Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 853

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/00513 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.А-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан 19 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.А- нь 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-д өөрийн эзэмшлийн Ланд Круйзер-100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд тухайн үед мөнгийг сарын дотор төлнө гэж хүссэн тул 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу сарын дараа төлбөрөө авахаар Б.Б-тай давхар зээлийн гэрээ хийсэн. Гэтэл Б.Б- нь машины төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, эцэст нь худалдаж авсан машинаа цааш дамжуулан зарсан байсан. Нэхэж байж 3 000 000 төгрөг авсан. Өөр ямар нэг төлбөр хийгээгүй тул 22 000 000 төгрөгөөр худалдаж авсан машины үнийн үлдэгдэл болох 19 000 000 төгрөгийг Б.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Б-гийн ээж З.Насанжаргал “Гэзэгийн худаг” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байгаад хүнд өвчний учир 2015 оны 8 дугаар сард нас барсан. Тэрээр нас барахаасаа өмнө биеийн байдал нь хүнд, олон cap хэвтрийн дэглэмтэй байх үедээ “Гэзэгийн худаг” ХХК-ийг Б.Молом гэх хүнд шилжүүлсэн. Нэхэмжлэлд Ц.А- нь 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-д Ланд круйзер 100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр худалдахдаа “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”, “Зээлийн гэрээ” гэсэн хоёрыг зэрэг байгуулсан талаар дурджээ. Хариуцагч Б.Б-гийн хувьд миний ээж З.Насанжаргал Ц.А-ээс автомашин аваад ир гэж намайг явуулсан, явах үед ямар нэгэн гэрээ хийхийг болон гэрээнд гарын үсэг зурах талаар юу ч хэлээгүй, Ц.А- бол ээжийн найз, тэр хоёр чухам ямар тохиролцоо хийснийг би мэдэхгүй. Надад Ц.А-ээс автомашин худалдан авах шаардлага байгаагүй, би сонсгол муутай тул автомашин бариад байдаггүй. Ээж 3 000 000 төгрөгт тооцож флаш өгсөн гэж тайлбарладаг. Иймээс дээрх хоёр гэрээг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ц.А-, хариуцагч Б.Б- нарын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний хувьд хариуцагч Б.Б- автомашинтай болох зорилго өөртөө тавиагүй байсан, Ц.А- нь хариуцагчийн ээжтэй нь автомашин өгч авалцах талаар тохирсон атлаа хариуцагчийг хуурч мэхлэх аргаар, төөрөгдүүлж, гэрээнд гарын үсэг зуруулсан, гэрээний хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан, хариуцагч нь ямар нэгэн гэрээ байгуулах хүсэл, зориг байгаагүй. Ланд круйзер 100 маркийн автомашиныг авч ирээд ээждээ өгсөн, өөртөө унаж хэрэглэсэн зүйлгүй. Нэхэмжлэгч Ц.А-, хариуцагч Б.Б- нарын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хувьд хуулиар заавал баримтлах хэлбэрийг зөрчин хийсэн хэлцэл хуулиас шууд хамааралтайгаар хүчин төгөлдөр бус байна. Зээлийн гэрээг бодитоор байгуулаагүй, учир нь энэ хоёр хүний хооронд мөнгө төгрөг өгсөн, авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 19 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.А- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-д өөрийн эзэмшлийн Ланд круйзер 100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд тухайн үед мөнгийг сарын дотор төлнө гэж хүссэн тул 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу сарын дараа төлбөрөө авахаар Б.Б-тай давхар зээлийн гэрээ хийсэн. Гэтэл Б.Б- нь автомашины төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй, эцэст нь худалдаж авсан автомашинаа цааш дамжуулан зарсан байсан учир өөрийн эх З.Нын хамт бусдыг залилан мэхэлсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үед машины хохиролд 3 000 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас З.Насанжаргал нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Б.Б-гаас машины үнийн үлдэгдэл болох 19 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32019/07909 тоот захирамжаар уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дараа 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрүүдэд дахин нэхэмжлэл гаргаж мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гарсан. 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талын хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/Ш32019/13019 тоот захирамжаар уг хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр миний нэхэмжлэлийг хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойших 3 жилийн хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөрт багтаан шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй гэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдаанд миний бие шүүхэд анх нэхэмжлэл гаргасан цаг хугацаа буюу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэдгээ тодорхой тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэрт сүүлийн буюу 2019 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргасан тухай тайлбарласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, нөгөө талаар хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг өмнө нь 3 удаа хүлээн авч, шийдвэр гаргахгүй, мөн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж шүүхээр хянан хэлэлцэх үндэслэлгүй. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 19 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр Б.Б- нь Ланд круйзер 100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр Ц.А-ээс худалдан авахаар тохиролцсон, мөн өдрөө 22 000 000 төгрөгийг 1 сарын хугацаанд эргэн төлөхөөр зээлийн гэрээг байгуулсан байна.

 

Хариуцагчийн дээрх хоёр гэрээг байгуулаагүй, түүний нас барсан эхтэй холбоотой асуудал, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариу тайлбар татгалзал үндэслэлтэй байна.

 

2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлөх нөхцөл болгон байгуулагдсан байх тул зээлийн гэрээний үүрэг, үр дагаврыг бодитой бий болгоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв.  

 

            Харин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу автомашиныг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон ч гэрээний үнийг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн гэж үзэв.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1513 тоот Прокурорын тогтоолоор яллагдагч З.Наранжаргал /хариуцагч Б.Б-гийн төрсөн эх/-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тогтоолд гомдол гаргаагүй учир тогтоол гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, мөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2019/09529 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргажээ.

 

Прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан, уг хугацаанд багтаан нэхэмжлэгч шүүхэд хандаагүй тул хариуцагч буюу гүйцэтгэгч үүрэг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан 2019 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байснаа шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 9529 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар нотлогдоно гэх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй учир мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй, мөн 2019 оны 7 дугаар сард нэхэмжлэл гаргаж байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/00513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ