Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/786

 

 

 

 

 

 

    

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Б.З, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/853 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Зын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор С.Бд холбогдох 2206000001216 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......................... овгийн С.Б, .............................................. өдөр ......................... төрсөн, .............. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “МВС” ХХК-д барилгын ажилтан, ам бүл 4, эх, дүү нарын хамт ................................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........................................./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны 85 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Б.Зтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж толгойн дагз хэсгээр заалны шалан дээр унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Б.З нь цаашид гарах эмчилгээ, гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Зын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Бд холбогдох эрүүгийн 2206000001216 дугаартай хавтаст хэрэгтэй бүрэн танилцахад:

1. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг нэг бүрчлэн нарийвчлан тогтоогоогүй, хэрэгт хамаарал бүхий этгээдийн үйлдэл холбогдлыг шалгалгүй орхигдуулсан, улмаар ял завшуулсан,

2. С.Бд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн бодит байдалд нийцээгүй байна. Тухайлбал, С.Зоригтбаатар нь цагдаагийн байгууллагад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...С.Б ер нь чи муу надтай үзэх гээд байна уу гээд дахиж намайг заамдаж авсан чинь хажуу талаас Ууганаа ах чи муу юу гээд байгаа юм гээд шууд миний нүүр рүү гараараа алгадсан, тэгэхэд би манараад С.Бг заамдаж байсан гараа тавиад ... энд удвал зодуулах юм байна гэж бодоод заалны хаалга руу явах гэхэд С.Б араас дуудахаар нь эргээд хартал Бямбасүрэн шууд гараараа миний нүүр рүү цохиж, би хойшоо толгойн дагз хэсгээр заалны шалан дээр унаж ухаан алдсан” гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ууганбаяр гэгч эхэлж хохирогчийн биед халдаж, хүчтэй алгадсаны улмаас манарч хөдөлгөөн хязгаарлагдсан үед С.Б нь нүүрэн тус газар цохисон байх ба Ууганбаяр, Бямбасүрэн нар нь бүлэглэн үйлдлээрээ нэгдэж хохирогчийн эрүүл мэнд, эрх эрх чөлөөнд нь халдаж, гэмтлийг учруулсан байна. Гэтэл хэрэгт Ууганбаяр гэгчийн дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэл холбогдлыг огт шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх үүнд бодит дүгнэлтийг хийлгүй зөвхөн С.Б буруутай хэмээн дүгнэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн С.Б нь бусдын эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг жил бүр үйлдэж шийтгэгдсэн байдал буюу 2020 онд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан санаатай гэмт хэргийг үйлдэж 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2021 онд мөн бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан санаатай гэмт хэргийг үйлдэж 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн зэрэг түүний хувийн байдалд үндэслэл бүхий бодит дүгнэлтийг хийгээгүй байна. Учир нь, сүүлийн гурван жилийн хугацаанд С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван нэгдүгээрт бүлэг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т заасан гэмт хэргүүдийг хөнгөнөөс хүнд хүртэл нь шат дараалан үйлдэж байгаа нь түүний өмнөх гэмт хэрэгт холбогдсон байдлууддаа дүгнэлт огт хийгээгүй, гэмшсэн байдал огт байхгүй байгаа зэрэг хувийн байдлыг нь маш тодорхой харуулж байна. С.Б нь үйлдсэн болон холбогдсон гэмт хэргүүддээ хандаж буй энэхүү хувийн байдалд шүүхээс бодит дүгнэлтийг хийлгүй, түүнд дахин торгох ял оногдуулж буй нь Эрүүгийн хуулийн зорилго болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй байна.

Иймд гомдолд дурдагдсан нөхцөл байдлуудад бодит дүгнэлтийг хийж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/853 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн бодит байдлыг тогтоолгох нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ууганбаяр эхэлж миний биед гэмтэл учруулсныг шалгаагүй” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ууганбаярын үйлдэл холбогдлыг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал гэж гомдолд дурдсан байсан. Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр хохирогчийг зааланд байхад Ууганбаяр хацар руу нь алгадсан нөхцөл байдал тогтоогддог. Тухайн үйл явдал болоод заалнаас гарч явахад нь шүүгдэгч Бямбасүрэн хохирогчийн нүүр, толгой руу цохисноор хохирогч савж унан гэмтэл авсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4020 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хавтаст хэргийн 33 дугаар талд хохирлын тооцооны бүртгэл 1.784.100 төгрөгийн үнэ бүхий эм, эмчилгээний бүтээгдэхүүний жагсаалт авагдсан. Гэхдээ эдгээрт холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан компанийн тодорхойлолтод Б.З нь тус компанид өдрийн 100.000 төгрөгийн цалинтай туслах ажилтнаар ажилладаг гэх боловч энэ нь хохирогчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх гэм хорын төлбөр шүүгдэгчээс гаргуулах хангалттай нотлох баримт болохгүй. Өөрөөр хэлбэл, ажилтан тодорхой ажил үүрэг гүйцэтгэхийн тулд бусад хүн, хуулийн этгээдэд хөлсөөр ажиллаж байгаа бол тухайн ажлыг ямар хугацаанд хийж гүйцэтгэсэн байсан болон хөлсийг өдөр өдөрт нь авч байсныг тодорхой баримтын үндсэн дээр бусдаас шаардлага үүсгэх учраас хохирогчийн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах хуульд заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шийтгэх тогтоолд заасан нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь хохирогчид баримтаар төлөх төлбөргүй байх бөгөөд Б.З нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын асуудлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд заасан байдаг. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн хувьд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцэхгүй, хялбаршуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Гэвч шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, шүүгдэгч С.Бгийн бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох ял шийтгэсэн. Шүүгдэгчийг торгохоос өөр төрлийн буюу хорих ялаар шийтгэснээр хохирогчийн эрх ашиг сэргэх боломж, нөхцөл байдал, хэмжээ хязгаар багасгах сөрөг талтайгаас гадна шүүгдэгч нь эрх чөлөөгөө хязгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчид цаашид гарах  гэм хорын хохирлыг буцаан төлөх боломжтой гэж үзэж, түүнд 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны 85 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Б.Зтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж толгойн дагз хэсгээр заалны шалан дээр унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Зын “... Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найзуудын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 85 дугаар сургуулийн спорт зааланд оройн 22 цагаас хойш заал аваад тоглож байхдаа хамт тоглож байсан С.Бтэй “алдаа хийсэн, хийгээгүй” гээд маргалдсан. Зааланд С.Б “ер нь чи муу надтай үзэх гээд байна уу” гээд дахиж намайг заамдаж авсан чинь хажуу талаас Ууганаа ах “чи муу юу гээд байгаа юм” гээд шууд миний нүүр рүү гараараа алгадсан. Тэгэхэд би жаахан манараад С.Бг заамдаж байсан гараа тавиад, хувцсаа аваад заалнаас гарах гэтэл тэнд байсан 100 айлын хүүхдүүд “гараад үзэх үү” гээд байхаар нь би дотроо энд удвал зодуулах юм байна гэж бодоод гарах гээд заалны хаалга руу явж байхад араас С.Б намайг дуудахаар нь би эргээд хартал С.Б шууд гараараа миний нүүр рүү цохиж, би хойшоо толгойн дагз хэсгээр заалны шалан дээр унаж, ухаан алдаад, нэг сэрсэн чинь сургуулийн ариун цэврийн өрөөнд сэрсэн. ...” /хх 4-6/,

Шүүгдэгч С.Бгийн яллагдагчаар өгсөн ...Б.Зтай тоглож байхдаа алдаа гаргасан, гаргаагүй гээд маргалдаад барилцаад харилцан нэг нэг удаа цохиход тэнд байсан хүүхдүүд салгаад бид 2 заалны хоёр талд суусан. Хохирогч өөрөө өдөөд байхаар нь ... зүүн гараараа баруун шанаа хэсэгт нэг удаа хүчтэй цохиход ... толгойн дагз хэсгээрээ унаад ухаан алдахаар нь ариун цэврийн өрөөнд оруулж сэрээсэн. ... /хх 57-58/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4020 дугаартай “...Б.Зын биед дагз ясны шугаман хугарал, духны дэлбэнд няцрал, тархи доргилт, уруулд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 23-24/ гэсэн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч С.Бгийн хохирогч Б.Зын нүүр хэсэгт гараараа цохисноос толгойн дагз хэсгээр заалны шалан дээр унагаж эрүүл мэндэд нь дагз ясны шугаман хугарал бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Б.Зын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнээс “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг нэг бүрчлэн нарийвчлан тогтоогоогүй, хэрэгт хамаарал бүхий этгээдийн үйлдэл холбогдлыг шалгалгүй орхигдуулсан, улмаар ял завшуулсан, ... С.Бд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял нь хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдалд нийцээгүй ... тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн бодит байдлыг тогтоолгох нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...“ гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад, Б.Зын нүүрэн хэсэгт Ууганбаяр цохисон үйлдэл төгсөж, тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүгдэгч С.Б хохирогч Б.Зын нүүр хэсэгт гараараа цохисноос толгойн дагз хэсгээр заалны шалан дээр унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул С.Б, Ууганбаяр нарыг үйлдлээрээ нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Хохирогч Б.З, шүүгдэгч С.Б нар хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Бгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй байна.

Ял шийтгэлийн тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан.

Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага тохироогүй, шийтгэх тогтоол нь шударга ёсны зарчимд нийцээгүй зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болон тодорхой асуудал шалгуулахаар хэргийг прокурорт буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, ялыг хөнгөрүүлэх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсчээ.

Ийм учраас ялын талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаахаар гаргасан өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Цаашид, анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлж байх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхийг тэмдэглэж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/853 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Зын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР