Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/00957 |
Огноо | 2016-09-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2016/00957
“Монгол цонх” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/02464 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1086 дугаар магадлалтай,
“Монгол цонх” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Солонгон хээ” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6.195.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бярзаны гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бярзана, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Монгол цонх” групп ХХК-ийн захирал Н.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Солонгон хээ” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 14-нийг хүртэл хугацаанд 3 хувийн хүүтэйгээр 6.000.000 төгрөг зээлдүүлсэн. Энэ зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч нь 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 6.180.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6.180.000 төгрөг, нотариатын зардалд 15.000 төгрөг нийт 6.195.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 113.830 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Солонгон хээ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани нь “Монгол цонх” ХХК-тай ямар ч зээлийн гэрээ бичгээр хийгээгүй, 6.000.000 төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “Мөнгө хүлээлцсэн хэлцэл” гэх баримтанд миний аав Б.Бямбасүрэн гарын үсэг зурж, тамга дарсан байх боловч компаниас түүнд ямар нэгэн эрх олгож, итгэмжлэл өгөөгүй болохоор манай компани хариуцахгүй. Энэ тухай ааваас асуухад нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал И.Өлзиймаатай “Маршал таун” хотхонд байрлах хувийн таун хаусын барилгыг 38.000.000 төгрөгөөр засах гэрээ хийж, уг ажил үүргийг гүйцэтгэж байхад нь И.Өлзиймаагийн нөхөр гэх Н.Буянжаргал ажлаа түргэн хийлгэх зорилгоор хэлцэл хийж түүндээ компанийн тамга даруулна гэхээр аав маань надад хэлэлгүйгээр манай компанийн тамгыг дарж, мөнгө авч тэдний барилгын ажлыг хийсэн тухайгаа хэлсэн. Уг мөнгийг манай компани аваагүй, нэхэмжлэгч нар Б.Бямбасүрэнгийн хамт явж барилгын материал авсан байдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/02464 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Солонгон хээ” ХХК-иас 6.180.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол цонх групп” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15.000 төгрөгний шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113.830 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Солонгон хээ” ХХК-иас 113.830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол цонх групп” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1086 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/02464 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “281.1” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1” гэж, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Солонгон хээ” ХХК сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг тус тус нэмж, 2 дахь заалтыг 3 болгон “олгосугай” гэснийг “олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж, 3 дахь заалтыг 4 болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.830 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бярзана хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШХ-ийг буруу хэрэглэсэн гэж эс зөвшөөрч энэхүү хэргийг хянуулах хүсэлт гаргаж байна. Үүнд нэхэмжлэлийн шаардлага нь Монгол цонх группийн ерөнхий захирал Н.Буянжаргал нь “Солонгон хээ” ХХК-аас 6.000.000 төгрөг нэхэмжилсэн нь хариуцах ёсгүй этгээдийг хариуцагчаар татсан байна.
“Монгол цонх” ХХК болон “Солонгон хээ” ХХК хоёрын хооронд ямар нэг мөнгө зээлэх тухай гэрээ хэлцэл хийгээгүй болох нь “Солонгон хээ” ХХК-ны захирал Б.Алтансүхийн шүүхэд гаргасан тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв архиваас авсан лавлагаа, “Солонгон хээ” ХХК-ны албан бичиг зэрэгт “Солонгон хээ” ХХК нь Б.Алтансүх гэсэн ганц гишүүнтэй, манай компаниас ямар нэгэн хүнд, тухайлбал Б.Бямбасүрэнд гэрээ хэлцэл хийх эрх болон итгэмжлэл олгож байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжилж буй 6.000.000 төгрөгийг аваагүй тул төлөхгүй болно гэж тайлбар гаргаж маргадаг ба маргааны гол үндэс нь нэхэмжлэгч Н.Буянжаргалын гэр бүл болох И.Өлзиймаа, иргэн Б.Бямбасүрэн нарын хооронд Маршал таун хотхоны хувийн байр хаусыг 38.000.000 төгрөгөөр засварлах гэрээ хийж, тэр барилгын ажилд төлөх ёстой мөнгө 6.000.000 төгрөгийг Буянжаргал нь Бямбасүрэнд олгохдоо мөнгө хүлээлцэх хэлцэл хийж олгосноос үүдэн гарсан маргаан юм.
Иймд “Солонгон хээ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Бямбасүрэнгийн “Монгол цонх” ХХК-аас 6.000.000 төгрөг авч, тэднийг барилгын ажилд зарцуулсан үйл явдал, одоогийн “Солонгон хээ” ХХК хуулийн этгээдээс 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй ямар нэг үйлдэл үйл баримттай холбогдолгүй, бодит байдлаас үзэхэд иргэн Б.Бямбасүрэн болон “Монгол цонх” ХХК-ны хооронд хийсэн хэлцэл байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүхийн шийдвэрийн хуулбар болох анхан шатны шүүхийн 2014 оны 5491 дүгээр шийдвэрийн дүгнэлтийг үндэслэн, шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт, шийдэл нь хуулийн этгээдүүдийн хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэслэл болж байна гэж дүгнэсэн нь алдаатай байна. Мөн нэхэмжлэгч “Монгол цонх” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаний хувиараа нэхэмжлэл гаргаж байгаа тухай үндэслэлээ тодорхойлоогүй гэж дүгнэсэн мөртлөө ердийн зээлийн харилцаа гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Мөн хариуцагч тал зээлийг аваагүй гэж маргаагүй ба гагцхүү нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргаж байгаа тухай бичсэн нь хариуцагч талын эс зөвшөөрсөн татгалзлал, тайлбарыг зөрүүтэй бичиж үндэслэх хэсэгт бичигдсэн нь ИХШХШТ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-д заасантай зөрчигдөж байна. “Монгол цонх” ХХК нь мөнгө бусдад хүүтэй зээлүүлэх банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй болно.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1086 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн зүйлийн 62.2, 64 дүгээр зүйл, Компаний тухай хуулийн 82.1, 82.1.1-д заасан хуулийн заалтыг баримталсангүй, итгэмжлэл төлөөлөлийн эрхгүй иргэн Б.Бямбасүрэнтэй “Монгол цонх” ХХК-ны хийсэн хэлцлээс үүссэн үүргийг хариуцагчаар татагдсан “Солонгон хээ” ХХК болох хуулийн этгээд хариуцах хууль эрх зүйн үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Монгол цонх” ХХК-ийн “...зээл, хүү, нотариатын төлбөр нийт 6.195.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч “Солонгон хээ” ХХК эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгийг аваагүй гэж маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон мөнгө хүлээлцсэн хэлцлээс үзэхэд хариуцагч нь 6.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, мөнгийг хүлээн авсан нь тогтоогджээ /хавтаст хэргийн 9 дүгээр тал/.
Зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй, шүүх зээл, хүүд нэхэмжилсэн 6.180.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т нийцжээ.
Хариуцагч нь мөнгө хүлээлцсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлээсээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-д заасан журмыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг батлахдаа шүүх хуралдаанаас өмнө буюу хүсэлт хэлэлцэж шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь буруу /хавтаст хэргийн 68 дугаар тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болохыг зохицуулжээ. Харин мөн хуулийн 106.5.-д бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэхүү зохицуулалт нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тохиолдолд хамааралтайгаас гадна уг асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
Хэргийн 66 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бярзана нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул давж заалдах шатны шүүх хариуцагч “Солонгон хээ” ХХК сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1086 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бярзаны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 113.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ