтэн будаг, замаск хийлгэх, суудлын бүрээсийг нь шинэчлэх зэрэг зайлшгүй хийгдвэл зохих ажиллагааг тооцоолж, нэмэлт ажлын өртгийг шингээж, ОНХС-ийн хөрөнгөнөөс анх 20,000,000 төгрөгийг зарлагадсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Түүнээс биш улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаж, дүгнэж байгаа шиг хувийн ашиг сонирхлыг илүүд үзсэн зүйл огт биш бөгөөд төрийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзсэн арга хэмжээ болсон.

Магадгүй дээрх шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэн тендерийн баримт бичигт заасан хогны автомашиныг худалдан авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд буюу дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг агуулж байгаа боловч төрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй болно. Тэр ч утгаараа******* сумын ЗДТГ-ын жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан зэрэг жилийн санхүүгийн тайланд Төрийн аудитын хяналт шалгалт хийхэд аливаа зөрчил дутагдал гараагүй болно.

...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зохицуулалтад нийцүүлэн миний үйлчлүүлэгч Б.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сумынхаа хог хаягдлын асуудалд анхаарлаа хандуулж, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, жилдээ 20,000 орос жуулчин авдаг учраас үүнийг бодож, мөнгөө гамнаж чанартай машин авах, дээрээс нь 6 шинэ запас дугуй авах, өнгө үзэмжийг нь сайжруулах ийм зүйл хийгдсэн. Дээр нь НӨАТ-ийн мөнгө, автомашиныг сум руу хүргэх түлшний зардал гарсан. Тэрнээс биш би хувьдаа ашиглан гэсэн санаа бодол хэрэгжүүлээгүй, сүүлдээ ийм зүйл болдог юм байна.  Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгэнт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилгыг бүрэн тогтоогоогүй байж, миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцон ялтан болгох нь хохиролтой нөхцөл байдлыг үүсгэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 59 дугаартай яллах дүгнэлтээр “Б.Эыг Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сумын хогийг ачих зориулалттай тээврийн хэрэгслийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлд заасан “Шууд гэрээ байгуулах арга”-ыг хэрэглэн гэрээ байгуулсан мэт дүр үзүүлэн “НТэмүүлэл” ХХК-ийн данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлэн Б.Мын 5022280815 дугаартай дансаар дамжуулан авч “Ниссан Атлас” загварын ачааны автомашиныг иргэн Б.Нарангэрэлээс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14,700,000 төгрөгөөр худалдан авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон төрд 4,455,000 төгрөг”-ийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль хэрэглээний хувьд:

Анхан шатны шүүх Б. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн болон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э нь******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа хууль тогтоомжоор олгосон албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлын төлөө урвуулан ашиглаж, хийх ёсгүй зүйлийг хийж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлд заасан “Шууд гэрээ байгуулах арга”-ыг хэрэглэн гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлэн 2018 оны Хөвсгөл аймгийн******* сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хогны машин худалдан авахаар тусгагдсан зардлаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “НТэмүүлэл” ХХК-ны данс руу 20,000,000 төгрөг шилжүүлж, бусдын харилцах данс ашиглан буцаан авч, иргэн Б.Нарангэрэлээс “Ниссан Атлас” загварын автомашиныг 14,700,000 төгрөгөөр худалдан авч, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 4,350,000 төгрөгийг авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгон төрд 4,350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Цэнд-Аюуш, гэрч Б.Энхжаргал, Б.М, Б.Нарангэрэл, К.Одгэрэл, Б.Бямбабаяр, Б.Баасансүрэн, Б.Болд, Г.Базар, Ц.Баасан, А.Баттулга нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай төлбөрийн хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргын тамгын газрын орлогын баримт, “Наран Өөд” тэмүүлэл ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн******* сумын засаг даргын тамгын газартай байгуулсан худалдах худалдан авах гэрээ, “Нтэмүүлэл” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5027749838 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Б.Нарангэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5076297859 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Б.Мын эзэмшлийн Хаан банкны 5022280815 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Б.Эын эзэмшлийн Хаан банкны 5905006179 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Г.Шүүдэрийн эзэмшлийн Хаан банкны 5027768001 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Хөвсгөл аймгийн******* сумын ЗДТГ-т хогны машин /өөрөө буулгагч/ нийлүүлэх №ХӨААХХСЗДТГ/201801086 дугаартай ажлын гэрээ, Бараа нийлүүлэх ажлын гүйцэтгэлийн хуваарь, Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, “Нтэмүүлэл” ХХК-ийн 2018 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн “хогны машин худалдан авах” ажлыг хүлээж авсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн акт, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт, “Нтэмүүлэл” ХХК-ийн нэхэмжлэх, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч, гэрчүүд эргэлзээгүй, тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Мөн энэ зүйлийн тайлбарт -Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор заасан.

Давж заалдах гомдлын тухайд:

Шүүгдэгч Б.Э нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн байх ба энэхүү гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан нь өөрт олгогдсон төсвийг зарцуулах бүрэн эрхээ урвуулан ашиглаж тухайн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байсан төсвийн мөнгөн хөрөнгийг өөрийн өмч мэт захиран зарцуулах боломжийг бий болгох хууль бус үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...хэрэгт миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхийг бүрэн дүүрэн тогтоосон нөхцөл байдал тогтоогдоогүй буюу мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж, хянаагүй байтал шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн шалгаагүй, харин маргааны гол зүйл болох хогны машинаас гарсан мөнгийг төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгод нийцүүлэн төрийн өмч болох “Хогны автомашин”-ыг эзэмших, ашиглах, үр ашгийг нь дээшлүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэсэн үйлдэл болох тос маслыг солих, бүтэн будаг, замаск хийлгэх, суудлын бүрээсийг нь шинэчлэх зэрэг ажиллагааг тооцоолж, нэмэлт ажлын өртгийг шингээж, ОНХС-ийн хөрөнгөнөөс анх 20,000,000 төгрөгийг зарлагадсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Түүнээс биш улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаж, дүгнэж байгаа шиг хувийн ашиг сонирхлыг илүүд үзсэн зүйл огт биш бөгөөд төрийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзсэн арга хэмжээ болсон.

Магадгүй дээрх шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэн тендерийн баримт бичигт заасан хогны автомашиныг худалдан авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд буюу дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг агуулж байгаа боловч төрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй болно...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тодруулбал, Б.Э нь “НТэмүүлэл” ХХК-аас “Ниссан Атлас” загварын автомашиныг худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан уг компаний данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн, тухайн мөнгийг Б.М болон эхнэрийнхээ дансаар дамжуулан авсан, иргэн Б.Нарангэрэлээс 14,700,000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдаж авсан ба тендерээр 20 сая төгрөгийн үнэлгээтэй автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 4,350,000 төгрөгийг авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгон төрд 4,350,000 төгрөгийн хохирол учруулснаар дээрх гэмт хэрэг төгссөн байна.

Түүнчлэн “Ниссан Атлас” загварын 5010 ХӨҮ улсын дугаартай авто машиныг Хөвсгөл   аймгийн   Ханх   сумын   Засаг    даргын   тамгын   газраас   комисс   гарч

хүлээн авсан хэдий ч уг автомашин нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны байдлаар шүүгдэгч Б.Эын нэр дээр байгаа нь Тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна /хх-ийн 168 тал/.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон нөхөн төлүүлэх зардал төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас төрд 4,350,000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх бөгөөд уг хохирлоо нөхөн төлөөгүй байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу дээрх төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргын тамгын газарт олгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний зардал, замын зардлын төлбөрт 550,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                                ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

                                                                                     Л.ЭРДЭНЭБАТ