Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

 

М.Б, Д.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/364 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор М.О-ын эсэргүүцлээр яллагдагч М.Б, Д.Т нарт холбогдох 1919002490115 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Г овогт М-ийн Б

 

Яллагдагч: Б овогт Д-ийн Т

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.Т нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн * дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа яллагдагч М.Бтэй бүлэглэж, 2018-2019 он хүртэлх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална” гээд 5.1.3-д заасан “жинхэнэ хэрэгжилтийн;”, 5.1.4-д заасан “үнэн зөв байх;”, 5.1.5-д заасан “хэмжигдэхүйц байх;” гэсэн зарчмуудыг мөрдөөгүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.” гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэснийг, 13.5-д заасан “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. “ гэснийг, 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан “Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө, өр төлбөр, бүх авлага, бүх орлогыг заавал бүртгэнэ.” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх;” гэж тогтоосон хэм хэмжээг тус тус зөрчиж, тус цэцэрлэгт 21,218,750 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч М.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн * дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална” гээд 5.1.3-д заасан “жинхэнэ хэрэгжилтийн;”, 5.1.4-д заасан “үнэн зөв байх;”, 5.1.5-д заасан “хэмжигдэхүйц байх;” гэсэн зарчмуудыг мөрдөөгүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.” гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэснийг, 13.5-д заасан “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. “ гэснийг, 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан “Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө, өр төлбөр, бүх авлага, бүх орлогыг заавал бүртгэнэ.” гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно”, 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” Монгол Улсын Сангийн Сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 2.3-д “Үнэлгээний хороо нь сондгой тооны гишүүдтэй байна” гэх заалтыг зөрчиж, Төрийн сангаас 2 бүлэг, гал тогоо, бусад ажилчдын өрөөнд тоног төхөөрөмж, тавилга, бараа материал худалдан авахад зориулалтаар олгогдсон 73,886,700 төгрөгөөс “Эрмүүн Инженеринг” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны ШГ-01/2018 дугаартай “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж, зах зээлийн үнэлгээгээр 15,239,300 төгрөгийн бараа материалыг 22,860,100 төгрөгөөр нийлүүлж, цэцэрлэгт 7,440,800 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018-2019 он хүртэлх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дорноговь аймаг Сайншанд сум Зүүнбаян багийн 7 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Ттай бүлэглэн, тус цэцэрлэгт зах зээлийн үнээс өндөр дүнгээр бараа, материал нийлүүлж, цэцэрлэгт 21,218,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу “...Прокуророос шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг бүрэн шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, хохирлын тооцоог гаргаагүй, прокурорын яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Д.Т нарт холбогдох эрүүгийн 1919002490115 дугаартай хэргийг прокурорт буцааж,

 

хэргийг прокурорт очтол яллагдагч М.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж,

 

захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...2022 оны 07 дугаар сарын  26-ны өдрийн 2022/ШЗ/364 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт “...тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/47 дугаартай шүүгчийн захирамж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай магадлалд заагдсан “...ажиллагааг бүрэн шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, хохирлын тооцоог гаргаагүй, прокурорын яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, яллагдагч М.Б, Д.Т нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/47 дугаартай шүүгчийн захирамж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай магадлал, тус шүүх хурлын хэлэлцүүлгүүд буюу хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд Дорноговь аймгийн Прокурорын газраас Д.Т, М.Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5/154 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан агуулгад нийцээгүй гэсэн үндэслэлийг заажээ. Дээрх шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ямар нотолбол зохих байдлыг шалгуулахаар заасан бус харин прокурорын яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй талаар дурдсан. Яллагдагч М.Б, Д.Т нарт холбогдох хэргийг урьд анхан, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй шалгаж тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн хэргийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, түүний хэмжээг тусгай мэдлэг шаардсан шинжээч, шинжилгээний байгууллага хийж, хэргийн оролцогч нарт танилцуулсан ба яллагдагч Д.Т, М.Б нар Дорнод аймаг дахь Зүүнбаян багийн 7 дугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн улмаас учирсан хохирол нь хөрөнгийн үнэлгээ, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч С.С-ийн мэдүүлэг болон А.Б 2,176,500 төгрөгийг төлсөн баримт /3-р хх 221/, Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 24/02-72 дугаартай 4,437,345 төгрөгийн акт тогтоосон /2-р хх 246/, Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 24/02-11 дугаартай 2,316,600 төгрөгийн акт тогтоосон /2-р хх 239/ зэргээр давхар нотлогдон тогтоогдсон. Прокуророос дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5/35, 35а дугаартай тогтоолуудаар яллагдагч М.Б, Д.Т нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, яллагдагч нарт танилцуулж, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5/119 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/364 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас гаргасан эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны 2022/ШЗ/364 дугаар бүхий шүүгчийн захирамжтай эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх “ ...хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй, хохирлын тооцоог бүрэн гаргаагүй, прокурор яллах дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасныг зөрчсөн” гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон буюу шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

Прокуророос яллагдагч М.Бийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... хуулиудыг зөрчиж Төрийн сангаас 2 бүлэг, гал тогоо, бусад ажилчдын өрөөнд тоног, төхөөрөмж, тавилга, бараа материал худалдан авах зориулалтаар олгогдсон 73,886,700 төгрөгөөс “Э” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ШГ-01/2018 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж зах зээлийн үнэлгээгээр 15,239,300 төгрөгийн бараа материалыг 22,680,100 төгрөгөөр нийлүүлж, цэцэрлэгт 7,440,800 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, 

 

яллагдагч Д.Тыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор  ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж М.Бтэй бүлэглэн 2018-2019 он хүртэлх хугацаанд ... хэм хэмжээг зөрчиж тус цэцэрлэгт зах зээлийн үнээс өндөр дүнгээр бараа материал нийлүүлж цэцэрлэгт 21,218,750 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэхээр яллах дүгнэлт үйлджээ.

 

Эндээс үзвэл прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид  “... хууль зөрчиж ... ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ... зах зээлийн үнээс өндөр дүнгээр бараа материал нийлүүлж...” гэсэн үйлдлийг хамааруулж дурдсаны гадна хэргийн үйл баримтыг тогтоох зорилгоор яллах дүгнэлтэд Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлт, төлбөр гаргуулах тухай улсын байцаагчийн акт /1хх 127-151/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.С-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт, нэмэлт шинжээчийн дүгнэлт /1хх 172-180, 4хх 32-37/, шинжээч С.С-ийг шинжээчээр асуусан тухай тэмдэглэл /5хх 173-174/, “Х” хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ /1хх 190-193, 4хх 38-44/, хөрөнгийн үнэлгээ гаргасан Э.Д-г шинжээчээр асуусан тухай тэмдэглэл /4хх 47-48/ болон бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх “Б” ХХК-ийн Г.Т, “Ц”, “Хутагтын зам”, “Ж” ХХК-ийн У.Б, “Э” ХХК-ийн Л.Б, иргэн Ч.Д нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, бусад гэрч нарын мэдүүлгүүд, цэцэрлэгийн санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэгт үндэслэсэн, эдгээрийг прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгтээ тусгасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хохирлын талаарх үйл баримтыг прокурор яллах дүгнэлтдээ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021.09.10-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх 32-35/, шинжээч С.С-ийн мэдүүлэгт /5хх 173-174/ үндэслэсэн байх ба эдгээр нотлох баримтуудад яллагдагч М.Б, Д.Т нар нь 2018 оны 12 дугаар сард нэмэлтээр хуваарилагдсан 73,886,700 төгрөгийн төсвийн хөрөнгөнөөс “О” ХХК, “Б” ХХК, “Ц” ХХК, “Х” ХХК, “Э” ХХК, “Х” ХХК, иргэн Г.Т, иргэн Ч.Д гэсэн аж ахуйн нэгж болон хувь хүмүүсээр Зүүнбаян багийн *-р цэцэрлэгт бараа материалыг бэлтгэн нийлүүлэхдээ 40,677,950 төгрөгийн эд зүйлийг 57,572,700 төгрөгөөр худалдан авч төсвийн хөрөнгөнөөс 16,894,750 төгрөгөөр илүү үнээр буюу бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс өндөр үнээр байгууллагад нийлүүлсэн, дээрх худалдан авалтаар нийлүүлэгдээгүй буюу тооллогоор дутагдсан бараа материал 9,974,800 төгрөг, үнэлгээ хийгдээгүй, тухайн цэцэрлэгт байхгүй байсан бараа материалын дүн 1,790,000 төгрөг, нийт 28,659,550 төгрөгийн хохирол тогтоогдсон талаар болон энэ 28,659,550 төгрөгийн дүнд “Э” ХХК-иас цэцэрлэгт нийлүүлэгдсэн зах зээлээс өндөр үнийн зөрүү болох 7,440,800 төгрөг хамаарч байгаа талаар тусгагдсан болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэрэгт оролцсон оролцооны байдал, учруулсан хохирол, хохирол төлөгдсөнд тооцох нөхцөл байдлуудын талаар санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалт хийсэн улсын байцаагч Н.Б, шинжээч С.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон бусад шаардлагатай гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулж,  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж шийдвэрлэх боломжтой, эдгээр ажиллагаанууд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

 

Иймд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана” гэсэнд нийцээгүй буюу шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж,  энэ үндэслэлээр прокуророос гаргасан эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох тул анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэснийг үндэслэн  хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/364 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор М.О-ын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дүгээр зүйлд зааснаар яллагдагч М.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                   

                                                                                                  А.САЙНТӨГС