Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2018/0099/з |
Дугаар | 351 |
Огноо | 2018-09-26 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 351
У.М нарын 73 иргэний нэхэмжлэлтэй,
НДЕГ, ХУД-ын НДХ-т
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны шимтгэлийг, иргэн Э.Хулан-Үжин, Ж.Цэрэндулам, Э.Ууганцэцэг, Ө.Саруул, Х.Батцэцэг, Н.Урантуяа, Б.Цолмон, А.Алтантуяа, Э.Төмөртогоо, Б.Гоомарал нарын жирэмсний амралттай байсан хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас хасч тооцон бусад хугацаанд төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0290 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0395 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Х.Одонтуяа, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнхгэрэл, түүний өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарнай, Б.Ганхуяг,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч А.Мөнх-Өлзийгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0290 дүгээр шийдвэрээр: Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл, Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Мөнхгэрэл, Ю.Мөнхзул, Р.Энхжаргал, З.Халиунаа, Э.Хулан-Үжин, Р.Алтанхундага, Г.Энхгэрэл, С.Номинзаяа, Ц.Гэрэлтцолмон, Д.Эрдэнэзаяа, Б.Тэнүүнбаяр, Ц.Эрдэнэбаяр, М.Оюунчимэг, Г.Мөнх-Алдар, Б.Уянга, Э.Золбаяр, Н.Наранцэцэг, Б.Ууганбаатар, Ж.Батням, Г.Болорцэцэг, М.Цэрэнбадам, Б.Хонгорзул, Б.Эрдэнэбаатар, Н.Энхмэнд, Г.Хангарьд, Б.Өнөрбаяр, А.Одгэрэл, А.Баярмаа, Э.Цэлмүүн, Б.Төгөлдөр, Ж.Цэрэндулам, Ц.Төгсбаяр, Б.Гантулга, Б.Хулан, С.Золбоо, Э.Ууганцэцэг, Б.Галбадрах, Д.Отгонжав, Ж.Болортуяа, Ө.Саруул, О.Дэлгэрмаа, Х.Батцэцэг, Д.Бямбасүрэн, Ч.Төрболд, Н.Урантуяа, Г.Ганцэцэг, О.Мөнхгал, Ж.Өлзийбат, Б.Цолмон, Б.Ганцэцэг, С.Болд-Эрдэнэ, Ж.Даваахүү, Х.Одонтуяа, Н.Отгонбаяр, Э.Шинэбаяр, Д.Гэрэлт-Од, Б.Мажиг, Е.Еркенгул, Б.Айзам, Ц.Бэлгүнтэй, Б.Наранбаатар, Б.Ариунболд, Т.Оюунгэрэл, П.Уянга, А.Мөнх-Эрдэнэ, А.Алтантуяа, Л.Бүжинлхам, Б.Чандмань, Б.Бадамсүрэн, Д.Цэрэн-Одон, Э.Төмөртогоо, Г.Онон, Б.Гоомарал нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны шимтгэлийг, иргэн Э.Хулан-Үжин, Ж.Цэрэндулам, Э.Ууганцэцэг, Ө.Саруул, Х.Батцэцэг, Н.Урантуяа, Б.Цолмон, А.Алтантуяа, Э.Төмөртогоо, Б.Гоомарал нарын жирэмсний амралттай байсан хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас хасч тооцон бусад хугацаанд төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0395 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл, Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Мөнхгэрэл, Ю.Мөнхзул, Р.Энхжаргал, З.Халиунаа, Э.Хулан-Үжин, Р.Алтанхундага, Г.Энхгэрэл, С.Номинзаяа, Ц.Гэрэлтцолмон, Д.Эрдэнэзаяа, Б.Тэнүүнбаяр, Ц.Эрдэнэбаяр, М.Оюунчимэг, Г.Мөнх-Алдар, Б.Уянга, Э.Золбаяр, Н.Наранцэцэг, Б.Ууганбаатар, Ж.Батням, Г.Болорцэцэг, М.Цэрэнбадам, Б.Хонгорзул, Б.Эрдэнэбаатар, Н.Энхмэнд, Г.Хангарьд, Б.Өнөрбаяр, А.Одгэрэл, А.Баярмаа, Э.Цэлмүүн, Б.Төгөлдөр, Ж.Цэрэндулам, Ц.Төгсбаяр, Б.Гантулга, Б.Хулан, С.Золбоо, Э.Ууганцэцэг, Б.Галбадрах, Д.Отгонжав, Ж.Болортуяа, Ө.Саруул, О.Дэлгэрмаа, Х.Батцэцэг, Д.Бямбасүрэн, Ч.Төрболд, Н.Урантуяа, Г.Ганцэцэг, О.Мөнхгал, Ж.Өлзийбат, Б.Цолмон, Б.Ганцэцэг, С.Болд-Эрдэнэ, Ж.Даваахүү, Х.Одонтуяа, Н.Отгонбаяр, Э.Шинэбаяр, Д.Гэрэлт-Од, Б.Мажиг, Е.Еркенгул, Б.Айзам, Ц.Бэлгүнтэй, Б.Наранбаатар, Б.Ариунболд, Т.Оюунгэрэл, П.Уянга, А.Мөнх-Эрдэнэ, А.Алтантуяа, Л.Бүжинлхам, Б.Чандмань, Б.Бадамсүрэн, Д.Цэрэн-Одон, Э.Төмөртогоо, Г.Онон, Б.Гоомарал нарын Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны шимтгэлийг, иргэн Э.Хулан-Үжин, Ж.Цэрэдулам, Э.Ууганцэцэг, Ө.Саруул, Х.Батцэцэг, Н.Урантуяа, Б.Цолмон, А.Алтанцэцэг, Э.Төмөртогоо, Б.Гоомарал нарын жирэмсний амралттай байсан хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас хасч тооцон бусад хугацаанд төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч А.Мөнх-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22/МА2018/0395 дугаар магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “...Гадаадын иргэн харьяатын газарт энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцох зохицуулалт Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдаагүй учраас Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, уг хуулийн 1 дүгээр зүйлд “2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан “Хилийн боомтын тухай хууль”-иар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно” гэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан нь зөвхөн нэхэмжлэгч иргэдийн ажилласан жилийн хугацааг тооцохтой холбоотой эрх зүйн зохицуулалт болохоос бус төлсөн шимтгэлийг буцаан олгох асуудлыг уг хуулиар зохицуулаагүй, ...тодруулбал нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох талаар Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол байхгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
5. Учир нь дээр дурдсан Монгол Улсын Хилийн боомтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар нэхэмжлэгч иргэдийн энгийнээр ажиллаж байсан хугацааг “Цэргийн жинхэнэ алба” хаасанд тооцсон болохоос бус цэргийн алба хаасны тэтгэвэр, тэтгэмж авахад л зөвхөн харгалзаж үзэх хугацаа байдлаар зохицуулаагүй. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг, 3.1.2-т “цэргийн жинхэнэ алба” гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг, 3.1.5-т “цэргийн жинхэнэ алба хаагч” гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг” гэж тус тус зохицуулсан. Нэгэнт дээрх дагаж мөрдөх журмын тухай хуулиар нэхэмжлэгч иргэдийг Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу “цэргийн жинхэнэ алба хаасан”-д тооцож эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байгаа нь цэргийн жинхэнэ албан хаагчийн хуулийн дагуу эдлэх эрх, баталгаа, хамгаалалтаар бусад цэргийн жинхэнэ алба хаагч нартай нэгэн адил байдлаар хангагдах боломжийг олгосон.
6. Тодруулбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно” гэж хуульчилж өгсний дагуу 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааны цэргийн тэтгэвэр тэтгэмжийн санхүүжилтийг улсын төсвөөр санхүүжүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгосон гэж ойлгогдохоор байна. Улсын төсвөөр нэхэмжлэгч иргэдийн энгийнээр ажиллаж байсан хугацааг улсын төсвөөр санхүүжүүлэхээр болсон энэ тохиолдолд хариуцагч байгууллагаас зөвхөн тэтгэвэрт гаргах хугацаанд нь оруулж тооцох байдлаар бус энгийнээр ажиллаж байсан шимтгэлийг буцаан олгох боломжтой гэж үзэж байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхийн дүгнэж буйгаар тусгайлан нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай хууль эсхүл Засгийн газраас тогтоол гаргах шаардлагагүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар шийдэгдэх бүрэн боломжтой байхад зөвхөн хугацааг тоолох зорилготой хууль гэж хуулийг буруугаар тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тусгайлсан хууль, Засгийн газрын тогтоол шаардлагагүйгээр НДЕГ заавар батлах, тушаал гаргах журмаар хэрэгжүүлэх боломжтойг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар тушаалаас тодорхой харж болно.
7. Түүнчлэн дагаж мөрдөх журмын тухай хуулиар нэхэмжлэгч нарын цол, шагнал, албан тушаал дэвшүүлэх тухай асуудлыг нэг бүрчлэн дурдаагүй ч хуулийн агуулга, бусад хуулиар зохицуулсан байдлыг харгалзан Хил хамгаалах байгууллагаас тусгайлсан хууль, Засгийн газрын тогтоол шаардалгүйгээр уг хуулийг хэрэгжүүлэхдээ тушаал гаргах байдлаар цэргийн жинхэнэ алба хаасан гэдэг өргөн агуулгаар нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг хуулийн дагуу хангаж өгсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь буруу болсон.
8. Хуулиар нэгэнт тодорхой зохицуулсан байхад хариуцагч байгууллагаас дахин хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр шаардан Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсаныг хуулийн хүрээнд зөв шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгч 73 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
10. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч У.Мнарын 73 иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасантай нийцсэн байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “...магадлалыг хүчингүй болгуулах тухай...” нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
11. Нэр бүхий нэхэмжлэгч нарын “нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан авах тухай хүсэлт”-ийг судлан “олгохоос татгалзсан” хариу ирүүлсэн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2.1-д “хуульд үндэслэх зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтална” гэж заасанд нийцсэн, хууль ёсны захиргааны акт байна.
12. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгон тайлбарлаж байгаа Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь эдгээр иргэдэд холбогдох хуулийн дагуу хил хамгаалах байгууллагаас энгийн буюу Гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжин ажилласан хугацаандаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан нэхэмжлэх, уг шимтгэлийг буцааж олгохыг шүүхээс хариуцагч байгууллагад даалгах үндэслэл болохгүй.
13. Учир нь, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл дэх ”2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ албан хаасанд тооцно” гэсэн зохицуулалт нь хуулийн үйлчлэлд хамрагдах иргэдийн хувьд Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдаагүй “ажилласан жил тооцох”-той холбоотой зохицуулалт болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
14. Нөгөө талаар даатгалын санд даатгуулагчаас төлсөн шимтгэлийг буцаан төлөх, эгүүлэн авах даатгуулагчийн эрхийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны буруугаар учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх”, 4-т “илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах” гэх үндэслэлээс өөрөөр энэ хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулаагүй байна.
15. Мөн Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар НДЕГт энэ асуудлыг зохицуулах агуулга бүхий заавар, журам гаргах эрх олгогдоогүй байх тул “...тусгайлан нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай хууль эсхүл Засгийн газраас тогтоол гаргах шаардлагагүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар шийдэгдэх байсан, ...дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхэд НДЕГ заавар батлах, тушаал гаргах журмаар хэрэгжүүлэх боломжтой...” гэх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
16. Иймд, иргэдээс нэгэнт хүчин төгөлдөр хуульд заасан журам, хэмжээгээр төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг үндэслэн буцаан олгохыг даалгах боломжгүй.
17. Түүнчлэн нийгмийн даатгал нь даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээ болохын хувьд тухайн санд хуульд зааснаар даатгуулагчаас хуримтлуулсан шимтгэл нь даатгуулагчид өөрт нь зориулагддагаас үзвэл, нэхэмжлэгч иргэд нь Гадаадын иргэн, харъяатын газарт ажиллаж байх хугацаандаа холбогдох хуульд зааснаар шимтгэл төлсөн бөгөөд хариуцагчийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
18. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0395 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ