| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0149/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 145
2017 оны 11 сарын 13 өдөр 2017/ШЦТ/145 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0149/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч О.С нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирбатын Ст холбогдох 1739000800021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1978 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Овоот гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Багануур дүүргийн 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Очирбатын С / /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.С нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг “Хөх нуур” гэх газар иргэн Ц.Нтэй маргалдан улмаар Ц.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.С нь 2017 оны 08 дугаар сарын 07-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг “Хөх нуур” гэх газар иргэн Ц.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Нийн мөрдөн байцаалтан өгсөн: “....Би Хэнтий амйгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг Хөх нуур гэх газарт оршин суудаг. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 21 цагийн орчимд гэртээ ганцаараа 2 лааз 0,5 литрийн нийсэл пиво, 1 литр нэрмэл архи уучихаад Сын гэрлүү мотоцикльтой очсон. Тэгтэл С гэртээ 0.75 литрийн дээрээс нь задлаад уусан архи ширээн дээрээ тавьчихсан байж байсан. Намайг ороход гэрт нь Машбат, Золжаргал нар тасраад унтчихсан байсан. Тэгээд би Стай архийг хувааж уусан. Тэгээд С бид хоёр хонь мал хяргах асуудал дээрээс болж маргалдсан. Тэгээд Стай маргалдаж байгаад гадагшаа гаръя гэж хэлж байснаа санаж байна. Тухайн үед болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Уусан архиндаа согтоод болсон асуудлыг санахгүй байна. ... нэг сэргэхэд Баянхонгор Баяраагийн хүүхэд миний цээжин дээр дарчихсан байж байсан. Баянхонгор Баяраа Сыг аваад гэрлүүгээ явж байсан. Миний чихнээс цус гарч байсан. Маргааш өглөө нь босоод толинд хартал нүд хөхөрчихсөн, зүүн чих дээд талдаа сэтэрчихсэн мөн дээд уруулны зүүн хэсэгт сэтэрчихсэн байсан. Тэгээд би сумын төв рүү эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Тухайн үед цагдаа ирэхээр нь хэнд зодуулсан гэдгээ мэдэхгүй гэж хэлсэн яагаад гэвэл нэг нутагт амьдардаг найз нөхөд хүнээ зодсон гэж хэлэхээс санаа зовоод байсан юм. Сыг өөрөө ирээд уучлал гуйх байх гэж итгэсэн боловч ирээгүй тэгээд цагдаад хандсан. ... Намайг С зодож миний биед гэмтэл учруулсан намайг зодож байхыг Баянхонгор Баяраа болон эхнэр Жаргал нар нь харсан байх. ... Би дээд уруул, зүүн чихний сэтэрсэн хэсгийг хагалгаанд оруулж эмчлүүлэх зардал нэхэмжилнэ. Намайг эмчлүүлээрэй гэж 310.000 төгрөг өгсөн боловч тэр мөнгө нь өвчин намдаах эм тариа болон боолт цэвэрлэгээ хийлгээд дууссан.....” гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 8-9 хуудас/
Сэжигтэн О.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Хөх нуур гэх газарт байрлах гэртээ 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Золжаргал болон Машбат нарын хамтаар 2 шил 0.75 литрийн архи хувааж уучихаад Золжаргал Машбат нар тасраад унтчихсан. Би унтах гээд байж байсан чинь Н манай гэрт согтуу мотоцикль жолоодоод ганцаараа ирсэн. Тэгээд Ц.Н манай гэрт согтуу орж ирэхээр нь би тал шил архи гаргаж өгөөд тэр архийг уучихаад надад агсан тавьж эхэлсэн. Тэгээд надтай маргалдаад намайг ална гээд боогоод унагахаар нь би толгой уруу нь хэдэн удаа гараараа цохисон....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017.090 дугаартай дүгнэлт. /Хх-ийн 19 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Сын иргэн Ц.Нийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Очирбатын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд төлж дуусгахыг шүүгдэгч О.Ст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ