Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0164/з |
Дугаар | 221/МА2017/0618 |
Огноо | 2017-08-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0618
У.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч У.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор У.Б-гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 504 дүгээр шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Б-гийн “Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ... ”Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг даалгах” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ... “нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан 6 сар ажлын 8 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /613154+онцгой албаны нэмэгдэл 183.946+/*6+/797100:22х8=289854+4782600// нийт 5072454 /таван сая далан хоёр мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П давж заалдах гомдолдоо: “Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг дарга дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны гэрээний 2 дугаар зүйлийн 2б-д хорооны Засаг дарга нь Засаг даргын захирамж, өгөгдсөн үүрэг даалгаврыг шуурхай хэрэгжүүлэх, түүний гүйцэтгэлийг хангах ажлыг Засаг даргын өмнө бүрэн хариуцахаар заасан байтал 28 дугаар хорооны Засаг дарга У.Б нь дүүргийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, үүний улмаас иргэд, албан хаагчдаас удаа дараа гомдол ирж байсан.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/101 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар дүүрэг, хороодын 2016 оны үйл ажиллагаа дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шалгалтын удирдамжийг 2 дугаар, үнэлгээний хуудсыг 3 дугаар хавсралтаар тус тус баталж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор ажлын тайланг танилцуулахыг ажлын хэсгүүдэд даалгасан. Ажлын хэсэг заасан хугацаанд шалгалт явуулж, 28 дугаар хорооны 2016 оны Үйл ажиллагааны хүрээгээр 26 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэхэд 58 хувь авч хангалтгүй үнэлэгдсэн.
Дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 28 дугаар хорооны Засаг даргаас дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт үүрэгт ажилд харшлах ноцтой зөрчил, дутагдлуудыг хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, хорооны Засаг даргын үүрэгт ажлаас огцруулна гэж зааснаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар огцруулсан нь хууль тогтоомж зөрчөөгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч У.Б-гаас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” агуулгатай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ.
У.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/76 дугаар захирамжаар тус хорооны Засаг даргаар томилогдож, ажил үүргээ гүйцэтгэж байгаад дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар жирэмсний болон амаржсаны амралтыг эдэлсэн, ажилдаа орох У.Б-гийн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр захирамжаар түүнийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд нь буцаан томилжээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар дүүргийн хороодын 2016 оны жилийн үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаж, хороодын 2016 оны жилийн үйл ажиллагааг дүгнэхэд тус дүүргийн 28 дугаар хорооны үйл ажиллагааг 58.4 хувь буюу “Хангалтгүй” дүгнэгдсэнтэй холбогдуулж Баянзүрх дүүргийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг дарга У.Б-г “идэвх санаачилга муутай ажиллаж иргэд, албан хаагчдаас удаа дараа гомдол, санал ирсэн, 2016 оны хороодын үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтээр хангалтгүй үнэлгээ авч, дүүргийн Засаг даргын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь огцруулжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 /Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ/, 32 дугаар зүйлийн 32.4 /Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө/ дэх заалтуудаас үзвэл хорооны Засаг даргыг огцруулах эсэхийг тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурал саналаа дүүргийн Засаг даргад уламжилснаар дүүргийн Засаг дарга хорооны Засаг даргыг огцруулах эсэхийг, харин дүүргийн Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн тохиолдолд хорооны Засаг даргыг огцруулах саналаа хорооны иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлж, хороо тухайн асуудлаар 15 хоногийн дотор хуралдаж хариу өгсөн тохиолдолд хорооны Засаг даргыг огцруулах асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр байна.
Гэтэл хариуцагч албан тушаалтан жирэмсний болон амаржсаны амралттай байсан буюу албан үүргээ гүйцэтгэж байгаагүй хугацааны хорооны үйл ажиллагааг дүгнэсэн ажлын үр дүнг хорооны Засаг дарга У.Б-д хамааруулан авч үзэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.
Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Үүнээс гадна хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актад “иргэд, албан хаагчдаас удаа дараа гомдол ирсэн” гэх үндэслэлийг дурдсан боловч тухайн гомдлыг хянан шалгаж, тогтоосон баримт, дүгнэлт байхгүй болох нь тогтоогдсон байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Харин шүүх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага нь хангагдаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэж байгааг давхардуулан шийдвэрлэхгүй гэж дүгнэсэн атлаа тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хийсэн дүгнэлттэйгээ зөрчилдсөн, ойлгомжгүй, агуулгын зөрчилтэй болжээ.
Түүнчлэн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй тул эдгээр алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж, “1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.4, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, У.Б-г Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 6 сар 8 хоногийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5.072.454 /таван сая далан хоёр мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч У.Б-д олгож, 5.072.454 төгрөгийн цалин хөлсөнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай” гэж өөрчилж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР