Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/784

 

 

 

 

 

 

 

Г.А, Э.Б, С.Л, Т.Б,

А.Т, Б.Б, А.Э, Э.Т,

Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Одхүү, М.Алтанцэцэг,

шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/360  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Одхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б, А.Э, Э.Т, Б.А нарт холбогдох 1909044450128 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

  • Биеийн байцаалт –

....

Шүүгдэгч Г.А, А.Э нар бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Б.Уийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч, Каннодэйли брэндийн унадаг дугуй, “плейстейшн-3” загварын цэнхэр өнгийн тоглоом зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, А.Э, Э.Т нар бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Д.Б, Б.У нарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч, 2 ширхэг “ай фад, спикер, ви ар тоглоом, чихэвч, найк пүүз, хүүхдийн пүүзэн гуталнууд, үнэртэй ус, “LG” брэндийн гар утас зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Б.А нар бүлэглэж 2020 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Б.Уийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч, Кэйннодэйли брэндийн унадаг дугуй, Трек брэндийн унадаг дугуй, гуччи брэндийн хар өнгийн кет, загварын гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л нар бүлэглэж 37-71 УБУ улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод байрлах иргэн Б.Л-ийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, 48 инчийн зурагт, спикер, 4 ширхэг хүүхдийн гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Т.Б, С.Л, А.Т нар бүлэглэж 18-54 УБУ улсын дугаартай “Тоёота ланд круйзер прадо 120” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Б.Л-ийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, ханейкэн пиво, 2 ширхэг гитар зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Т.Б, Б.Б, А.Т нар бүлэглэж 18-54 УБУ улсын дугаартай “Тоёота ланд круйзер прадо 120” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод байрлах иргэн Г.Уийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, сони брэндийн 24 инчийн зурагт, индукцэн плитка, стар брэндийн сагсан бөмбөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Т.Б, Б.Б, А.Т нар бүлэглэж 18-54 УБУ улсын дугаартай “Тоёота ланд круйзер прадо 120” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Д.Бийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, 37 инчийн зурагт, “LG” гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Т.Б, Б.Б, А.Т нар бүлэглэн 18-54 УБУ улсын дугаартай “Тоёота ланд круйзер прадо 120” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн зусланд байрлах иргэн Д.Дийн эзэмшлийн байранд тасдагч багаж ашиглан нэвтэрч, 42 инчийн зурагт, цахилгаан халаагуур зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Б.А, Э.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

өсвөр насны шүүгдэгч А.Эийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Э.Т, өсвөр насны шүүгдэгч Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Г.А, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүрийг 3 жилийн хугацаагаар хорих ял,

өсвөр насны шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

өсвөр насны шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч С.Л, Б.Б, А.Т, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Э.Т, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Э, Б.А нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л, Т.Б, А.Т, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 31-687 тоотоос, А.Тг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 20 дугаар гудамжны 646 тоотоос, Т.Быг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 379 тоотод оршин суух, Э.Тийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны 292 тоотоос, Б.Бг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 17 дугаар гудамжны 420 тоотоос тус тус шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчиж болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч А.Э, Б.А нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус бүрт авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Лын цагдан хоригдсон 108 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, эдлэх ялаас хасч /425-108=317/ 317 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг тогтоож,

хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А, Э.Т, Э.Б, Т.Б, А.Т, Б.Б, өсвөр насны шүүгдэгч А.Э, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Т, Болдбаатар, А.Т, Б.Б, С.Л, өсвөр насны шүүгдэгч А.Э, Б.А нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг тасдагч багажийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аөөс 3,725,706 төгрөгийг гаргуулж, 2,319,350 төгрөгийг хохирогч Б.Ут, 1,109,700 төгрөгийг хохирогч Б.Лд, 97,236 төгрөгийг хохирогч Д.Дид, 160,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Год, 39,420 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ут,

шүүгдэгч Э.Баас 3,038,446 төгрөгийг гаргуулж, 1,429,350 төгрөгийг хохирогч Б.Ут, 1,203,500 төгрөгийг хохирогч Б.Лд, 87,936 төгрөгийг хохирогч Д.Бт, 10,400 төгрөгийг хохирогч Г.Ут, 107,840 төгрөгийг хохирогч Д.Дид, 160,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Год, 39,420 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ут тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л нараас тус бүр 9,008,437 төгрөгийг, шүүгдэгч А.Т, Т.Б Б.Б нараас 4,849,544 төгрөгийг тус тус албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, С.Л, Т.Б, А.Т, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж,

өсвөр насны шүүгдэгч А.Э, Б.А нар нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурьдаж,

шүүгдэгч С.Лт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.А, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Т, С.Л, Т.Б, А.Т, Б.Б, өсвөр насны шүүгдэгч А.Э, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний  бие анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Уг хэрэг 2021 оны 01 дүгээр сард үйлдэгдсэн ба хохирлоо төлөөгүйн улмаас Өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Хохирол болох 3,038,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженерийн төгсөх ангид сурдаг. Ээжийн хамт хоёулаа амьдардаг. Хичээлийн хажуугаар ажил хийж амьдралаа залгуулдаг тул ар гэрийн байдлыг харгалзан Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч О.Одхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Учир нь, шүүгдэгч Э.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа мэдүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн билээ. Гэтэл шүүх энэ байдлыг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн хохирлоо төлөөгүй байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзээд түүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй болохыг дурджээ. Э.Б нь хэдийгээр анхан шатны шүүх хурал болохоос өмнө гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол болох 6 хохирогчийн нийт хохирол 3,038,446 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан ч гэсэн өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өнгөрсөн хугацаанд дээрх нийт хохирол болох 3,038,446 төгрөгийн хохирлыг хохирогч тус бүрээр нь ар гэрийнхээ тусламжтайгаар төлж барагдуулсан байна. Үүнээс гадна Э.Б нь ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Саруул тэнгэр хотхоны 45 дугаар байрны 126 тоотод байнга оршин суудаг байна. Иймд түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хөнгөрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.Б болон өмгөөлөгч О.Одхүү нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ “шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв” гэж дурдсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулсан үндэслэлээ нэг бүрчлэн тайлбарласан. Бусдад төлөх төлбөрөө төлөөгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт болон Өршөөлийн хуульд хамруулах боломжгүй гэж тус тус дурдсан. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь анхан шатны шүүхээс дурдсан хохирол төлбөрөө төлөөгүй байдал нь өнөөдөр арилсан гэдэг агуулгатай. Нийт хохирогч нарт Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу 3,038,446 төгрөгийг төлсөн. Иймээс миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт шүүгдэгч А.Тд хууль зүйн туслалцаа үзүүлж оролцсон. Бие даасан гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэл нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн учраас миний зүгээс зүйлчлэлийн хувьд маргаангүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Мөн хэргийн талаар бодитой дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч О.Одхүүгээс гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй, хохирол, төлбөрөө барагдуулаагүй байсан. Өнөөдрийн байдлаар учруулсан хохирол, төлбөрөө төлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна. Тиймээс өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн гомдол нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.А, А.Э нар бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Б.Уийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч, Каннодэйли брэндийн унадаг дугуй, “плейстейшн-3” загварын цэнхэр өнгийн тоглоом зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, А.Э, Э.Т нар бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Д.Б, Б.У нарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч, 2 ширхэг “ай фад, спикер, ви ар тоглоом, чихэвч, найк пүүз, хүүхдийн пүүзэн гуталнууд, үнэртэй ус, “LG” брэндийн гар утас зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Б.А нар бүлэглэж 2020 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Б.Уийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч, Кэйннодэйли брэндийн унадаг дугуй, Трек брэндийн унадаг дугуй, гуччи брэндийн хар өнгийн кет, загварын гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л нар бүлэглэж 37-71 УБУ улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод байрлах иргэн Б.Л-ийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, 48 инчийн зурагт, спикер, 4 ширхэг хүүхдийн гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Т.Б, С.Л, А.Т нар бүлэглэж 18-54 УБУ улсын дугаартай “Тоёота ланд круйзер прадо 120” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Б.Л-ийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, ханейкэн пиво, 2 ширхэг гитар зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Т.Б, Б.Б, А.Т нар бүлэглэж 18-54 УБУ улсын дугаартай “Тоёота ланд круйзер прадо 120” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод байрлах иргэн Г.Уийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, сони брэндийн 24 инчийн зурагт, индукцэн плитка, стар брэндийн сагсан бөмбөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Т.Б, Б.Б, А.Т нар бүлэглэж 18-54 УБУ улсын дугаартай “Тоёота ланд круйзер прадо 120” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Д.Бийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, 37 инчийн зурагт, “LG” гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

шүүгдэгч Г.А, Э.Б, Т.Б, Б.Б, А.Т нар бүлэглэн 18-54 УБУ улсын дугаартай “Тоёота ланд круйзер прадо 120” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн зусланд байрлах иргэн Д.Дийн эзэмшлийн байранд тасдагч багаж ашиглан нэвтэрч, 42 инчийн зурагт, цахилгаан халаагуур зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.У /1хх 28-29, 2хх 25-26, 1хх 80-81/, хохирогч Б.Л /1хх 166-168/, хохирогч Г.У /2хх 98-102/, хохирогч Д.Б /1хх 170-171/, хохирогч Д.Д /3хх 137/, иргэний нэхэмжлэгч С.Г /1хх 174/,

гэрч О.Мөнх-Эрдэнэ /2хх 119-120/, С.Мэндсайхан /3хх 164/, О.Мөнх-Эрдэнэ /2хх 119-120/,

яллагдагч Г.А /1хх 5-6, 1хх 220-221, 1хх 51-52, 1хх 113-114, 2хх 52-53/, Д.Эрхэмбилэг /1хх 12-13, 1хх 228-229/, Э.Т /1хх 235-236/, Э.Б /1хх 58, 1хх 126-127, 2хх 59/, Б.Б /1хх 131-132, 2хх 65-66/, Б.А /1хх 64-65/, С.Л /1хх 119-120/, А.Т /1хх 138-139, 2хх 73/, Т.Б /1хх 144-145, 2хх 78/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06/032 дугаартай дүгнэлт /3хх 184-185/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 40-41, 2хх 38-39, 1хх 91-92, 1хх 199-200, 2хх 133-134, 2хх 138-139, 3хх 169-170/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 95-96/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 248-250, 1хх 69-72, 1хх 149-154, 2хх 84-91, 1хх 149-161, 3хх 118-122/,

2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 20-21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б нарыг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, машин механизм ашигласан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалах бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд хулгайлах үйлдэл төгссөний дараа эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхгүй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...машин механизм ашиглаж...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ автомашин унаж явсан ч автомашиныг учрах саадыг арилгах санаа зорилгоор ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Дээрх үндэслэлтэй холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л нараас тус бүр 9,008,437 төгрөгийг, шүүгдэгч, А.Т, Т.Б Б.Б нараас 4,849,544 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэснийг хүчингүй болгов.

Харин, шүүгдэгч Г.А, Э.Б, Т.Б, Б.Б, А.Т нар бүлэглэж 2021 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн зусланд байрлах иргэн Д.Дийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэхдээ тасдагч багаж ашигласан нөхцөл байдал байх боловч анхан шатны шүүхээс нэр бүхий шүүгдэгч нар тасдагч багаж ашигласан талаар дүгнэлт хийж буруутгаагүй байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар буруутгасан дүгнэлт хийх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б, Э.Т, өсвөр насны шүүгдэгч А.Э, Б.А нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б, Э.Т, өсвөр насны шүүгдэгч А.Э, Б.А нарын бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгө авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх тул давж заалдах шатны шүүх хөндөх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасан.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч Г.А 16 нас /2хх 153/, А.Э 15 нас /3хх 52/, Б.А 15 нас /2хх 209/, А.Т 17 нас /3хх 1/, Э.Т 17 нас /3хх 41/-тай байсан нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзээд, тэдэнд оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Ат оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч А.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Б.Аид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч А.Тд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 7 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Тт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хугацаагаар тус тус хорих ял болгон өөрчлөв.

Түүнчлэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн...” байх нөхцөл заажээ.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А нь хохирол төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь буруу байна.

Шүүгдэгч Э.Бы хувьд, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед хохирол төлбөр болох 3,038,446 төгрөгийг төлж барагдуулсан /5хх 49-54/ байх тул шүүгдэгч Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч О.Одхүү нарын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Э.Б нарын хорих ялаас эдлээгүй үлдсэн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шүүгдэгч Г.Ад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг, шүүгдэгч Э.Бд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/360 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, хорих ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч А.Э, Б.А нарт оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч А.Тд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, хорих ялын хэмжээг 7 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Тт оногдуулсан 1 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, хорих ялын хэмжээг 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус, ... гэсэн хэсгийг “Шүүгдэгч Г.А, Э.Б, С.Л, Т.Б, А.Т, Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Г.А, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүрийг 3 жилийн хугацаагаар хорих ял, ...гэсэн хэсгийг “шүүгдэгч Г.А, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрийг 3 жилийн хугацаагаар хорих ял, ...гэж,

мөн 2 дахь заалтын ...шүүгдэгч С.Л, Б.Б, А.Т, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус, ... гэсэн хэсгийг ...шүүгдэгч С.Л, Б.Б, А.Т, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 1 жил 6 сар, Э.Бд оногдуулсан 3 жил, С.Л, Б.Б, Т.Б нарт оногдуулсан 1 жил 2 сар, А.Тд оногдуулсан 7 сар, Э.Тт оногдуулсан 6 сар хорих ялыг тус бүрийн хорих ялын хугацаатай ижил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай” гэж,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухрын 20 тоотоос, шүүгдэгч Э.Быг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Саруул тэнгэр хотхоны 45 дугаар байрны 126 тоотоос, шүүгдэгч С.Лыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 31-687 тоотоос, А.Тг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 20 дугаар гудамжны 646 тоотоос, Т.Быг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, цэргийн хотхоны 379 тоотоос,  Э.Тийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны 292 тоотоос, Б.Бг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консул 17 дугаар гудамжны 420 тоотоос тус тус явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Г.А, Э.Б нар нь 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 8 дугаар дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 122 /нэг зуун хорих хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул тэдэнд тус бүр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээнээс уг хоногийг хасч, үлдэх ялын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүгдэгч Э.Баас 1,429,350 төгрөгийг хохирогч Б.Ут, 1,203,500 төгрөгийг хохирогч Б.Лд, 49,820 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ут, 107,840 төгрөгийг хохирогч Д.Дид, 87,936 төгрөгийг хохирогч Д.Бт, 160,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Год, нийт 3,038,446 төгрөгийг хохиролд төлснийг дурдаж, шүүгдэгч Г.А, Э.Б нарыг нэн даруй сулласугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР