| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00401/И |
| Дугаар | 129/ШШ2024/00373 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 129/ШШ2024/00373
129/ШШ2024/00373
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: ...хаягт байрлах ХТ ХХК /3012581/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн ӨУ ЭМТ /..../-д холбогдох
6,553,560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Манай компанитай А аймгийн ӨУ ЭМТ ХХК нь 2023 оны 02-р сарын 01-ний өдөр “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд 2023 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 4,369,040.00 төгрөгийн авлага үүссэн. Үүнээс хойш дахин эм бараа аваагүй ч төлбөр төлөлт хийгдээгүй. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр 25-30-ны өдрийн тооцоо нийлж баталгаажуулах бөгөөд төлбөрийг барааг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Хариуцагч нь “Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан”-д тусгагдсан барааг хүлээн авсан /өсөлт гэсэн багана/ өдрөөс эхлэн тус бүр тухайн сард багтаан төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Гэвч харилцагч нь эм барааны төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул эм барааны төлбөрийн үлдэгдэлийг төлөх өдрийг тухайн сар бүрийн сүүлийн өдрөөр тооцон авлагын үлдэгдлээс гэрээний 4.6-д заасны дагуу алдангид шилжүүлж мөн гэрээний 5.2-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам тооцож үзвэл нийт 4,697,388.10 төгрөгийн алданги бодогдсон байна. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож 2,184,520.00 төгрөгийн алданги бодогдсон байна. Хариуцагч талд төлбөр төлөх хугацааг удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй төлбөр төлөөгүй байна. Иймд А аймгийн ӨУ ЭМТ ХХК-иас “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ”-ний үүргийн төлбөр болох төлбөр 4,369,040.00 төгрөг, алданги 2,184,520.00 төгрөг нийт 6,553,560 төгрөг 00 мөнгийг гаргуулж “Хангай тун” ХХК-д олгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч А аймгийн ӨУ ЭМТ шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ХТ ХХК-ийн нэхэмжилсэн 6,553,560 төгрөгөөс 2,123,100 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч байгууллагатай 2,184,520 төгрөгийн алдангийг төлөхгүй гэж тохиролцсон. Үлдэгдэл 2,245,940 төгрөгийг 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч ХТ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ “ХТ ХХК нь А аймгийн ӨУ ЭМТд холбогдуулан 6,653,560 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. ӨУ ЭМТийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч алдангиас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХТ ХХК нь хариуцагч А аймгийн ӨУ ЭМТд холбогдуулан 6,553,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч А аймгийн ӨУ ЭМТ нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,123,100 төгрөгийг төлсөн, алданги 2,184,520 төлөхгүй байхаар тохиролцсон, үлдэгдэл 2,245,940 төгрөгийг 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн тухай талууд тус тус бичгээр хүсэлт ирүүлжээ.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,807 төгрөгөөс 59,904 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А аймгийн ӨУ ЭМТөөс улсын тэмдэгтийн хураамж 59,904 төгрөг, улсын орлогоос 59,904 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХТ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХТ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А аймгийн ӨУ ЭМТд холбогдох 6,553,560 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас 2,184,520 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж, 2,245,940 төгрөгийг 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч ХТ ХХК алданги 2,184,520 төгрөгөөс татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,807 төгрөгөөс 59,904 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А аймгийн ӨУ ЭМТөөс улсын тэмдэгтийн хураамж 59,904 төгрөг, улсын орлогоос 59,904 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХТ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч А аймгийн ӨУ ЭМТ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч,тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН