Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/330

 

    2017         12             13                                             330

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н холбогдох эрүүгийн 1738004080160 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух П.Д-ийн гэрт согтуугаар хэрүүл маргаан үүсгэн зүүн чихний дэлбээнд заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух П.Д-ийн гэрт согтуугаар хэрүүл маргаан үүсгэн зүүн чихний дэлбээнд заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Б-гийн нөхөр Д- эхнэрийгээ элдвээр хэлээд доромжлоод байхаар нь Б-г өмөөрөөд Д- руу чи яахаараа эхнэрээ элдвээр хэлж доромжилдог юм гэсэн чинь намайг алгадчихсан. Тэгэхээр нь би хэрэлдэж байгаад ширээн дээр ил харагдаж байсан заазуурыг аваад Д-гийн зүүн чих орчим нь ар хэсгээр нь цохичихсон. Тэгсэн чинь чихнээс нь цус гарч байгаа харагдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримт хэрэгт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 4 дүгээр хуудас/,

Хохирогч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Б-, А- хоёр гаднаас ороод иртэл Д.Н гэнэт босож ирээд та нар А-тайгаа сайхан амьдраарай гээд хашгираад орноосоо босоод ирсэн. Та нар юу юм гээд гараараа орлуу түлхсэнээ цаашаа яваад миний мах хөшиглөж байсан заазуурыг барьж аваад чамайг алчихна шүү гэхээр нь би арай ч цохичихгүй байх гэж бодоод чаддаг юм бол цохихгүй юу гэсэн чинь миний зүүн далны доод хэсэгт заазуураараа цохиод дараа нь миний толгой хэсэг рүү цохисон. Тэгсэн А- Д- ахаа таны чихнээс цус гараад байна гэхээр нь тэмтрээд үзтэл зүүн чихнээс цус гарч байсан...Би эмчилгээний зардал 15.000 төгрөг нэхэжилнэ ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр би нөхөртэйгээ маргалдсан сэтгэл санаа тийм байсан болохоор Д.Нтай хамт пиво авч уусан. А- бид хоёр дэлгүүр явчихаад гаднаас ороод иртэл Д.Н гэнэт та нар наад хүүхнээ шүтэж амьдраарай гээд уурлаад босож ирээд манай нөхөртэй маргалдаад байсан. Тэгээд манай нөхөр уурлаад над руу дайрахаар нь би айгаад гараад зугтаачихсан. Би гараад хашааны үүдэнд 2 орчим минут болоод ороод иртэл П.Д-ийн зүүн чихнээс нь цус гарчихсан байхаар нь гайхаад асуутал Намжилпагмыг заазуурдчихлаа ш дээ цагдаа дуудсан гэсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б- эгчтэй дэлгүүрлүү тамхинд явчихаад ирсэн чинь нөгөө танихгүй эгч би явлаа гэчихсэн байж байсан. П.Д- ахын дээр нь гарч мордсоноо цүнхээрээ цохиод байсан. Тэгсэн П.Д- ах босож ирснээ би чамд өдөржингөө зодууллаа гэснээ тэр эгчийг нэг удаа алгадчихсан. Тэгсэн нөгөө эгч ширээн дээр ил байсан заазуурыг шүүрч авснаа чамайг хутгалчихъя гэснээ П.Д- ахын зүүн чих орчим заазуураараа цохичихсон. Тэгтэл П.Д- ахын зүүн чихнээс нь цус гарсан. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 711 тоот

1. П.Д-ийн биед чихэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. П.Д-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738004080160 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Н нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 29 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч нь П.Д- эмчилгээний зардал 15.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Нас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738004080160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй заазуурыг устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  Д.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

     4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч П.Д- нь 15.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч  Д.Н жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

      5. Эрүүгийн 1738004080160 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй заазуурыг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст  даалгасугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР