Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/787

 

 

 

 

 

 

                                                               

З.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч З.Чийн өмгөөлөгч Б.Баттулга,  

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/436 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр З.Чт холбогдох 2210000000472 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........................ овгийн З.Ч, .......................................... төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, байрны жижүүр ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...................................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1863 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч З.Ч нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар дугаар хороо, 94 дүгээр байрны гаднаас иргэн М.Оын эзэмшлийн “Super Soco” брэндийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Оод 3.000.000 төгрөгийн хохирол,

2022 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94 дүгээр байрны зоорины давхраас иргэн Д.Дын өмчлөлийн унадаг дугуй 2 ширхэг, автомашины дугуй 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 420.000 төгрөгийн хохирол,

2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94а байрны зоорины давхраас иргэн Д.Т хүүхдийн унадаг дугуйг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр автомашины 4 ширхэг дугуйг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 324.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Чийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаагаар баривчилсан цагийг хоногт шилжүүлэн 6 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Алтангэрэл бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... зорчих эрхийг хязгаарлах нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан байхад шүүх шүүгдэгч З.Чийн баривчлагдсан 48 цаг /2 хоног/-ийг 6 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жилийн хугацаагаар хүлээлгэх ...” гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч З.Чт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, хуулийн дээрх заалтыг зөрчиж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй шийдвэр гаргасан байна.

3. З.Чт холбогдох хэргийн шүүх хуралдаанд хяналтын прокурор С.Ууганбаяр улсын яллагчаар оролцсон байхад шийтгэх тогтоолд Ц.Отгонсүрэн гэж бичигдсэн, шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Батсүхийн Даваанямыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж шүүгдэгчийн овог, нэрийг буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/436 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна” гэв.

Шүүгдэгч З.Чийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч З.Ч нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар дугаар хороо, 94 дүгээр байрны гаднаас иргэн М.Оын эзэмшлийн “Super Soco” брэндийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Оод 3.000.000 төгрөгийн хохирол,

2022 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94 дүгээр байрны зоорины давхраас иргэн Д.Дын өмчлөлийн унадаг дугуй 2 ширхэг, автомашины дугуй 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 420.000 төгрөгийн хохирол,

2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94а байрны зоорины давхраас иргэнД.Т хүүхдийн унадаг дугуйг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр автомашины 4 ширхэг дугуйг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 324.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Оын “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны орой би ажил тарж ирээд байрныхаа гадаа өөрийн “Super Soco” нэртэй ... хар өнгийн цахилгаан унадаг дугуйгаа грашийн үүдэнд тавиад орсон юм. Тэгэхдээ цэнэглэхээр батерейг нь аваад дугуйгаа цоожилж түгжилгүйгээр орхисон. Гэтэл 21 цагийн орчим дахин гарч ирэхэд дугуй алга болсон байсан. ...” /хх 14/,

хохирогч Д.Дын “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагт байрныхаа граш руу ороход хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг алга болсон байхаар нь камер шүүгээд гараад ирэх байлгүй гэж бодоод маргааш нь дахиад граш руу ороход Ниссан Ваниат” маркийн автомашины Р-14 обудтай 2 ширхэг дугуй алга болсон байсан. ...” /хх 56-57/,

хохирогчД.Т “...би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед 94 дүгээр байрны доод талын граш ороод машинаа тойроод хүүхдийн унадаг дугуй болон автомашины дугуйгаа харахад хүүхдийн унадаг дугуй болон автомашины 4 ширхэг дугуй алга болсон байсан. Тэгээд мөн манай байрны оршин суугчид дугуйнуудаа алдсан гээд хамт камер шүүлгэхэд 40 гаруй орчим насны майгадуу, эрэгтэй хүн байсан. ...” /хх 92-93/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч З.Чийн үйлдсэн хэргийнхээ талаар яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 116/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-22/029 дугаартай /хх 30-33/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн X-0003, Х-0004 дугаартай /хх 66-68,107-109/ үнэлгээний тайлангууд,

хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх 10, 71, 137-148/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Чийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч З.Чийн хохирогч М.Оын эзэмшлийн “Super Soco” брэндийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Дын 2 ширхэг унадаг дугуй, 2 ширхэг автомашины дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420.000 төгрөгийн хохирол, хохирогчД.Т хүүхдийн унадаг дугуй, 4 ширхэг автомашины дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 324.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 3.744.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч З.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэм бурууд нь тохирсон байна гэж үзэв.

Прокурор О.Алтангэрэл “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... зорчих эрхийг хязгаарлах нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан байхад шүүх шүүгдэгч З.Чийн баривчлагдсан 48 цаг /2 хоног/-ийг 6 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ...шүүгдэгч З.Чт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, хуулийн дээрх заалтыг зөрчиж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй шийдвэр гаргасан, ... шүүх хуралдаанд хяналтын прокурор С.Ууганбаяр улсын яллагчаар оролцсон байхад шийтгэх тогтоолд Ц.Отгонсүрэн гэж бичигдсэн, шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Батсүхийн Даваанямыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж шүүгдэгчийн овог, нэрийг буруу бичсэн. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчлан тогтоож өгсөн байх бөгөөд энэ зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заажээ.

Давж заалдах шатны шүүхээс Улаанбаатар хотын дүүрэг, хороо гэх зэргээр зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх хүрээ хязгаарыг багасгах нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж буй нэг хэлбэр гэж үзсэн тул прокурорын эсэргүүцлийн анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэснийг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээнд үндэслэн явуулж, оролцогч нарын санал дүгнэлтийг хянан үзсэний үндсэн дээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, ялын төрөл, хэмжээ, хүрээ хязгаарыг тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүхийн шүүгч хайхрамжгүй хандсанаас шийтгэх тогтоолын удиртгал болон тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад алдаанууд гаргасан байх тул прокурорын эсэргүүцлийн ... шүүгдэгч З.Чийн баривчлагдсан 48 цаг /2 хоног/-ийг 6 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдаанд хяналтын прокурор С.Ууганбаяр улсын яллагчаар оролцсон байхад шийтгэх тогтоолд Ц.Отгонсүрэн гэж бичигдсэн, шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Батсүхийн Даваанямыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж шүүгдэгчийн овог, нэрийг буруу бичсэн. ...” гэсэн үндэслэлүүдийг хүлээн авч, энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/436 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батсүхийн Даваанямыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригтын Чинзоригийг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Чийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаагаар баривчилсан цагийг хоногт шилжүүлэн 6 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Чийн баривчлагдсан 48 цагийг хоногт шилжүүлэн 2 хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 5 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 5 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийн “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, хуулийн дээрх заалтыг зөрчиж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй шийдвэр гаргасан...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР