Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 150

 

 2017 оны 11 сарын 13 өдөр                   2017/ШЦТ/150                                           Хэнтий аймаг

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0154/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                            А.Цэрэндулам,

Улсын яллагч                                       Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           П.Амаржаргал,

Шүүгдэгч                                               Н.С нарыг оролцуулан

          Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх                                           хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор овогт Нямдэлгэрийн Сад холбогдох 1739001870040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 9-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Бор овогт Нямдэлгэрийн С  /РД:СД88052714/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Н.С нь 2017 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг “Баян-Өндөр” гэх газар оршин суух иргэн О.Нийн 14 тооны алдуул бог малыг завшиж 830.000 хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.С нь 2017 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг “Баян-Өндөр” гэх газар оршин суух иргэн О.Нийн алдуул 14 тооны бог малыг завшиж 830.000 төгрөгийн хохирол  учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр би хонио тоолоход манай хонионоос 20 бог буюу 7 хонь, 13 ямаа дутсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр алдсан малаа би өөрөө болон манай малчин Нарангэрэл бид хоёр тусдаа хайж явахад Нарангэрэл нь Нямдэлгэрийн Сыг маланд манай 3 хурга байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь Нарангэрэлтэй хамт Н.Сынд очоод хотондоо байсан малруу нь ороод хайхад манай малын имийг засчихсан байсан өөрийн зассан имтэй малнаас 5 ишиг 1 ямаа ялгаад өөр зассан имтэй малыг харах гэтэл Н.С нь хониныхоо хашааны амыг тайлаад Сын эхнэр Оюун хашааны амыг онгойлгоод хонио гаргачихсан. Тэгээд миний ялгаж гаргасан 5 ишиг, 2 ямаа Сын хоньтой нийлээд гарсан. Зүүн чих нь ураадаасаа ухам байсныг догол, баруун чих цуулбар байсныг араас нь догол болгон зассан байсан. Энэ нь зүүн чихийг доороос хайчилсан, баруун чихний цуулбар имийг араас догол болгож хайчилсан шархтай байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9 хуудас/

Гэрч Х.Нарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би малын эзэнтэй 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хонио тоолоход 20 хонь дутаж байсан. Нямдэлгэрийн Сын хонинд манай имтэй 3 хурга байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө эрт Н бид хоёр Сын хонийг хашаатай байхад нь очиж өөрийн зүсмийн малаа хартал нилээн хэдэн тооны манай имтэй хонины имийг сольчихсон байсан тэгээд цагдаад мэдэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/

Сэжигтэн Н.Сын мөрдөн байцаалтан өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт өвөө Дашзэвэгийн малыг эхнэр хүүхдийн хамт малладаг юм. 2017 оны 09 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Миний маллаж байсан хонинд 10 гаран тооны хонь ямаа нийлсэн. Би хэд хоног хониндоо байлгаж байгаад эзэн ирэхгүй болохоор өөрийн хоньтой адилхан имийг эзэнгүй хонь ямааны чихэнд хийсэн. Тэгсэн чинь 2017 оны 10 дугаар сарын 5-6 орчим байх 3 тооны хурга манай гэрийн гадаа тэр 3 тооны хурга манай хоньтой нийлсэн. Би сүүлд ирсэн 3 тооны хурганд им тэмдэг хийгээгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбат гэх хүний малчин Нарангэрэл гэх хүн манайд ирсэн. Нарангэрэл манай хонин дотуур явж үзээд манай хониноос танай хонинд 2-3 хонь байна гэж хэлчихээд яваад өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө Сүхбатын эхнэр Н манай хашаатай хонин дотуур яваад манай хонийг имэнчихсэн байна гэсэн би үгүй манай хонь гэж хэлсэн тэгээд би хонины хашааны хаалга онгойлгоод хонио гаргасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Сын иргэн О.Нийн алдуул малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Нт 830.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйдсэн  байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                     ТОГТООХ нь:

1.  Шүүдэгч Бор овогт Нямдэлгэрийн Сыг бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Сын торгох ялыг төлөх хугацааг  сард 100.000 төгрөг төлүүлэхээр буюу 5 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Сад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ