Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

 

Х.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.Д /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Х.Оын давж заалдсан гомдолд үндэслэн 2219000900103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн Х-ын О,

 

Холбогдсон хэргийн талаар: Х.О нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Арын уурын зуухны ар задгайд байх хохирогч С.Зтай түүний гэрт үл ялих зүйлээс маргалдаж улмаар зуухны тагаар түүний гаран тус газарт мөн гараараа толгойн тус газарт тус тус цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Х-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.О давж заалдсан гомдолдоо “...би 4-16 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, би Дорноговь аймгийн Алтанширээ сумын малчин Х-ынд туслах малчнаар ажилладаг, сард 450,000 төгрөгийн цалинтай, 3 хүүхдийн 300,000 төгрөг, өрх толгойлсон ганц бие эмэгтэйн тэтгэмж улирлаар 420,000 төгрөгийн орлоготой. Би айлд туслах малчин хийдэг бөгөөд хэрэв уг ажлаа хийхгүй бол амьдралаа авч явахад хэцүү болно. Би торгох ялыг өөрийн сарын орлогоосоо төлж барагдуулах боломжтой. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв. 

 

Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн үеийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй гэсэн. Анхан шатны шүүхээс Х.От нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг прокурорын зүгээс тухайн хүний хувийн байдалтай тохирсон, үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад  анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Тодруулбал:

 

1/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан байна. Мөн аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь зөвхөн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ёстой.

 

Дээр дурдсан хууль зүйн ойлголт болон хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгчийн холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянахад:

 

Шүүгдэгч Х.Оын 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Арын уурын зуухны ар задгайд оршин суух, хохирогч С.Згийн гэрт түүнтэй үл ялих зүйлээс маргалдаж улмаар зуухны тагаар түүний гаран тус газарт мөн гараараа толгойн тус газарт тус тус цохиж, хохирогчийн биед тархи доргилт, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт болох хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шийтгэх тогтоолд дурдсан бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогджээ.

 

Хохирогч, гэрчүүдээс гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдэгдсэн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчөөгүйн гадна тэдгээрийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон, хэргийн бодит байдалд нийцэж байх тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ. 

 

Мөн шүүгдэгчийн үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар хохирогчоос үнэн зөв мэдүүлсний гадна шинжээч эмчээс “...С.Згийн биед тархи доргилт, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь өндөр хэмийн болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учирсан тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж 02/0125 дугаар дүгнэлтдээ гэмтлийг тодорхойлж, тогтоосон, энэхүү дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан /1 хх 23,24/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн ба мөн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “оролцогч шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт” гаргаагүй байна. 

 

            Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан үр дагаварт хүргэх байдлаар илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон нөхцөлд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцдог учиртай.

 

Шүүгдэгч Х.Оын холбогдсон хэргийн тухайд мөрдөгчөөс уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд шалгасан,  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүйн гадна мөрдөгч, прокуророос нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

2/ Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц-аас шүүгдэгч Х.Оын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгч Х.Оын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль ёсны, шударга ёсны зарчим нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад тохирчээ.

 

Шүүгдэгчээс хэргийг мөрдөн шалгах явцад болон хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, мэдүүлсэн ба хохирогчид учирсан эмчилгээний төлбөрийг шүүгдэгчээс нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдалд анхан шатны шүүхээс үндэслэлтэй, зөв  дүгнэлт хийсэн байна. 

 

3/ Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч Х.Оын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын шинж чанарт тохирсон төдийгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх ба шүүгдэгчийг байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой болохыг нотолсон баримтгүй тул  шүүгдэгчийн гаргасан “...нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй юм.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн Х.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Оын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

 

                                                                                                 Н.БОЛОРМАА