Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/785

 

 

 

 

 

 

                                                          

С.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/867 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Зт холбогдох 2202002210167 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн С.З, ...... оны .... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................................................../;

Шүүгдэгч С.З нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 20.5 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Зыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан гялгар уутны хамт 20.5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт өвс, “2” гэж дугаарласан тугалган цаас зэрэг эд зүйлсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Зт хэрэглэсэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.З гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие залуу насны болгоомжгүй зангаас, мөн өөрийн үйлдлийн хор хөнөөлийг гүйцэд ухаарч ойлгоогүйгээс ийм хэрэгт холбогдсон. Хэрэг илэрсэн цагаас өөрийн гэм бурууг ойлгон гэмшиж, өөрийн биед байсан эд зүйлийг шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэгэн саад учруулаагүй болно. Энэ хэргийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгосон бөгөөд цаашид өөрийн амьдралдаа зөв зан үйлийг хэвшил болгож, дахин гэмт хэрэг, зөрчлөөс ангид зөв төлөвшлөөр амьдрах болно. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Бусдад мансууруулах өвс өгч татуулах, худалдан борлуулах зэргээр хохироосон зүйл байхгүй. Цаашид өөрийн үйлдсэн шиг зүйлээс найз нөхөд эргэн тойрноо байнга урьдчилан сэргийлж байх болно. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тухайн зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Зын өмгөөлөгч Ж.Цэцэгээ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.З нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн биед байсан сэтгэцэд нөлөөлөх бодисыг цагдаагийн ажилтны эхний шаардлагаар гарган өгч, хүндэтгэлтэй хандаж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэрчээр өгсөн анхны мэдүүлэгтээ өөрийн түүх намтрыг нууж хаалгүй ярьж мэдүүлсэн байдаг. /хх 10, 35-36) Тэрчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралгүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд архи, тамхи хэрэглэдэггүй хувийн эерэг талтай. /хх 65/ С.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд олж авсан гэх бодисоос өөртөө 2 удаа хэрэглэсэн, харин бусдад зарсан, татуулсан зэргээр нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж хор хөнөөл учруулсан үйлдэл байхгүйг дурдах нь зүйтэй болов уу. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч буруу зан үйлээ засаж, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхаа илэрхийлж өөрийн гараар бичсэн өргөдлийг танай шүүхэд хүргүүлсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу С.Зт оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын нэг төрөл болох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Зт 1 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулсан нь нийгмийн хор аюул, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн. С.З нь гадаад улсад байхдаа энэ төрлийн бодисыг хэрэглэдэг байсан нөхцөл байдлууд тогтоогддог тул түүнийг нийгмээс тусгаарлах нь хорт зуршлаасаа салахад дэмтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.З нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 20.5 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүний биед үзлэг хийсэн “...Үзлэг хийхийн өмнө нь С.Заас таны биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүр, хууль бус эд зүйл байна уу, хэрвээ байгаа бол сайн дураараа гаргаж өгөхийг тайлбарлахад “миний биед өвс байгаа” гээд өөрийн өмсөж явсан хар өнгийн куртканы зүүн талын халааснаас гялгар ууттай өвс мэт зүйл гаргаж ирээд “өөр хууль бус эд зүйл байхгүй” гэснээр үзлэгийг явуулахаар тогтов. Түүний сайн дураараа гаргаж өгсөн гялгар ууттай өвс мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд хоёр давхар гялгар ууттай өвс мэт зүйл нь 30.4 грамм жинтэй байсныг “номер 1” гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 10-15/,

шүүгдэгч С.Зын яллагдагчаар өгсөн “... Уг өвсийг одоо Турк улсад ажиллаж амьдарч байгаа найз Элбэг-Эрдэнэтэй “WhatsApp аппликейшн ашиглан ярьж байхдаа өвс байна уу гэж асуухад надад Зайсан толгойн орой дээр байгаа гэж хэлээд зураг явуулсан. Түүний дагуу би явж Зайсан толгойгоос очиж авсан. Би мансууруулах өвсийг хэн нэгнээс худалдаж аваагүй, мөн тэр гялгар ууттай өвсийг хэн Зайсан толгойн орой дээр тавьсныг би мэдэхгүй. Тэр өвсийг авсан оройдоо би нэг удаа хэрэглэсэн. ...” /хх 90-91/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2147 дугаартай “... “1” гэж дугаарласан том болон жижиг гялгар ууттай ургамал мэт зүйлсээс “дельта 9 тетрагидроканнабинол” илэрсэн. “Дельта 9 тетрагидроканнабинол” нь 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна. “1” гэж дугаарласан том цагаан гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 29.7 грамм, цэвэр жин нь 20.3 грамм, жижиг гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0.9 грамм, цэвэр жин нь 0.2 грамм байна. ...” /хх 52-55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2146 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Золбаяр, УУ92080773, 1992.08.07 гэж хаягласан дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ...” /хх 59-61/ гэсэн дүгнэлтүүд,

эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-25/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 26/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Зын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, улмаар хэрэглээндээ зориулан хадгалж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нараас “...анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Зын “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч С.Зт шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/867 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР