Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

  

  Л.Б, Ц.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Шүүгдэгч: Л.Б,

Шүүгдэгч: Ц.Т,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.Г,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн 2022/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Гийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт холбогдох 2019002270013 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:  

 

1. Ж овогт Л-ийн Б

 

2. Б овогт Ц-ийн Т

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12, 21, 28-ны өдрүүдэд болон 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал буюу жонш олборлосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Л-ийн Б, шүүгдэгч Б овогт Ц-ийн Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.Б нарыг 5.400 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.Б нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 1 дүгээр хавтаст хэргийн 131, 140 дүгээр хуудсанд авагдсан Л.Б-ийн эзэмшлийн 82-** УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн эксковатор, 17-** УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн тээврийн хэрэгсэл, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлжийн 231 тоотод байгаа 5 ханатай монгол гэр зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 5/01, 5/02 тогтоолуудыг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Л.Б-ийн эзэмшлийн 82-** УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковатор, 17-** УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийг хурааж улсын орлого болгохыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Т нараас шинжээчийн зардал 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Н ХХК-д /Улаанбаатар хот БЗД 14-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, утас *****/  олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Л.Б, Ц.Т нарын өмгөөлөгч Э.Г давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Л.Б, Ц.Т нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Энэхүү гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлосон ашигт малтмал юм. Үүнээс үзэхэд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь хууль бусаар газрын хэвлийд халдсан байхыг шаардсан байдаг. Өөрөөр хэлбэл газрын хэвлийд халдах тодорхой үйлдэл хийхийг шаардсан байдаг.

Гэтэл Л.Б, Ц.Т нарын газрын хэвлийд халдсан үйлдлийг тогтоосон баримт хэргийн материалд авагдаагүй байдаг тул анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг тогтоохдоо гэрч нарын мэдүүлэг /шийдвэрийн 5-6 дахь тал/-ийг үндэслэлээ болгосон байна. Уг гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд зөвхөн жонш ялгасан, худалдаж авсан ачсан талаар л мэдүүлсэн байдаг. Гэтэл Л.Б, Ц.Т нар нь жонш ялгуулсан, ачуулсан, зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Харин газрын хэвлийд халдаагүй байдаг бөгөөд өмнө нь ухаад гаргасан байсан шорооноос жонш түүж авсан гэдгээ илэрхийлдэг.

Хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтаас үзэхэд л шүүдэгч нар нь хэзээ, хаана, хэрхэн, яаж, ямар аргаар газрын хэвлийд халдаж буй талаар огт баримт байдаггүй бөгөөд шүүх хуралдааны явцад ч Ц.Т, Л.Б нарын газрын хэвлийд халдсан үйлдлийг нотолж чадаагүй. Гэтэл газрын хэвлийд халдсан үйлдлийг нотолж чадаагүй аатлаа Ц.Т, Л.Б нарыг гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх аргах хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “гэм буруутайд тооцох” зарчмуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ноолбол зохих байдал нотолж чадаагүй атлаа гэм буруутайд тооцсон нь Ц.Т, Л.Б нарын Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон шүүхээр нотлох баримтыг шалгуулах, шударгаар шүүхээр шүүлгэх эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т, Л.Б нарыг эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах, олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзсэн байна. Гэтэл анхан шатны шүүх бүлэглэж үйлдсэн гэж үзсэн бол эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцогчдын субьектив санаа зорилго тэдгээрийн үүрэг оролцоог тодорхойлох ёстой байсан. Өөрөөр хэлбэл Ц.Т нь энэхүү гэмт хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийн алинаар оролцсон гэж үзэж буй талаар ямар нэгэн баримтад тулгуурласан дүгнэлт өгөөгүй. Эдгээрийг зайлшгүй тодруулах шаардлагатай байсан. Учир нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон дээрх хэлбэрээс хамаарч ногдуулах ял шийтгэл нь харилцан ялгаатай байхаар хуульчлагдсан байдаг. Иймд Ц.Тын үйлдэлд тохирсон ял шийтгэл ногдуулах нь эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж зааж өгсөнтэй нийцэхээр байсан. Гэтэл анхан шатны шүүх мөн л дээрх зарчимыг зөрчин баримт, нотолгоогүйгээр шууд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буй нь үндэслэлгүй юм.

Ц.Т нь нөхөр болох Л.Бд туслах зорилгоор тухайн Бороодой гэх газарт очсон бөгөөд нөхөн сэргээлтийн ажилд хэрэгцээтэй зарим эд зүйлийг авчирч өгдөг байсан тухайгаа хэрэг бүртгэлт болон шүүхийн шатанд илэрхийлсээр байдаг. Мөн Ц.Тын тухайн газрын хэвлийд халдсан гэх үйлдлийг тогтоосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна түүнийг уг гэмт хэрэгт хэрхэн, ямар үйлдлээр хамтран оролцсон гэдгийг хэрэг бүртгэлт, шүүхийн шатанд ч тогтоогоогүй болно.

Иймд дээрхээс үзэхэд Ц.Т болон Л.Б нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Мөн Л.Бийн эзэмшлийн 82-24 УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий экскаватор, 17-** УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг үндэслэн хурааж, улсын орлого болгосныг эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь Л.Б болон Ц.Т нар нь дээрх тээврийн хэрэгслүүдийг нөхөн сэргээлт хийх санаа зорилгоор ашиглаж байсан гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд илэрхийлсээр байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дээрх тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх нэг ч баримт авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх дээрх тээврийн хэрэгслүүдийг ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүйгээгээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзсэн байна. Тээврийн хэрэгслүүдийг нөхөн сэргээлт хийхэд ашиглаж байсан уу? ашигт малтмал олборлоход ашиглаж байсан уу? гэдэг нь маш эргэлзээ бүхий байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан "Нотолбол зохих байдал”-д зайлшгүй хамаарах юм. Гэтэл энэ эргэлзээ бүхий байдлыг тодруулалгүйгээр тухайн техник хэрэгслүүдийг улсын орлого болгож буй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ДШМ/38 дугаартай магадлалаар хэргийг буцаан шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалд “...тээврийн хэрэгслийг нөхөн сэргээлт хийхэд ашиглаж байсан эсэх эсхүл нөхөн сэргээх явцдаа газар шинээр ухаж ашигт малмал олборлож ашиглахаар эдгээр техник, тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж ашигласан эсэхийг зайлшгүй тогтоох нь зүйтэй..." гэсэн байна. Гэтэл прокурорын шатанд дээрх ажиллагаа хийгдээгүй болно.

Иймд Л.Бийн эзэмшлийн 82-** УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн эксковатор, 17-** УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн тээврийн хэрэгслүүдийг нөхөн сэргээлт хийхэд ашигласан уу?, ашигт малтмал олборлоход ашигласан yy? гэдэг эргэлзээ бүхий байх тул эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг 2 дах хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Л.Батсуурийн өмчлөлд үлдээн шийдвэрлэж өгнө үү.

Мөн Н ХХК-ийн 1/18 дугаартай дүгнэлтэд "... Уг газарт үүссэн нийт 0.63 га эвдрэлийн 0.43 га нь урьд өмнө эвдэгдсэн, 02 га нь яллагдагч Л.Б, Ц.Т нарын үйлдлээр эвдэгдсэн байна.” Үүнээс үзэхэд тухайн газрыг Л.Б болон Ц.Т нар нь эвдсэн эсэхийг тогтоох эрх бүхий Субъект нь шүүх байгууллага юм. Гэтэл шинжээч нь шууд нэр заан цохон тэмдэглэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хараат бус байх, нууцыг хадгалах, зарчмуудыг ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Мөн шинжээч нь Дорноговь аймгийн Айраг сумын Нард 1 дүгээр багийн нутаг Бороодой гэх газрын 2019 оны 10 дугаар сарын газрын эвдрэлийн зураг болон 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн газрын эвдрэлийн зургийг тус тус харьцуулалт хийж 0,2 га газарт эвдрэл үүссэн тухай дүгнэлт гаргасан байна.

Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзэхэд уг эвдрэл бүхий газарт нөхөн сэргээлт хийх гэрээг Л.Б, Ц.Т нар нь Айраг сумын засаг даргын тамгын газартай 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг 2020 оны 05 дугаар сараас эхлэн гүйцэтгэсэн нь тогтоогддог. Үүнээс үзэхэд шинжээчийн харьцуулалт хийсэн зураг нь Л.Б болон Ц.Т нарын нөхөн сэргээлт хийхээс 7 сарын өмнөх зураг юм. Нөхөн сэргээлт хийгдэхээс өмнөх хагас жил гарангийн хугацаанд тухайн газарт өөр хүн, хуулийн этгээд эвдрэл учруулсан байх бүрэн боломжтой юм. Учир нь тухайн эвдэрсэн гэх газарт жонш гарч байсан нь нийтэд илэрхий зүйл бөгөөд ухах санаа зорилго агуулсан иргэд ч байсан болно.

Иймд дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд нөхөн сэргээлт эхлэхээс өмнөх цаг хугацааны буюу 7 сарын өмнөх газрын эвдрэлийн зургийг харьцуулсан, уг хугацаанд тухайн эвдрэлийг өөр хүн, хуулийн этгээд учруулсан байх бүрэн боломжтой зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлт маш эргэлзээ бүхий байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг 2 дох хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааж өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүх дээрх эргэлзээ бүхий дүгнэлтийг гол үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан "Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох зарчим,мөн хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “гэм буруугүйд тооцох" зарчмуудыг тус тус ноцтой зөрчиж шийдвэрээ гаргасан байх тул Дорноговь аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв..

 

Шүүгдэгч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой санал нэг байна. Би 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сум орон нутгийн засаг даргатайгаа нөхөн сэргээлтийн гэрээ хийгээд иргэдийн хурал нь хуралдаад хүлээн зөвшөөрсөн. Нутгийн малчдын хүсэлтээр ухагдаад эвдэрсэн байсан газарт мал унаж үхэх гээд байна. Мал унаад гарч чаддаггүй гүнзгий нүх байдаг түүнийг чи булаад өгөөч гэж хэлсэн. Би үүний дагуу малчдын хүсэлтээр нөхөн сэргээлт хийж өгье гэж сумын засаг даргатай уулзаад нэг сарын хугацаанд нөхөн сэргээлт хийж байгаад түлшний мөнгөгүй болчихоор нь өөр газар очиж ажил хийж байгаад 08 дугаар сарын 10-ны хавьцаа ирээд тухайн газраа булах гэж экскаватороо асааж байх үед сумын эко цагдаа С ирсэн. Надад булна гэсэн хугацаа чинь хэтэрчихлээ гэж хэлсэн. Би 3 сарын хугацаанд булна гэж хэлсэн боловч 15 хоногоор хэтэрсэн. Тэгээд би түлшний мөнгөгүй болчихоод одоо булах гэж ирээд байж байна гэсэн чинь хэрэг үүсгээд таныг шалгахгүй бол болохгүй Суурь ах аа гэж хэрэг үүсгэсэн. Миний хувьд түүнээс хойш сарын дотор нөхөн сэргээлт хий гэж хэлээд дуусгасан. Тухайн үед нөхөн сэргээлт хийгээд сум орон нутагт хүлээлгэж өгөх гэсэн боловч ковид гараад хүлээж авахгүй байсаар байгаад жилийн дараа тэр газрыг хүлээж авсан. Миний хувьд тухайн газрыг нөхөн сэргээгээд хүлээлгэж өгсөн. Манай хүний хувьд надад хоол, цай дөхүүлж өгдөг байсан. Тухайн үед хүүхэд хардаг байсан. Надад хэрэгтэй зүйлийг маань авчирч өгдөг байсан. Гэтэл намайг бүлэглэн, эхнэртэйгээ хууль бус үйлдэл хийсэн гэж байгаа. Миний хувьд хуулийн дагуу юм хийсэн гэж бодож байна. Би сумын хэсгийн төлөөлөгч, эко цагдаа хоёрт нөхөн сэргээлт хийхээр гарч байгаагаа хэлдэг байсан. Тэд нар бүгд мэдэж байгаа. Гэтэл одоо намайг хууль бус зүйл хийсэн гэж шүүх үзээд байна. Одоо улсын орлого болгосон экскаватор, машин зэргийг хашаа, байшингаа зарж байж өөрийн болгож өр, ширэнд орж байж худалдан авсан. Тухайн газарт нөхөн сэргээлтийн ажил хийсэн чинь хэрэгт орчихоод байгаа. Би өөрийгөө мал хунар орж, унаж үхэх гэж байсан газрыг булж нөхөн сэргээлт хийж сайхан болгож сайн зүйл хийсэн гэж бодож байгаа. Үүнийг манай сумынхан дэмжиж байгаа. Надад чамайг яагаад яллаад байдаг юм гэж хэлдэг. Намайг буруутгаж байгаа хүмүүс бол байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Би энэ хэрэгт хоол, цай хийж очих, бензин тос хэрэгтэй бол хүргэж өгөх ажил хийсэн. Түүнээс бүлэглэн үйл ажиллагаа хийгээгүй.” гэв.

 

Прокурор М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн яллагдагч Л.Б, Ц.Т нарын удаа дараагийн мэдүүлэг, мөн урьд хэргийг шийдвэрлэж байсан анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхүүдийн хурлын тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар Л.Б, Ц.Т нар нь Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Бороодой гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гэрээ байгуулж улмаар тухайн үйл ажиллагааг явуулалгүй байгалийн ашигт малтмал буюу жонш олборлосон энэхүү үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон. Өнөөдөр жонш олборлосон, олборлоогүй асуудлыг ярихгүй байна. Жонш олборлосон асуудалд гэрч Төмөрбаатар, Чинзориг, Батсайхан, Батхуяг мөн гэмт хэргийн дуудлага, мэдээллийг хүлээн авсан даруй очсон цагдаагийн алба хаагчийн тухайн үед хэргийг газрыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлээр хангалттай нотлогдон тогтоогддог. Түүнчлэн яллагдагч, шүүгдэгч нарын дансны хуулгаар бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр нотлогдоно. Өнөөдөр 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, эрэл хайгуул олборлосон, ашиглалт явуулсан ингэхдээ газрын хэвлийд халдсан байхыг шаарддаг. Бид нар өнөөдөр газрын хэвлий юу гэдгийг авч үзэх ёстой. Газрын тухай хуулийн 3.1.1-т газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, улс, ургамал бүхий орон зай давхаргыг хэлээд байгаа юм. Газрын хэвлийн тухай хуулиараа нарийн тодорхой заасан. Тус хуулийн 4 дүгээр зүйлд хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүний эзлэн орших материаллаг бүх зүйлс гэж байна. Бүх төрлийн чулуулаг ашигт малтмал болон геологийн бусад биет түүнчлэн барилга байгууламжийг газрын хэвлий гэнэ. Өнөөдөр өмгөөлөгчийн гомдол болон талуудын тайлбар мэдүүлэгт тухайн газрын хэвлийд халдсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн газар дээр байсан, ил буюу өмнө нь хөндөгдөөд шороон дээр байсан ил жоншийг л түүж нөхөн сэргээлт хийж байсан техник хэрэгслийн түлшинд зарцуулсан гэх тайлбарладаг. Гэтэл яллагдагч болон шүүгдэгч нарын дансны хуулгыг шүүгээд үзэхээр Батбаатарын үйлдлээр жоншийг олборлож бусдад зарсан нөхцөл байдал байдаг. Тухайлбал Айраг сум, Хэнтий аймгийн жонш худалдан авдаг этгээдүүдэд энэ жоншоо худалдан борлуулж байсан нөхцөл байдал тогтоогддог. Энэхүү үйлдэл нь удаа дараагийн үйлдэл юм. Хэргийн газарт хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлтэд дурдаад байгаа байгалийн газрын хэвлийд халдсан үйлдлийг бол газрын хөрсөнд учруулсан нь тодорхой хэмжээний газрын хөрсөнд халдаж байгаль экологид эдийн засгийн хохирол учруулсан нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдсон. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт дээр газрын хөрснөөс жонш гаргасан нөхцөл байдал хангалттай харагдаж байна гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасны дараа тухайн үед хууль сахиулах байгууллага, хэргийн газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтан гэрч Саяннямбуугаас мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн. Энэ хүний мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр тухайн жоншийг олборлохдоо тухайн техникийг ашиглаж, гаргаж авсан жоншоо тээврийн хэрэгсэл ашиглаж зөөвөрлөж зарж борлуулсан нөхцөл байдал бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Л.Б, Ц.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болох газрын хэвлийд халдсан нь бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийг хоёр талтай гомдол гаргаж байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Тын үйлдлийг гэмт хэрэгт хэрхэн яаж оролцсон,  түүний үйлдэл ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан гэрч Ч-ийн мэдүүлэгт 2022 оны 08 дугаар сарын 10-ны Дорноговь аймаг, Айраг сум Бороодой гэх газарт ирсэн. Тэгэхэд Т түүний эхнэр хоёр тодорхой хэмжээний жонш олборлох санал тавьж байсан гэж хэлсэн. Мөн Т мэдүүлэгтээ Л.Б, Ц.Т нар жонш олборлох үйл ажиллагаа өгсний дагуу тухайн жоншийг зөөсөн. Мөн гэрч Б мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийхээр очиход Л.Б, Ц.Т нар байсан гэж хэлдэг. Хамгийн гол нь худалдан борлуулсан жоншны төлбөр мөнгийг хэн авч байсан талаар асуухад Л.Б, Ц.Т нар авч байсан талаар мэдүүлдэг. Шүүгдэгч Ц.Т тухайн борлуулсан жоншны төлбөр мөнгийг өөрийнхөө дансаар худалдан авч байсан нөхцөл байдал тогтоогдсон. Хэдийгээр тухайн газарт нөхөн сэргээлт хийхэд хэрэгтэй түлшинд зарцуулж байгаа гэсэн боловч дансны хуулга, мэдүүлгийг харахад их хэмжээний хөрөнгө орлогыг өөртөө авч, ашиг олсон нөхцөл байдал байдаг. Өмгөөлөгч мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн техник хэрэгслийг ашигласан гэж үзсэн гэж байна. Хэргийн цар хүрээ нь тухайн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрч Ч, Тө нарын мэдүүлэг, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хэргийн нотолбол зохих байдал нотлогдоно гэж үзэж байна. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг, үзлэг тэмдэглэлээр энэ гэмт хэрэгт хэн ямар үйлдлээр оролцож байгаа нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Цаашид мөрдөн шалгах ажиллагааны үзлэг хийгдэх нөхцөл байдал байхгүй. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг, үзлэг тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслээр газрыг ингэж эвдсэн гэх дүгнэлт гараагүй. Энэ бол экологи, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн гэж үзэж байгаа. Дээрх нотлох баримтуудаар Л.Б, Ц.Т нар нь тухайн жоншийг гараараа авах нөхцөл байдал байгаагүй. Жоншийг бол техник хэрэгсэл ашиглаж үйлдсэн буюу зөөвөрлөсөн болох нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Гийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос шүүгдэгч Л.Б, Ц.Т нарыг бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12, 05 дугаар сарын 21, 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд болон 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газарт хууль бусаар газрын хэвлийд халдсан, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

Нэг. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй ба түүнд оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, шударга ёсны зарчимд тус тус нийцжээ.

 

Тодруулбал шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Д.Ч /1 хх26/, Ц.Т /1 хх34/, Ч.Б /1хх129/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С нарын мэдүүлэг /2хх 184/ болон “Н” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3хх 36-42/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 173-178/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг үндэслэсэн нь нотлох баримтыг үнэлэх, шалгах журмыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч Л.Б нь Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын Тамгын газартай тус сумын Нард багийн нутаг “Бороодой” гэх газарт ухагдаж эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхээр 2020.04.30-ны өдөр гэрээ байгуулан ажиллаж байсан хэдий ч нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд гарах зардал, мөн энэ зорилгоор тухайн газраас ашигт малтмалыг ямар байдлаар олборлож болох эсэх, өөрөөр хэлбэл өмнө нь ухагдсан шорооноос дахин жонш олборлох, эсхүл ухагдсан газарт байгаа жоншийг олборлох зэрэг нөхцлийг гэрээнд тодорхой зааж тохиролцоогүй, түүнд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад тэрээр тухайн газраас жонш олборлож зах зээлд борлуулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль бусаар ...” гэдэг нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй буюу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй, хуульд заасан бусад нөхцлөөр ашигт малтмал олборлох эрхгүй атлаа ашигт малтмал олборлосон байх нь энэ гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд шүүгдэгч Л.Батсуурийн хувьд тухайн газарт нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байсан хэдий ч түүнд тухайн газраас ашигт малтмал олборлох эрх олгогдоогүй болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэрэгт торгох болон хорих ял оногдуулж болох сонголттой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Батсуурийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Гэхдээ анхан шатны шүүх уг торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заахдаа сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т заасан “...ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно.” гэсэнд нийцээгүй, шүүхээс ийнхүү тогтоох шаардлагагүй тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хоёр. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Тыг дээрх гэмт хэргийг үйлдсэн буюу шүүгдэгч Л.Бтай бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, энэхүү дүгнэлт хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Ц.Тыг энэхүү гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхой заагаагүй /ямар үйлдлээр хэрхэн яаж гэмт хэрэг үйлдсэнийг/,  хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Тын үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулсан, газрын хэвлийд халдсан гэх шинжийг тодорхойлон тогтоогоогүй байгааг тус тус анхан шатны шүүх анхаараагүй, гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус заасан ба гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх эдгээр шинжийг шүүгдэгч Ц.Тын үйлдэлд хэрхэн яаж хангасан болохыг тогтоогоогүй гэж үзлээ.

 

Энэ талаарх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг авч үзвэл:

 

1. Хэрэгт гэрч Д.Ч /1 хх26/ “... Т гэх залуутай танилцаад 2020.0.810-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Бороодой гэх газарт ирсэн. Уг газарт Т-ын ах гэх хүн жонш ялгуулах ажил хийлгэе гэсэн санал тавьсан. ...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Ц.Т /1 хх-34/ мэдүүлэгтээ “...өөрийн эгч Тын нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулсан талбай дээр туслах ажил хийж байгаа юм. ...Б ах бензины мөнгө гаргаж авъя гээд эксковатор ажиллуулж уг газраас шороо гарган жоншийг нь шигших ажил хийсэн...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Г.Х /1хх-125/ “... Б надтай утсаар яриад тээвэрт явах уу жонш ачиж Бор-Өндөр орох гэсэн юм гэсэн....”  гэсэн мэдүүлэг,

 

гэрч О.Г /2хх-54/ “... 2020 оны 5 сард өдрийг нь санахгүй байна. Гэртээ байж байтал танил найз Б нь манай гэрт орж ирээд орой жонш ачаад өгөөч гэж гуйсан. ... Б нь гэрээ хийсэн нөхөн сэргээлт хийж буй газраас хаягдал жоншийг ачина гэж ярьж байсан. ... “ гэсэн мэдүүлэг тус тус өгсөн байх ба эдгээр гэрчүүд шүүгдэгч Ц.Тын ямар нэгэн гэм буруутай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар нотолсон зүйлгүй.

 

Мөн гэрч Ч.Б /1хх129/ “2020 оны 05 дугаар сарын үед Б, Т нараас 2 удаа жонш худалдаж авсан ... “ гэж мэдүүлсэн байх ба энэ нь шүүгдэгч Ц.Тыг гэм буруутай гэж үзэх хангалттай, эргэлзээгүй нотлох баримт болж чадахгүйн гадна зөвхөн түүний энэхүү мэдүүлэгт үндэслэн жонш худалдсан гэсэн агуулгаар шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин гэрч Б.С /1хх-221/ “...Л.Б, Ц.Т нар нь эксковатор, техник хэрэгсэл ашиглан жонш олборлож байгаа нөхцөл байдлыг тогтоосон ...Тухайн үед тэр Бороодой гэх газарт Л.Б, Ц.Т нар нь гэр барьж байрласан байдалтай, ухсан нүхний орчимд эксковатор ажиллаж байсан ...” гэж мэдүүлсэн байх боловч тэрээр тухайн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан мөрдөгч байх ба мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заагаагүй, мэдүүлгийн агуулга нь 2 шүүгдэгчийн нэрийг хоёуланг нь дурдсан нь хэвшмэл нэг загвартай, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдлийг тодорхой мэдүүлээгүй, түүний энэхүү мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул түүний мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй ба хэрэгт дээр дурдснаас өөр гэрчийн мэдүүлэг авагдаагүй.

 

2. Хэрэгт шүүгдэгч Ц.Тын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /1 хх78-107/ авагдсан, тухайн баримтанд 2020.05.27-2020.08.25 ны хооронд   “...Айраг жонш ..., ...Айраг 92 ..., ...85 жонш Ганбагана ..., ... 85 айраг Ганбагана ...” гэх мэт утгатай гүйлгээнүүд хийгдсэн, шүүгдэгч Ц.Т анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар “... цагаан дэл гэх газарт ажиллаж олсон орлого ...”  гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байх боловч энэхүү үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж, тогтоогоогүйгээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэх боломжгүй болжээ.

 

3. Шүүгдэгч Ц.Т гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... нөхөн сэргээлт хийхийн тулд тэр ухагдсан газар дээрээс багахан хэмжээний жонш олборлож мөнгө босгон нөхөн сэргээлт хийх ажилдаа зарцуулсан ...” гэж өөрсдийн үйлдлийн талаар тодорхой мэдүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар сэжигтэн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Т нь шүүгдэгч Л.Б-ийн эхнэр ба гэр бүлийн гишүүний хувьд хоол хүнс бусад байдлаар Л.Бт дэмжлэг үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй боловч энэ нь түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хамжигч гэж үзэх үндэслэлгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүйн гадна прокурор энэ талаар яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг баримтлаагүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Ц.Тыг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон, энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Гурав. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ийн өмчлөлийн 82-** УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковатор, 17-** УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж, хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 –т нийцээгүй, энэ талаарх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлж, шалгаагүй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Б Дорноговь аймгийн Айраг сумын засаг даргын тамгын газартай 2020.04.30-ны өдөр Бороодой гэх газарт нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 82-24 УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковаторыг  ийнхүү нөхөн сэргээлтийн ажлыг хийхдээ хэрэглэж байсан, эсхүл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алин нь болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

 

Энэ нь 2020.08.10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... Уг газарт дугаар бичиг баримтгүй шар өнгийн Хьюндай LC-2800 маркийн эксковатор газар ухаж шороо жонштой шороо шигшүүрт шанагдаж хийсэн байдалтай ажиллаж байсныг зогсоолоо ...” гэж дурдсан байх боловч уг үзлэгийн явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн үндэслэлээр хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байх ба хэрэгт дуу-дүрсний бичлэг хавсаргагдаагүй, энэ талаар гэрч  Б.С “...бичлэг нь утсан дээр байж байгаад утсаа эвдлээд бичлэг нь байхгүй ...” гэж мэдүүлсэн зэргээс уг тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар хуульд заасан үндэсэл, журмыг зөрчиж авсан гэж үзэх тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй.

 

Мөн хэргийн газрын  үзлэгийг 2 /1хх230/ /2хх171/ удаа нөхөн хийсэн байх боловч уг тэмдэглэлүүдэд шүүгдэгч Л.Б-ийг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан эсэхийг дурдаагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрч Г.Х “...2020 оны 05 дугаар сарын эхээр байх яг хэдний өдөр гэдгийг нь бол сайн санахгүй байна. ... Тухайн газарт Батсуурийн шар өнгийн эксковатор байсан ба тэрүүгээрээ Б машин дээр ачиж өгөөд хамт өөрийнхөө машинаар Бор-Өндөр орсон юм. ...” гэсэн мэдүүлэг /1хх125/, гэрч О.Г-ийн “... 2020 оны 05 дугаар сард өдрийг нь санахгүй байна. ... Тухайн өдөртөө Б бид ... Бороодой гэх нэртэй газраас хуучин ухсан байсан газрын хөрсөн дээр байх жоншийг түүж машин дээр ачсан. ... жоншийг голоод авахгүй байсан. ... жонш авч байсан ченжийн хашааны гадна талд хаягдал хэсэг дээр буулгаад буцаж Айраг сум руу явсан. ... Б нь гэрээ хийсэн нөхөн сэргээлт хийж буй газраас хаягдал жоншийг ачина гэж ярьж байсан ...”  /2 хх54/  гэж тус тус мэдүүлснээс үзэхэд цаг хугацааны хувьд болон бусад байдлаар тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б-ийн хувьд уг Хьюндай робекс 2800 маркийн эксковаторыг 2020.04.30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Бороодой гэх газарт нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхээр тухайн байршил талбайд байрлуулсан байх нөхцөл байдал үгүйсгэгдээгүй, мөн 17-** УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн суудлын автомашиныг шүүгдэгч нар нь гэрч Б.Б-аас /1хх126/ худалдан авч гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан байх бөгөөд эдгээрийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор ашигласан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул гэм буруугүйд тооцох зарчим буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Гийн давж заалдсан гомдлын “...шүүгдэгч Л.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах ...” гэснээс бусад хэсгийг буюу түүний гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч Ж овогт Л-ийн Б, шүүгдэгч Б овогт Ц-ийн Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ийн Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж овогт Л-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 

2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.Б нарыг 5.400 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.Б нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэснийг,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж тус тус өөрчилж, 6 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Гийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ