Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 152

 

      2017 оны  11  сарын 14 өдөр                 2017/ШЦТ/152

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0138/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                        А.Уламбаяр

Улсын яллагч                                                       Т.Баярмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Ө.Батболд

Шүүгдэгч                                                           О.Г нарыг оролцуулан

    

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г холбогдох 1739000170011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1996 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлогдож байсан О.Г

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч О.Г нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт байрлах Хажуу булаг нэртэй амралтын газар 41-46 УНВ улсын дугаартай Лексус маркийн автомашинаас иргэн Д.Э-ийн эзэмшлийн зургийн аппарат, флаш, мимори карт, амралтын гэрт нэвтрэн орж гар утасны чихэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан 2.565.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 6хуу/

         Гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 7-9хуу/

         Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хх-ийн 13хуу/

         Хохирогч Д.Э-н: ... 7 дугаар сарын 11-ний өдөр Дадал сумын Баян-Овоо багт байрлах “Хажуу булаг” гэх амралтын газрын 3 болон 4 номерийн гэрт ирж байрласан. Тэгтэл шөнө 3 цагийн орчимд амарч байхад манай байрлаж байсан 3 номерийн гэрт 2 хүн сүүтэгнэсэн. Тэгэхээр нь би баярлаж цэнгэсэн хүмүүс гэрээ андуурч орж ирсэн юм болов уу гэж бодоод хөөе юу хийгээд байгаа юм бэ гээд гараач гээд хөөсөн. Тэгтэл манай нөхөр Ж ах байна ш дээ гэж хэлэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод хувцсаа өмсөөд араас нь гарсан. ... Ж ахаа юу болсон бэ гэхэд энэ нөхөр түрүүнээс хойш энүүгээр яваад байсан. Тэгээд хараад байсан чинь танай гэр лүү орохоор нь араас нь ортол Д-н дэргэд байсан 2 утсыг барьчихсан зогсож байсан гэсэн. .... Тэгсэн манай нөхөр хүүгийн чихэвчийг авсан байна гэхээр нь наадахаа бариад ав гэхэд мод руу чимээ өгөөд байгаа юм шиг алхаад байсан. Гэтэл тэнд ажиллаж байсан Т гэх ахимаг настай хүн байж таараад мотоциклоор нөгөө залууг хөөж гүйцээд барьж авсан. Гэтэл манай нөхөр наадах чинь машин ухсан байна гээд ирсэн. Ингээд манай ах Ж, нөхөр Т болон Т гэх ах гурав хүлэх гэж ноцолдож байхад энгэрээс манай хүүхдийн чихэвч бас өмсөж явсан куртикных нь дотор талаар манай Канон 1100D маркийн мэргэжлийн зургийн аппаратыг зүүчихсэн байсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18хуу/

 

         Дадал сумын үнэлгээний комиссын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоол. /хх-ийн 20-21хуу/

 

         Гэрч Н.Ж-ийн: ... 3 цагийн орчим амралтын газрын 04 номерийн гэрт амарч байхад гадаа мотоцикльтой хүн манай гэрийн үүдэнд шууд гэрэл тусгаад зогссон. Тэгээд манай гэрт ороод ирсэн. Тэгэхлээр нь би хэн бэ гээд асуутал Б гэж хүн байна уу гэж асуусан. Тийм хүн байхгүй гэж хэлэхэд гараад явсан. Тэгээд би жаахан байж байгаад араас нь гараад хартал мотоциклынхоо гэрлийг унтраасан хүн байхгүй байсан. Тэгээд дүүгийн машин луу хартал жолооч талын хаалганы гэрэл асаалттай байсан. Би явж очоод хаалгыг нь түлхэж хаачаад дүүгийн гэр лүү ортол 1 танихгүй залуу манай дүүгийн том хүүхдийнх нь хажууд байсан 2 гар утсын ээлжлэн харж үзээд зогсож байсан. Тэгэхлээр нь би чи юун хүн бэ яах гээд яваад байгаа юм гэж асуутал гараад зугтаасан. Тэгээд би унтаж байсан дүүгээ сэрээгээд энүүгээр хүн орж ирээд гараад явчлаа, юу алга болсон байна гэж асуутал хүүхдийн дуу сонсож байсан чихэвч алга байна гэж хэлсэн. Тэгэхээр би араас нь гараад хартал нөгөө залуу мотоциклоо түрээд хойд зүг рүү гүйсэн. ... Тэгээд босоод ирэхээр нь харсан чинь куртикныхээ дотуур цүнхтэй юм үүрцэн шиг харагдсан. ... би араас нь хөөж байхдаа чи хүүхдийн чихэвч аваад ир гээд нэхтэл би аваагүй гээд гүрийж байснаа карманаасаа гаргаж өгсөн. ... Тэгээд барьж аваад байж байтал манай дүү араас ирээд миний машиныг ухаад аппарат авсан байна гэж хэлэхээр нь үзсэн чинь тэр цүнх үүрсэн юм шиг харагдсан зүйл нь манай дүүгийн аппарат байсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25хуу/

 

             Гэрч Б.Г-ын: ... Манай найз нар Баян-Уул сумаас ирсэн байна уулзъя гээд намайг дуудсан. Тэгээд би Дадал сумын Хажуу булаг гэх газрын модонд очиж уулзсан. ... Би Ч-н хамтаар Дадал сумын төв рүү явж байхад “Хажуу булаг” гэх амралтын газар байж байхаар нь яваад очтол Г модонд хүлүүлсэн байсан ба Б найзыгаа авна гээд хэрүүл хийгээд байж байсан гэх мэдүүлэг.

            

             Гэрч Б.Б-н өгсөн: ... Тэгээд удахгүй байж байтал Г алга болсон байсан. Тэгэхээр нь Г-г хайгаад явж байтал “Хажуу булаг” гэх амралтын газар очцон модноос хүлүүлсэн байсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30хуу/

 

           Шүүгдэгч О.Г-н: ... Б-г хайж нэлээн явж байгаад аль нэг гэр лүү нь орсон байх гэж бодоод нэг гэр лүү орсон. Өөдөөс нэг хүн хэн бэ гэж асуусан, би Б-д гэж хүн байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр гэрээс гараад ойр хавиар бас хайж явсан. Тэгж байгаад нөгөө гэрийн урдхан талд нэг дунд гарын жийп бололтой нэг машин байхаар нь хаалгыг нь татаж үзтэл онгорхой байсан. Тэгээд машинд ороод машинаас зургийн аппарат, мөн машины МР тоглуулагчинд флаш байхаар нь авсан. Ман урд талын суудал дээр байсан шиг санаж байна нэг хар өнгийн жижиг цүнхтэй эд зүйл байсан ба нээж үзэхэд гоо сайхны хэрэгсэл байхаар нь тэнд нь хаясан. Тэгээд машины хойд талын гэр лүү орсон. Гэр лүү ороход хүмүүс унтаж байсан. Тэгсэн гэрийн баруун талын орон дээр ил утас байгаа харагдсан. Би Б руу залгах гээд утсыг автал гаднаас хүн орж ирсэн. Тэр гар утсанд чихэвч залгаатай байсан юм. Би тэр үед сандарсандаа чихэвчийг гартаа атгаад нууж гарсан. ... чихэвчийг тэр чигтээ аваад гарсан гэх мэдүүлэг ... /хх-ийн 43-44хуу/ зэрэг болно.

 

         Шүүгдэгч О.Г нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт байрлах Хажуу булаг нэртэй амралтын газар 41-46 УНВ улсын дугаартай Лексус маркийн автомашинаас иргэн Д.Э-н эзэмшлийн зургийн аппарат, флаш, мимори карт зэргийг хулгайлсан болох нь:

 

         Хохирогч Д.Э-н ... Гэтэл манай нөхөр наадах чинь машин ухсан байна гээд ирсэн. Ингээд манай ах Ж нөхөр Т болон Т гэх ах гурав хүлэх гэж ноцолдож байхад энгэрээс манай хүүхдийн чихэвч бас өмсөж явсан куртикных нь дотор талаар манай Канон 1100D маркийн мэргэжлийн зургийн аппаратыг зүүчихсэн байсан гэх мэдүүлэг, гэрч Н.Ж-н ... Тэгээд дүүгийн машин луу хартал жолооч талын хаалганы гэрэл асаалттай байсан. Би явж очоод хаалгыг нь түлхэж хаачаад дүүгийн гэр лүү ортол 1 танихгүй залуу манай дүүгийн том хүүхдийнх нь хажууд байсан 2 гар утсын ээлжлэн харж үзээд зогсож байсан. Тэгэхлээр нь би чи юун хүн бэ яах гээд яваад байгаа юм гэж асуутал гараад зугтаасан. ... Тэгээд босоод ирэхээр нь харсан чинь куртикныхээ дотуур цүнхтэй юм үүрцэн шиг харагдсан. ... ... Тэгээд барьж аваад байж байтал манай дүү араас ирээд миний машиныг ухаад аппарат авсан байна гэж хэлэхээр нь үзсэн чинь тэр цүнх үүрсэн юм шиг харагдсан зүйл нь манай дүүгийн аппарат байсан. ... гэх мэдүүлэг, гэрч Б.Г-н ... Тэгээд би Дадал сумын Хажуу булаг гэх газрын модонд очиж уулзсан. ... Би Ч-н хамтаар Дадал сумын төв рүү явж байхад “Хажуу булаг” гэх амралтын газар байж байхаар нь яваад очтол Г модонд хүлүүлсэн байсан ба Б найзыгаа авна гээд хэрүүл хийгээд байж байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Г-н ... Тэгж байгаад нөгөө гэрийн урдхан талд нэг дунд гарын жийп бололтой нэг машин байхаар нь хаалгыг нь татаж үзтэл онгорхой байсан. Тэгээд машинд ороод машинаас зургийн аппарат, мөн машины МР тоглуулагчинд флаш байхаар нь авсан. Мөн урд талын суудал дээр байсан шиг санаж байна нэг хар өнгийн жижиг цүнхтэй эд зүйл байсан ба нээж үзэхэд гоо сайхны хэрэгсэл байхаар нь тэнд нь хаясан гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураасан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар хангаллтай нотлогдон тогтоогдож байна.

 

         Харин шүүгдэгчийн амралтын гэрт нэвтрэн орж гар утасны чихэвчийг хулгайлсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байх боловч тухайн чихэвчний үнэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хохирол, хор уршгийн бага хэмжээний /300.000/ хохиролд хүрэхгүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Учир нь Эрүүгийн хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн ... үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй талаар зохицуулсаныг дурьдах нь зүйтэй.

 

       Тухайн чихэвч нь 50.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь хавтаст хэргийн 21 дүгээр хуудсан авагдсан Дадал сумын үнэлгээний комиссын тогтоолын хавсралтаар тогтоогдож байна.

 

        Иймд шүүгдэгч О.Г-н “Хажуу булаг” гэх нэртэй амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрж чихэвч хулгайлсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, 41-46 УНВ улсын дугаартай Лексус маркийн автомашинаас иргэн Д.Э-н эзэмшлийн зургийн аппарат, флаш, мимори карт зэргийг хулгайлсан үйлдэлд нь ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

        Хохиролын хувьд хохирогч Д.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоо барагдуулж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

        Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэхээр шийдвэрлэлээ.

 

       Мөн шүүгдэгчид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.         

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

  
           1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

    2. Шүүгдэгч О.Г-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.

 

    4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

     5. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэлгэц нь хагарсан, дурангийн линз зурагдсан, мемори картгүй, хар өнгийн оосортой Канон 1000D зургын аппаратыг улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА