| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0148/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 144
2017 оны 11 сарын 13 өдөр 2017/ШЦТ/144 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0148/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Я.Сансар,
Иргэдийн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг,
Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халбин овогт Эрдэнэбатын Сод холбогдох 1739001720034 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг “Сөөгтий” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Халбин овогт Эрдэнэбатын С / /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.С нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар баг “Сөөгтий” гэх газар А.Нтай маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн А.Нн цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны шөнө Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг “Сөөгтий” гэх газар А.Нтай маргалдан цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч А.Нн мөрдөн байцаалтан өгсөн: “... С надад би чамайг хүний хүн биш байсан бол гэртээ дуудуахгүй байсан гэж хэлсэн, тэгэхээр нь би уурлаад Сод би тэгээд хүний хүн биш юу юм гэж хэлсэн, энэ яриан дээрээс болж маргалдаж муудалцаад би уурандаа Сын нүүр лүү нэг удаа гараараа цохичихсон. С бид хоёр хоорондоо үргэлжлүүлэн маргалдаж муудалцаж зодолдоход Сын найз охин Болортуяа бид хоёрыг болиулах гэж оролдож байх шиг байсан ... Болортуяагийн үгийг тоогүй хоорондоо зодолдоод байсан тэгээд Сын гэрээс нь цувраад гарцгаасан би түрүүлээд гарсан. ... гадаа гараад хоорондоо зодолдсон тэгээд зодолдож байхдаа С миний зүүн дал, суганы суганы орчимд нэг зүйлээр хатгах шиг болсон тухайн үедээ юугаар хатгасныг мэдээгүй. ...би Стой зууралдаад дээр доороо орж зодолдож байхдаа Сын зүүн гарын бугалганы орчимд нь Сын намайг хатгасан зүйлээр нь Сыг бас хатгачихсан юм шиг байгаа юм. Тэгээд С бид хоёр хоорондоо зодолдохоо болиод салцгаасан бөгөөд би гэрийн гадаа жоохон хэвтэж байгаад Сын гэрлүү ороод унтаж амарсан. ... Болортуяа нь С та хоёр өчигдөр шөнө бие биенийгээ хутгалсан гэж байсан тэгэхээр нь би Сод хандан чи хутга бариад байхдаа яадаг юм бэ гээд бага зэрэг уурласан....” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 23-25 хуудас/
Гэрч Г.Энхцэцэгийн мөрдөн байцаалтан өгсөн: ... “Дадал суманд ирэхэд миний хүү С өөрийн найз Нтайгаа маргалдаж муудалцаад Нгаа хутгалсан сурагтай байсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 33 хуудас/
Гэрч Э.Болортуяагийн мөрдөн байцаалтан өгсөн: ... “С, Н хоёр уг архиа хувааж уусан тэгээд архи нь дуусангуут манай найз залуу С гэрт байсан 2.5 литрийн боргио пиво гаргаж ирээд Н, С хоёр хувааж уусан С гэрт байсан нэрмэл архиа гаргаж ирээд Нтай бас хувааж уусан тэгээд С нэрмэл архиа ууж байгаад Нд хандан найз нь чамайг хүний хүн гэж бодсон бол гэртээ урихгүй байсан гэж хэлж яриад үгээ дуусгаагүй байхад нь Н нь Сын үгийг дуусгалгүй шууд уурлаад чи намайг хүний хүн гэлээ гээд Стой маргалдаж муудалцаад Сын нүүрлүү гараараа нэг удаа шууд цохиод авсан тэгэхээр нь би Нг болиулаад гэрээсээ гаргахад С Нд цохиулсан уурандаа гэрийн зүүн талд байх хоолны шүүгээн дотроос бариулын хэсгийг нь скочоор ороосон хоолны хутга аваад Нгийн араас гэрээс гарсан. Би удалгүй араас нь гарахад манай найз залуу С газар уначихсан дээр нь Н сууж байх шиг харагдсан тухайн үед шөнө харанхуй байсан учир би бас тодорхой бол харж чадаагүй намайг очиход Н цаашаа яваад өгсөн ... Сын зүүн гарын бугалганы дотор талд зүсэгдсэн байсан бөгөөд уг зүсэгдсэн шархнаас цус гарч байсан. Н гэрт орж ирээд унтсан. ... Н өглөө босоод Сод чи намайг энд хутгалчихсан байна штээ гээд зүүн гарын далны орчмын хэсгээ гараараа зааж байсан....” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 36-37 хуудас/
Сэжигтэн Э.Сын мөрдөн байцаалтан өгсөн: “.. Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз охин Болортуяагий хамт Хэнтий аймаг Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг Сөөхий гэх газарт байх өөрийн гэрээсээ мотоциклтойгоо сумын төв орж цөцгийгээ зарах гээд явсан, тэгээд Болортуяа бид 2 сумын төв дээр орж ирээд цөцгийгөө зарж дуусчихаад гадуур мотоциклтойгоо явж байгаад Н, Ононхүү хоёртой таарсан, тухайн үед ойролцоогоор 17 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Яг цагийг нь бол тодорхой сайн санахгүй байна, тэгээд би өөрийн найзууд болох Н, Ононхүү хоёрт хандан маргааш манай найз гэрт ирнэ, та хоёр ч гэсэн манай гэрт ирээрэй гэж хэлсэн. Тэгээд хөдөө гэртээ очоод гал түлж цайгаа халааж уучихаад орондоо ороод унтаж амарцгаасан юм. Тэгээд Болортуяа бид 2-ыг гэртээ унтаж байхад ойролцоогоор 00-01 цагийн орчим Н, Ононхүү хоёр нилээн согтуу мотоцилтойгоо ирсэн. Тэгээд 0.75 литрийн Улаанбаатар нэртэй тал шил архитай ирсэн бөгөөд уг архийг нь Н, Ононхүү бид гурав хувааж уусан. Ононхүү архиа ууж дуусгаад тасраад унтаад өгсөн. Тэгээд би сумын төвөөс гэртээ ирэхдээ авсан 2.5 литрийн Боргио нэртэй пиво гаргаж ирээд Н бид 2 хувааж уусан. Уг пиво маань дуусахад би гэртээ байсан 1 литрийн нэрмэл архи гаргаж ирээд Н бид 2 уусан. Тэгээд би тасарчихсан бөгөөд цааш нь юу ч санахгүй байна. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ойролцоогоор 10 цагийн үед сэрэхэд миний зүүн гар даагдахгүй, зүүн гарын бугалганы дотор талд маань зүсэгдчихсэн боолтоор боочихсон байсан. Тэгээд би Нд хандан юу болсон юм бэ, миний гар яачихсан юм гэхэд Н надад хандан санахгүй байгаа юм уу? Гэж хэлсэн тэгэхээр нь би Нд хандан санахгүй байна гэж хэлэхэд Н надад хандан чи намайг хутгалсан байна гэж хэлсэн ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №2017.285 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 55 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Сын зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй болон түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг харгалзан түүнд оногдвол зохих хорих ялыг хөнгөрүүлж оногдуулан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халбин овогт Эрдэнэбатын Сыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцусай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Сыг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сод оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариулыг нь скочоор ороосон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Сод авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.УЯНГА
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ