Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

  

Б.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй, цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Л.С /цахимаар/,

Шүүгдэгч: Б.С /цахимаар/

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/162 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор Л.Содбаярын эсэргүүцлээр яллагдагч Б.Ст холбогдох 2120000430086 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Э овогт Б-ын С

 

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчим  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Мэргэжлийн хяналтын 133 дугаар байрны * тоотод өөрийн эхнэр Б.Хийг бие засах өрөөнд дуудахад ирсэнгүй гэх шалтгаанаар гараараа хоолойг  нь боож, зүүн хацар хэсэгт гараараа алгадаж газар унахад нь хөлөөрөө эрүү, чих хэсэгт нь өшиглөж түүнчлэн маргааш өглөө нь буюу 2022  оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Хийг хүү ханиад хүрсэн юм шиг байна гэхэд нь уурлаж, хоолойг нь боож, гараараа цээж, хэвлий хэсэг рүү цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулд няцарсан шарх, баруун чихэнд зулгаралт, дээд уруул, эрүү, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт, баруун өвдөгөнд зулгаралт бүхий хүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 137 дугаар байрны гадаа 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед иргэн У.Цтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Л.С-аас шүүгдэгч Б.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ст холбогдог хэргийг  эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу 1. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай, 2. ... гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, 3. ... гэрчийн мэдүүлэг уншихад бэрхшээлтэй, гаргацгүй, 4. ... хохирогч У.Цийг хэрхэн, хаана нь яаж зодсон, ямар үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсаныг тогтоогоогүй, прокурор яллах дүгнэлтдээ дүгнээгүй, 5. ... шүүгдэгчийн үйлдлийг тус тусад нь зүйлчилсэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгосон, оногдуулах ялыг нэмж нэгтгэх санал гаргасан тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг зөрчих боломжгүй гэсэн үндэслэлүүдээр дээрх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

 

Шүүгчийн захирамжийг прокурор, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.С давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн 2220000430086 дугаартай Б.Ст холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Тус хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн 2022/Ш3/162 дугаартай захирамжаар дараах үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаан эцэслэн шийдвэрлэжээ. ... Шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана..." гэж заасныг шүүх хэрэгжүүлэх эсхүл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байна.

Түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 4435 дугаартай дүгнэлтэд “..шинэ хугарал..." гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх дээрх шийдвэр гаргахад нөлөөлөхүйц баримтыг үнэлээгүй бөгөөд яагаад үнэлээгүй талаар шүүх шийдвэртээ тусгаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч, яллагдагч нараас гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хуульд заасан хохирогч Б.Хийн мэдүүлэг нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгдсэн болохыг анхаарч үзнэ үү.

Хоёр. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй ба түүний эрхийг хязгаарласан. Учир нь: Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлж, зарим тохиолдолд шүүгчийн асуултад хариулахдаа зарим зүйлд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөгүйг үндэслэн “..гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлгүй.” гэж дүгнэсэн түүний эрхийг хязгаарласан. Учир нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй..” гэж заасан байна. Шүүгдэгч Б.С нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулсан үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан яллагдагчийн мэдүүлэг, прокурорт гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт”, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал"-ыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “...би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна.." гэж тууштай мэдүүлсэн болно.

Хэдийгээр хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журамд зааснаар “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” нөхцөл байдлыг хянах боловч энэ нь шүүгдэгчийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг анхаарч үзнэ үү.

Гурав. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар "хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нь ... нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасан бөгөөд тухайн нотлох баримт нь “..уншихад бэрхшээлтэй, гаргацгүй бичигдсэн.." гэж үзвэл үнэлэхгүй байх эрх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал болно. Харин хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд хохирогч Б.Хийн мэдүүлэг, түүнд хавсаргасан фото зураг, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 4435 дугаартай дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/885 дугаартай шийтгэх тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг үнэлж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсныг анхаарч үзнэ үү.

            Дөрөв. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “..яллагдагчийн эцэг /эх/- ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл..”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоох хэсэгт “..яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал; яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдөр...” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хавсралтад "шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа, хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл, эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө..” зэргийг тусгана гэж хуульчилжээ. Үүний дагуу прокурор яллах дүгнэлтэд тусгавал зохих дээрх асуудлыг бүрэн тусгасан болно. Монгол хэлний тайлбар тольд зааснаар "зодох” гэдэг үг нь “цохих” гэсэн утгыг илэрхийлэх талаар тайлбарласан ба прокуророос яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээр нь товч, тодорхой тусгасан болохыг анхаарч үзнэ үү.

            Тав. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна. Шүүхээс Б-ын С нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Мэргэжлийн хяналтын 133 дугаар байрны ** тоотод өөрийн эхнэр Б.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн түүний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 137 дугаар байрны гадаа 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагийн үед иргэн У.Цтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх 2 үйлдлийг “үргэлжилсэн нэг гэмт хэрэг” гэж дүгнэсэн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Сын хувьд 2021 оны 9 сард хохирогч У.Цийн, 2022 оны 03 дугаар сард өөрийн эхнэр хохирогч Б.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн боловч өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, гэмт хэргийн өөр өөр шинжээр үйлдэгдсэн буюу тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Дээрх бие даасан 2 гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж ял оногдуулбал шүүгдэгчид ял завшуулах бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “..Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно..." гэж заасны баримтлан ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “..прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан бөгөөд хэрэв шүүх “..прокурорын сонсгосон ял, албадлагын "-ийн дотор буюу шүүгдэгч Б.Ст оногдуулах ялын хэмжээг түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр багасгах эрхтэй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч, яллагдагч нараас гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хуульд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа болно.

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар зохицуулагдсан бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, холбогдогч хүмүүсийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй ажиллагаа байхаар хуулиар тусгай бүлэг болгон тогтоож өгсөн байгааг анхаарч үзнэ үү.

Иймд Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/3/62 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

            Шүүгдэгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй санал нэг байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаярын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяраас шүүгдэгч Б.Сыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 137 дугаар байрны гадаа 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед иргэн У.Цтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Мэргэжлийн хяналтын 133 дугаар байрны 04 тоотод 2022 оны 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд өөрийн эхнэр Б.Хийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 1. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай, 2. ... гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, 3. ... гэрчийн мэдүүлэг уншихад бэрхшээлтэй, гаргацгүй, 4. ... хохирогч У.Цийг хэрхэн, хаана нь яаж зодсон, ямар үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсаныг тогтоогоогүй, прокурор яллах дүгнэлтдээ дүгнээгүй, 5. ... шүүгдэгчийн үйдлийг тус тусад нь зүйлчилсэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгосон, оногдуулах ялыг нэмж нэгтгэх санал гаргасан тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг зөрчих боломжгүй гэсэн үндэслэлүүдээр дээрх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хэргийг прокурорт буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай шүүгчийн захирамжийг хянан хэлэлцээд дараахь дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлийг “... шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон ...” гэжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх ийнхүү нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлээ “... хохирогч Б.Хийн биед учирсан гэмтлийг шүүгдэгчийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үйлдийн улмаас үүссэн эсэх, өмнө нь түүний биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь бүрэн эдгэрэх боломжтой эсэх, дахин энэ төрлийн гэмтэл авсаны дараа шинэ, хуучин гэмтлийг ялгах боломжтой эсэхийг тодруулах ...” гэж тодорхойлсон нь дээрх хуульд заасан нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлд нийцээгүй гэж үзэв.

 

Учир нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар дээрх нөхцөл байдлыг тодруулах боломжтой ба энэ нь  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм.

 

2. Шүүгдэгч Б.Сын хувьд хохирогч Б.Х, У.Ц нарын биед хөнгөн гэмтэл учруулсан, тэдний бие, эрүүл мэндэд халдсанаа хүлээн зөвшөөрдөг боловч тэднийг хэрхэн яаж зодсоноо тодорхой мэдүүлээгүй нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч ... хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” болохыг анхан шатны шүүх анхаараагүй.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч Ш.О-ийн мэдүүлгийн бичвэрийг гаргацгүйн улмаас үнэлэх эсэхийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтыг эх сурвалжийг магадлах аргаар шалгах журамд нийцээгүй, шаардлагатай гэж үзвэл гэрч Ш.О-ийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана: ... 3.2-т яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт ... , ... 4 дэх хэсэгт яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана: ... 4.1-т яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх ... гэж прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд тусгавал зохих асуудлыг зохицуулжээ.

 

Прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Сыг  “... У.Цтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр ...” гэж заасан нь  дээрх яллах дүгнэлт үйлдэх журмыг зөрчөөгүй ба анхан шатны шүүх шаардлагатай гэж үзвэл гэрч, хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах, хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг шинжлэн судлах замаар хэргийн үйл баримтыг тодруулан тодорхойлох боломжтой болно.

 

5. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн байхад прокуророос хэргийг үйлдэл тус бүрд зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Сын 2 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч, тухайн гэмт хэргийг өөр өөр бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзсэн атлаа үйлдэл тус бүрийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь дээрх хуульд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт нэмэлт орж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба энд зааснаар шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлт дахин гаргуулах ажиллагаа явуулах тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж, энэ тухай прокурорт даалгаж шийдвэрлэхээр зохицуулсан тул энэхүү хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэх тохиолдолд  хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар хуулийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжид багтаан зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлт дахин гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг мөн хуулийн 5-д заасан хугацаагаар буюу 30 хоногийн хугацаагаар хойшлуулахаар шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Улмаар прокурорын эсэргүүцэлд зааснаар  шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тул түүний эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл,  39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дах Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/162 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт удирдлага болгосон хуулийн зүйл заалтаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1.2 ...” гэснийг хасч,  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  ... 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 ... “ гэж нэмж, захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч Баасанбаярын Ст холбогдох эрүүгийн 2220000430086 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.” гэснийг,

 

“Шүүгдэгч Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 30 хоногийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлт дахин гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгасугай.” гэж өөрчлөн,

 

3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, 3 дугаар заалтад “Энэхүү шүүх хуралдаан хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй.” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Л.С-ын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ