Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

         

 

2017 оны 11 сарын 23 өдөр                2017/ШЦТ/158                                    Хэнтий аймаг

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2017/0159/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                             Н.Энхзул

Улсын яллагч                                         Д.Отгонтуяа

Шүүгдэгч                                                Э.О нарыг оролцуулан

    

          Хэнтий Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овогт Энхбаатарын От холбогдох 17390002350076 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Шаазгай хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Сумдын 28 дугаар шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, Гучид овогт Энхбаатарын О

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.О нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Шаазгай хороонд байх өөрийн гэртээ Н.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойн тус газар нь модон сандлаар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.О нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Шаазгай хороонд Н.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

 

Хохирогч Н.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: ...“... Манай нөхөр Оыг гадагшаа гаргахгүй гээд Отай маргалдаж муудалцсан тэгэхэд О нь надтай хэрүүл хийж байгаад уурлаад намайг үсдээд гарт байсан жижиг модон сандлыг аваад миний толгой руу цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-19 хуудас/

 

Гэрч Д.Мэндээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... О нь уурандаа гэртээ байсан дөрвөлжин тавцантай дөрвөн хөлтэй модон сандлыг аваад Нын толгой руу цохичихсон , тэгэхэд Нын толгойноос цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 хуудас/

 

Гэрч Г.Туяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... О нь уурандаа гэртээ байсан дөрвөлжин тавцантай дөрвөн хөлтэй модон сандлыг аваад Нын толгой руу цохичихсон , тэгэхэд Нын толгойноос цус гараад байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25 хуудас/

 

Шүүхийн шилжилгээний албаны шинжээч эмчийн №2017.353 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 34 хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /ХХ-ийн 10 хуудас/

 

Сэжигтэн Э.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: ...“... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ойролцоогоор 17-18 цагийн үед байсан байх гэж бодож байна, цагийг нь бол яг сайн санахгүй байна. Хэнтий аймаг Биндэр сум 5 дугаар баг Шаазгай хооронд байх өөрийн гэртээ эхнэр Н, Биндэр сумын таньдаг эгч нар болох Мэндээ, Туяа нарын хамт түмний хишиг нэртэй 1 литрийн архи хувааж уусан юм, гэхдээ тухайн үед манай эхнэр уг архийг анх задлахад дөнгөж амсаад л ахиж уг архинаас уугаагүй. Архи маань дуусчихаар нь би хүнтэй уулзах гээд гэрээсээ гарах гэхэд манай эхнэр элдвээр хэлээд байсан юм, тэгэхээр нь би уурлаад уурандаа Ныг үсдээд гэртээ байсан дөрвөлжин тавцантай дөрвөн хөлтэй жижиг модон сандлыг аваад толгой руу нь цохисон юм ....“ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14,15 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Оын иргэн Н.Ныг сандлаар толгой руу нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Нын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

 

1.  Шүүгдэгч Гучид овогт Энхбаатарын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.От  торгуулийн ялыг 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ