Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/2019/03626/и

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00327 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Н-гийн хариуцагч НШШГГ-т холбогдох Ц.Н-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс аливаа шийдвэрээр мөнгө болон эд зүйлсийг гаргуулж бусдад олгох тухай ямар ч шүүхийн шийдвэр гараагүй, аливаа шүүхийн шийдвэрээр бусдад төлөх ямар ч төлбөр байхгүй болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Н- “Э ХХК-д төлөх төлбөртэй, төлбөр төлөгч харьцаж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 226/02 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр 356 312 020 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор төлөхийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 221/01 дугаар зарлан дуудах мэдэгдлээр мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх ажиллагаануудыг дахин явуулж иргэн миний эрх ашгийг хөндөж 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 226/07 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр 571 521 180 төгрөгийг төлөх, мөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 229/09 дугаар мэдэгдлээр НШШГГ-т 09 цаг 00 минутад ирэхийг даалгасан. Шийдвэр гүйцэтгэгч Б.Ононтамираас ямар үндэслэлээр иргэн надад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг асуухад Улсын Дээд шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар тогтоол, уг тогтоолын үндэслэн бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн ажиллагаа явуулж байгаа талаар хэлсэн.

Ц.Н- нь “Э ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй бөгөөд уг иргэний хэрэг нь “Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Г-, С.Ч- “Э С” ХХК-д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 665 дугаар шийдвэрийг гаргасан, Нийслэлийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар тогтоолоор “Э ХХК болон “Э С” ХХК-ийн байгуулсан 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 46 тоот гэрээг цуцалж, “Э С” ХХК-аас 354 445 000 төгрөг гаргуулж, “Э ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн ДСП-6 маркийн цахилгаан зуухыг гаргуулж, “Э С” ХХК-д тус тус олгож, С.Ч-, Ч.Г- нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан.

Ц.Н- нь “Э С” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Ц.Н-г дээрх хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч мэтээр үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Дээрх шүүхийн шийдвэрүүдээр “Э С” ХХК-аас 354 445 000 төгрөг гаргуулж, “Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд иргэн Ц.Н-гаас 354 445 000 төгрөг гаргуулж, “Э ХХК-д олгохоор шийдвэрлээгүй.

НШШГГ-ын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Ц.Н-гийн гэрийн дундын эд хөрөнгө болох Samsung 51 инчийн телевизор, ханын стенк, бор өнгийн буйдан, цагаан өнгийн буйдан, ширээ, хөргөгч, ус цэвэршүүлэгч, гал тогооны тавилгыг битүүмжилсэн бөгөөд эдгээр эд хөрөнгөнүүд нь Ц.Н-гийн гэр бүлийн хөрөнгө болохоос “Э С” ХХК-ийн хөрөнгө биш. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан, “Э С” ХХК-аас шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар гаргуулах ёстой атал НШШГГ-ын 226 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.О-нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй иргэн Ц.Н-гаас төлбөр гаргуулахаар ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Тухайн үед Ц.Н-гийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор “Э ХХК-д “Э С” ХХК нь 354 445 000 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар ямар ч мэдээлэл байгаагүй байхад үндэслэлгүйгээр удаа дараа ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээс санаатай зайлсхийвэл эрүүгийн гэмт хэрэг болно гэж тулгаж мэдэгдлүүд дээр гарын үсэг зуруулсан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Э С” ХХК-ийн “Э ХХК-д төлөх 356 312 020 төгрөгийг төлбөр төлөгч “Э С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Н- намайг төлөх мэтээр үзэж иргэн Ц.Н-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 665 дугаар шүүхийн шийдвэрээр “Э С” ХХК-аас 354 445 000 төгрөгийг гаргуулж “Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч “Э С” ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлсэн боловч төлбөрийн шаардлага хангаагүй тус компани нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Шим” ХХК-ийн байр, 1 давхар, 2 дугаар корпуст үйл ажиллагаа явуулдаггүй, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаас бүртгэлтэй эсэх, ашигт малтмал, газрын тосны газарт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эсэх, нийслэл болон 9 дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмшил ашиглалтад газар бүртгэлтэй эсэхийг тодруулахад эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын лавлагаагаар “Э С” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Ч- 60 хувь, Ц.Н- 40 хувь эзэмшдэг нь тогтоогдсон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухай хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын “Э С” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийхдээ Ц.Н-гийн хувийн өмчид холбогдуулан явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр “Э С” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийхдээ Ц.Н-гийн хувийн өмчид холбогдуулан явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч “Э С” ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөрийн шаардлага хангаагүй тус компани нь оршин байх хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад эд хөрөнгөгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байх тул “Э С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2010250040840 дугаар тогтоолоор 7 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Ц.Н- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр “Э С” ХХК-аас 354 445 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э ХХК-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаар магадлалаар, Улсын дээд шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэгт баримтаар авагджээ. Хариуцагч шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4364 дугаар Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Э С” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Н-гийн өмчлөлийн зурагт самсунг 51 инч, хананы стенк, бор өнгийн буйдан, хүрэн бор өнгийн ширээ, хар өнгийн хөргөгч, цагаан өнгийн ус шүүгч, хар өнгийн гал тогооны тавилга зэрэг хөдлөх хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 201025040840 тоот тогтоолоор битүүмжилсэн нь хуульд нийцэхгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Гэр ахуйн өдөр тутмын хэрэгцээний “Э С” ХХК-ийн өмчлөлөөс ялган зааглах бүрэн боломжтой битүүмжилсэн хөдлөх эд хөрөнгүүдийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгөөс зааглагдаагүй эд хөрөнгө гэж үзэхгүй.

 

Ц.Н- нь “Э С” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч мөн хэдий ч хариуцагч байгууллага нь “Э С” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад эд хөрөнгийг битүүмжлэхдээ Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэснийг зөрчсөн байна.

 

Шүүхийн шийдвэрт төлбөрийг хувьцаа эзэмшигчээс гаргуулахаар заагаагүй тул шүүхийн шийдвэртэйгээс бусад ямар ч тохиолдолд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцах, нөхөх хариуцлага хүлээх ёсгүй талаарх хуулийн зохицуулалтыг шүүх зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр НШШГГ-ын “Э С” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь зөв, нэхэмжлэгч Ц.Н-гийн өмчлөлийн зурагт самсунг 51 инч, хананы стенк, бор өнгийн буйдан, хүрэн бор өнгийн ширээ, хар өнгийн хөргөгч, цагаан өнгийн ус шүүгч, хар өнгийн гал тогооны тавилга зэрэг хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн нь хуульд нийцэхгүй тул уг хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй.

 

            Шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар гарсныг дээрх байдлаар зөвтгөх нь зүйтэй.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00327 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын “Э С” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийхдээ Ц.Н-гийн хувийн өмчид холбогдуулан явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэснийг “Э С” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах ажиллагааны явцад НШШГГ-ын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 201025040840 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор Ц.Н-гийн гэрийн эд хогшил зурагт самсунг 51 инч, хананы стенк, бор өнгийн буйдан, хүрэн бор өнгийн ширээ, хар өнгийн хөргөгч, цагаан өнгийн ус шүүгч, хар өнгийн гал тогооны тавилга зэргийг битүүмжилснийг чөлөөлсүгэй” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч НШШГГ- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ