Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 929

 

 

 

 

 

 

 

 

 

“Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00409 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн хариуцагч М.М-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 329 084 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М.М- нь манай компанитай 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан, Геодезийн инженерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд компани инженерүүдийнхээ хүсэлтээр 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Холбооны бүгд найрамдах Герман улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 инженерийг хамруулж холбогдох зардлыг гаргасан ба М.М-д буюу нэг ажилтанд ногдох зардал нь 2400 евро буюу 5 646 144 төгрөг болсон. Ийнхүү сургалтын зардлыг хариуцахдаа геодезийн инженер М.М-тай 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7 тоот сургалт дадлагын нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр М.М- нь “Ү” ХХК-д 5-аас доошгүй жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах үүргийг хүлээсэн. 2014 онд М.М- нь идэвхи санаачилгатай ажиллаж байсан тул бид түүний хүсэлтийг үндэслэн орон сууцтай болж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд түүний худалдан авахаар гэрээ хэлцэл байгуулсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Шинэ өргөө хороолол”-ын 610 дугаар байрны 6 тоот 1 өрөө 37.9 м.кв талбайтай нийт 66 325 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авахад нь зориулж, тус барилгын гүйцэтгэгч компани болох “Ар Ий Си” ХХК-д төлбөл зохих орон сууцны үнийн 30 хувь болох 19 897 500 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.М-д хүлээлгэж өгсөн. Компаниас дээрх төлбөрийг төлсөнтэй холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.М-тай “Орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ”-г байгуулсан ба уг гэрээний дагуу М.М- нь “Ү” ХХК-д гэрээ байгуулснаас хойш 10 жилийн хугацаанд ажиллахаар тохиролцсон тул 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г 10 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулсан.

Гэтэл М.М- нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах тухай хүсэлт гаргасан тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг үндэслэн ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/109 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. М.М- нь “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах хүсэлт гаргахдаа сургалтын төлбөр болон орон сууцны урьдчилгаанд компаниас гаргасан зардлыг 2-3 жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж, бичгээр өргөдөл гаргасан боловч одоог хүртэл төлбөр төлөөгүйгээс гадна утсаа авахгүй, бидэнтэй холбогдохгүй зугтаасаар байна. Түүнчлэн компаниас М.М-ыг ажилд томилогдох үед түүнд ажлын хэрэгцээнд нь зориулан Мобикомын 94064655 дугаарыг хүлээлгэн өгсөн ба “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу уг дугаарын ярианы төлбөрөөс 9000 төгрөгийг компаниас, үлдсэн төлбөрийг ажилтан өөрөө төлдөг байсан. Гэтэл М.М- нь 2016 оны 10 дугаар сараас хойш 94064655 дугаарын ярианы төлбөрөө төлөлгүй 2017 оны 11 дүгээр сарыг дуустал ашигласан тул 14 сарын ярианы төлбөр болох нийт 1 884 440 төгрөгийг бид төлсөн. Уг төлбөрөөс М.М-ыг ажлаас чөлөөлөгдөх хүртэлх 2018 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд тооцогдох хөнгөлөлтийг хасч, үлдэгдэл 1 785 440 төгрөгийг М.М- нь төлөх үүрэгтэй.

Иймд иргэн М.М- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан сургалт дадлагын нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул орон сууцны үнийн хөнгөлөлт 19 897 500 төгрөг, сургалтын төлбөрт 5 646 144 төгрөг, Мэндсайханы өмнөөс Мобиком компанид төлсөн 1 785 440 төгрөг, нийт 27 329 084 гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төлөөлж буй М.М- нь 2013 онд “Ү” ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хэнээс ч илүү цалин хөлс, гэрээний тусгай нөхцөл эдэлж байгаагүй бусад инженерийн адил цалин хангамж эдэлж байсан. Сургалтад суулгах болсон гэсний дагуу 2014 оны 02 дугаар сарын 06-наас 24-ний өдөр Герман улсад сургалтад хамрагдсан, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангана” гэж заасны дагуу сургалтад хамрагдсан гэж ойлгож байгаа бөгөөд энэ үед 5 жил манай компанид ажил гэж байсан ба ийм зүйл, заалт хөдөлмөрийн гэрээнд ороогүй.

Хөдөлмөрийн гэрээг 10 жилээр байгуул гэсэн хууль бус саналыг ажил олгогч тал тавьж эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулах тухай заалтыг зөрчсөн. Хан-уул дүүрэгт 4 дүгээр хорооны нутагт орон сууцыг авахдаа 8 хувийн зээлд хамрагдаж авсан бөгөөд Шинэ өргөө хороолол 610 дугаар байрны 1 дүгээр орцны 2 дугаар давхарт 06 тоот орон сууцанд орсон. Уг орон сууцыг зээлээр авсан бөгөөд 8 хувийн зээлийг “Ү” ХХК-аас өгөөгүй Монгол Улсын Засгийн газар өгсөн гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлд бичсэнчлэн бид орон сууцны зээлд орох гэж хөдөлмөрийн гэрээг 10 жилээр байгуулаагүй бөгөөд жил тутам хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах шаардлагатай гэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд сүүлд нь орон сууцны зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Ажил олгогч нь нэхэмжлэл гаргахдаа намайг ажлаас гарсан тул нэхэмжлэл гаргасан гэсэн байна. Ажил олгогч нь ажлаар хангахгүй ажилласан цалин хөлсийг зохих хугацаандаа олгохгүй миний цалин хөлсийг багаар нийгмийн даатгалд бичиж хуулийг сахин биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байсан тул би ажлаас гарч өөр ажил хийж дээрх 8 хувийн зээлээ төлж амьдарч байгаа.

Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Компанийн дүрэмд төлөөлөх этгээдийг гүйцэтгэх захирал гэж заасан. Энэ дүрмийг үндэслэн тухайн хуулийн этгээд нь Монгол улсын иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа. Гүйцэтгэх захирал нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг эдэлнэ. Сургалтын төлбөр гаргуулах нь тухайн ажил олгогч ажилтныг ажлын байраар хангах, мэргэжилтнийг  дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах үүргийг хүлээсэн тул энэ үүргийнхээ дагуу сургалтад хамруулсан. Ингэж сургалтад хамрагдсан хугацаа 2014 он байгаа. Сургалтад хамрагдсантай холбоотой гэрээний эрх зүйн маргааныг шийдвэрлэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаа байгаа.

Хөдөлмөрийн хуулийн тухайлан нарийвчилсан зохицуулалтаар хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаарх хугацаа з сар байхад нэхэмжлэл гаргасан байдаг. Орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн ажилтны нийгмийн асуудлыг дэмжих үүргийг хөдөлмөрийн хууль болон дотоод журам, компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчийн хүлээсэн үүрэг байдаг. Ажилтанд нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор өгч байгаа. Энэ орон сууцыг компаниас аваагүй, Голомт банктай байгуулсан зээлийн гэрээгээр авсан. Хэргийн 33 дугаар талд зааснаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал, гүйцэтгэгч захирал дотооддоо төлөөлөх эрхтэй байхад ерөнхий захирал нэхэмжлэл гаргасан нь эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Дэмжлэг үзүүлж 19 000 000 төгрөг олгосон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хугацаа хэтэрсэн. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үүнтэй холбоотой холбогдох тооцоо хийхийг санхүүгийн ажилтандаа үүрэг болгосон тушаал нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг өгсөн. Монгол улсад өнөөдөр инженер доод тал нь 3 000 000 төгрөгийн цалин авч байгаа. 2017, 2018 оны нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харахад 420 000 төгрөгөөс нийгмийн даатгал шимтгэл төлж нийгмийн даатгал орлогын албан татвараас зайлсхийсэн байдаг. Ийм нөхцөл байдлуудаас тухайн иргэн цаашид амьдрах боломжгүй болсноор ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн гэрээ хугацаатай ч бай хугацаагүй ч бай цалин хөлс гэдэг бол тухайн хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэж амьдарлаа аваад явах орлогын эх үүсгэвэр байх ёстой. Нэхэмжлэгч ажилтанд 240 000 төгрөг өгч байсан нь Улаанбаатар хотод амьдрах боломжгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргасан. Орон сууцны зээлээ төлөх боломжгүй цалинтай хүн яаж амьдрах юм? Утасны тухайд энэ дугаар нэхэмжлэгч байгууллагад бүртгэлтэй талаарх лавлагаа байхгүй, тухайн байгууллага ажилтантай холбоотой бүх тооцоогоо дуусгаад хэрвээ өр, төлбөр гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт 3 сарын дотор хохирол төлбөрөө гаргуулах арга хэмжээ авах эрхтэй байсан. Ийм үйл ажиллагааг явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан хариуцагч М.М-аас сургалт дадлагын нэмэлт гэрээний сургалтын төлбөрт З5.646.144 төгрөг, орон сууцны хөнгөлөлт олгох гэрээний урьдчилгаа төлбөрт 19.897.500 төгрөг, 94064655 дугаарын ярианы төлбөрт 1.785.440 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Ү” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294.596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

“Анхан шатны шүүх сургалт дадлагын нэмэлт гэрээ, орон сууцны хөнгөлөлт олгох гэрээнүүд нь ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хийгдсэн тохиролцоо байна” гээд “М.М-ыг гэрээний үүргээ зөрчсөн гэх шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан маргаанд хамаарах бөгөөд хуулийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай” гэж мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргах эрхээ алдсан гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Сургалт дадлагын нэмэлт гэрээ”, “Орон сууцны хөнгөлөлт олгох тухай гэрээ”-нүүдийг ажилтны хөдөлмөрлөх үүрэгтэй хамаатуулан байгуулагдсан гэрээ гэж үзэж хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамааруулан шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан ажил олгогч, ажилтан байсан хэдий ч тэдгээрийн хооронд “Сургалт дадлагын нэмэлт гэрээ” болон “Орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ” байгуулагдсанаар Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан үндэслэлээр, харин нэхэмжлэгчээс хариуцагчийн төлбөл зохих ярианы төлбөрийг төлснөөр мөн хуулийн 8.1.6-д заасан үндэслэлээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг зохицуулахаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан хөдөлмөрийн гэрээний үүрэг, эд хариуцагчийн хувиар хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байх үедээ байгууллагад хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргаагүй атал шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-д заасан маргаан гэж дүгнэсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хууль зүйн хувьд үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй.

“Сургалт дадлагын нэмэлт гэрээ” болон “Орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ”-ний агуулга, нөхцөлийг талууд харилцан тохиролцож, өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан нь талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг зөрчөөгүй, хэлцэл хүчин төгөлдөр байх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтад нийцсэн болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээгээр талуудын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээгээр тохиролцсон  зохицуулалтыг үндэслэх учиртай бөгөөд дээрх гэрээнүүдийн зорилго, зохицуулалтаас дүгнэхэд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байна.

“Сургалт дадлагын нэмэлт гэрээ”-ний тухайд хариуцагч нь уг гэрээний 3.2-т зааснаар компанид 5-аас дээш жил ажиллах үүргийг хүлээсэн ба гэрээний 4.1-т “Компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу хугацаанаас өмнө ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд нийт зардлыг 100% буцаан төлүүлнэ” гэж тохиролцсон.

Гэтэл хариуцагч нь компанид 5-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 3 жил, 4 сар, 22 хоног (1238 хоног)-ийн хугацаанд ажиллаж 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г өөрийн санаачилгаар цуцлах өргөдөл гаргаснаар үүргээ зөрчсөн.

“Орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ”-ний тухайд хариуцагч нь гэрээний 3.2.1-т зааснаар компанид 10 жилийн хугацаатай буюу 3653 хоногийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах үүргийг хүлээсэн ба гэрээний 3.2.5-д "... хугацаанаас өмнө гэрээг цуцлах нөхцөлд хөнгөлөлтийн зохих хэсгийг төлөх", 3.3.5-д "Компани дотоод журамд зааснаар өөрийн болон захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтны орон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрэн буюу ажиллаагүй үед ногдох хөнгөлөлтийг эргүүлэн төлүүлэх эрхтэй” гэж тус тус заасан.

М.М- нь мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2 жил, 6 сар, 5 хоног (918 хоног)-ийн хугацаанд компанид ажиллаж, 2735 хоног буюу 7 жил, 5 сар, 25 хоног ажиллах хугацаа дутуу байхад “Ү” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах үүргээ зөрчиж өөрийн санаачилгаар “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах санал гаргаснаар эдгээр гэрээний зорилго, нөхцөл биелэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул хариуцагчийн сургалтад хамрагдсан төлбөр болох 2400 евро буюу 5 646 144 төгрөг, орон сууцны урьдчилгаанд компаниас гаргуулан авсан 19 897 500 төгрөгийн төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд тооцож хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгчээс хариуцагч М.М-ы ашиглаж байсан 94064655 дугаарын ярианы төлбөрийг түүний өмнөөс “Мобиком” ХХК-д төлсөн тул 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны ярианы төлбөрт төлсөн 1 884 440 төгрөгөөс “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөгдөх хүртэлх 11 сарын хөнгөлөлт болох нийт 99 000 төгрөг /сар бүр 9 000 төгрөгийн хөнгөлөлт/-ийг хасч нийт 1 785 440 төгрөгийг гаргуулахаар шаардсан, нотлох баримтаар "Мобиком" ХХК-аас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхүүдийн дагуу төлбөр төлсөн баримтуудыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад “М.М-ыг 94064655 дугаарыг ашиглаж байсан эсэхийг мэдэхгүй” гэж мэдүүлдэг хэдий ч “Голомт банк”-тай хариуцагчийн өөрийнх нь байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-нд утасны дугаараа 94064655 гэж тусгуулснаас хариуцагч уг дугаарыг ашиглаж байсан нь нотлогдоно.

Шүүх “дээрх төлбөрт төлсөн баримтаас харахад хариуцагч М.М-ыг ажиллаж байх цаг хугацаанд хамаарч байна” гэж дүгнэсэн атлаа ямар цаг хугацааны төлбөр болох нь, хариуцагч М.М- ашиглаж ярьсан төлбөр болох нь, тухайн дугаар нь нэхэмжлэгч эсхүл ажилтны нэр дээр бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй гэж илтэд зөрүүтэй дүгнэлт хийснээс гадна “Мобиком” ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэхийн “Хэрэглэгчийн нэр” хэсэгт “Ү” ХХК гэж бичсэн байхад хэний нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдохгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн болно.

Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Ү” ХХК нь хариуцагч М.М-д холбогдуулан орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ, сургалт дадлагын нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр түүнд олгосон орон сууцны хөнгөлөлтийн 19 897 500 төгрөг, сургалт дадлагын зардал 5 646 144 төгрөг, Мобикомын утасны ярианы төлбөрт төлсөн 1 785 440 төгрөг, нийт 27 320 084 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч М.М-ыг “Ү” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ажил олгогчоос ХБНГУ болон Турк улсад сургалт дадлагад хамруулсны зардал 5 646 144 төгрөгийг гаргасан болон орон сууцны ипотекийн зээлийнх нь урьдчилгаа төлбөр 19 897 500 төгрөгийг М.М-д олгосон үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

            Ажил олгогч буюу нэхэмжлэгч “Ү” ХХК нь дээрх зардалтай холбоотойгоор ажилтан М.М-тай 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сургалт дадлагын нэмэлт гэрээг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ”-г тус тус бичгээр байгуулж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж, 10 жил тогтвортой ажиллах, уг хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажил олгогчоос гаргасан зардлыг буцаан төлөх үүргийг ажилтан хүлээжээ.

    /хх-247, 201-203/

 

Дээрх байдлаар ажилтантай гэрээ байгуулсан нь компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т “Ажилтан нь компанийн зардлаар сургалтад хамрагдсанаар тухайн сургалт дууссан буюу сургуулийг төгссөнөөс хойш 5-аас доошгүй жил компанид тогтвортой, идэвхи санаачилгатай ажиллах үүргийг заавал хүлээх бөгөөд энэхүү үүргийг бүрэн биелүүлсэн тохиолдолд уг зардлыг ажилтнаас шаардахгүй”, 13.2.1-т “Компани нь ажилтны хүсэлтээр түүний амьдралын нөхцлийг дээшлүүлэх дэмжлэг үзүүлэх үүднээс орон сууц худалдан авахад нь зориулж, урьдчилгаа төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөх замаар дэмжлэг үзүүлж болно”, 13.2.2-т “компани нь ажилтанд худалдан авах гэж буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн хариуцах буюу хөнгөлөлттэй нөхцлөөс зээл олгох замаар дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ тохиолдолд ажилтантай холбогдох гэрээ хэлцлийг байгуулж, дэмжлэг үзүүлэх нөхцлийг нарийвчлан тусгана”, 13.2.3-т “ажилтан компаниас энэхүү журамд заасан дэмжлэг тусламжийг хүлээн авснаар компанид 10-аас доошгүй жил тогтвортой, үр бүтээлтэй, идэвхи санаачилгатай ажиллах үүргийг хүлээнэ”, 13.2.4-т “ажилтан журмын 13.2.2-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн компанид тогтвортой ажиллах үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан бол ажилтанд үзүүлсэн дэмжлэг туслалцааг компанид буцаан төлүүлнэ” гэсэн заалтуудын хүрээнд байна.

 

“Ү” ХХК-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14/36 дугаар тушаалаар М.М-д орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэхдээ хөдөлмөрийн дотоод журам, гэрээний дагуу тогтвор суурьшилтай ажиллах үүрэг хүлээсэн болохыг дурдсан, мөн М.М- нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргахдаа дээрх зардал, дэмжлэгийг 2-3 жилд төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн нь хэрэгт авагдсан байна. /хх-11, 22/

 

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч М.М- нь сургалт дадлагын нэмэлт гэрээ, орон сууцны хөнгөлөлт олгох гэрээгээр хүлээсэн тогтвор суурьшилтай ажиллах үүргээ биелүүлээгүй, өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул сургалтын зардал 5 646 144 төгрөг болон орон сууцны урьдчилгаа төлбөр 19 897 500 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдоно. Иймд нэхэмжлэгч сургалтын зардал, орон сууцны дэмжлэгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн үүссэн үүрэг хожим дуусгавар болсон гэж зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

            Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч хожим дуусгавар болсон гэрээний зүйлийг шаардсан байхад уг гэрээнд дүгнэлт хийлгүйгээр хөдөлмөрийн гэрээний маргаан гэж шүүх дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг 25 543 644 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч талын санаачлагаар дуусгавар болсон гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан шаардсан байгаа нь гэрээний үүргийг биелүүлэх болон зөрчсөнтэй холбоогүй байна.

 

            Харин утасны ярианы төлбөр нь М.М-ыг гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой тухайн хугацаанд төлөгдсөн байх тул хариуцагчийн ашиглаж байсан Мобикомын 94064655 дугаарын ярианы төлбөрт 1 785 439.34 төгрөгийг компани төлсөн гэж шаардсаныг хангах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00409 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.М-аас 25 543 644 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгож, үлдэх 1 785 439 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч М.М-аас 285 668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 596 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ