Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/03330

 

  2024          06          12                                     184/ШШ2024/03330

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,700,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч ******* нь “*******” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр L03802275 тоот цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 984,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай зээлдэн авсан. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 983,998 төгрөг, шимтгэл 50,500 төгрөг, үндсэн хүү 549,151.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,830 төгрөг нийт 1,693,480 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 7,500 төгрөг. Иймд хариуцагч *******гээс нийт 1,700,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “*******” ХХК-с зээл авсан нь үнэн, нэхэмжилсэн 1,790,980 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,700,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,980 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн төлбөрт 1,700,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,388 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 34,694 төгрөг, хариуцагч *******гээс 34,694 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН