| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 211001961072 |
| Дугаар | 2022/ДШМ/788 |
| Огноо | 2022-08-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2022/ДШМ/788
Б.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Ууганбаяр,
шүүгдэгч Б.Б,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/459 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 211001961072 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
................... овгийн Б.Б, .............................................. төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...................................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...................../,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 8 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай захирамжаар 664 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 83 хоног хорих ялаар сольж, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр суллагдсан;
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арцат апартмент” хотхон 1429-703 тоотод хохирогч О.Эын 850.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 10 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 850.000 төгрөг гаргуулан хохирогч О.Эд олгож, шүүгдэгч Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие энэ гэмт хэргээс гадна эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа 3 хэрэг байгаа бөгөөд эдгээр хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлтэй байгаагаа мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд хэлсэн боловч тус тусад нь авч шийдвэрлэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Үүнд:
1. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, дэслэгч Мөнхчимэг дээр шалгагдаж буй 2021 оны 08 дугаар сард үйлдэгдсэн гар утасны 2 хулгайн үйлдэл,
2. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр прокурорт шилжсэн 2021 оны 10 дугаар сард үйлдэгдсэн гар утасны хулгайн үйлдэл болно.
Иймд миний бие үйлдсэн гэмт хэргүүдээ үнэн зөв мэдүүлсэн, гэмт үйлдэлдээ гэмшиж харуусч байгаа бөгөөд дээр дурдсан хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан эсэх талаар тодорхойгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арцат апартмент” хотхон 1429-703 тоотод хохирогч О.Эын 850.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Эын “...Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчим гэртээ багын найз болох Намжилмаатай вино ууж байсан юм. Тэгээд байж байх үед багын найз болох Бат-Орших Намжилмаагийн 99164648 гэсэн дугаар руу 80044220 дугаараас залгасан юм. Тэгээд манай гэрт ирээд бид уулзаад ууж байгаад Намжилмаа бид 2 унтаад өгсөн. Тэгээд Бат-Орших нэг мэдэхэд явчихсан байсан, би хэзээ явсныг нь мэдэхгүй байна. Намайг өглөө сэрэхэд миний гар утас байхгүй байсан. ...” /хх 10/,
шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “... Энхзулынд ороход Намжилмаа, Энхзул хоёр вино ууж байсан. ... Орой 18 цаг өнгөрч байхад дахиж Соёрхол нэртэй 0.75 литрийн 1 шил архи хувааж ууж байхад Энхзул, Намжилмаа хоёр унтлаа гээд больсон. ... Би буйдангийн хажуу талын сандал дээр унтаж байгаад орой 23 цаг өнгөрч байхад сэрээд миний гар утас дуугарахаар нь аваад ярьтал манай найз Мөнхжаргал байсан. Намайг Бөхийн өргөө дээр хүрээд ир гэж хэлэхээр нь би “миний гар утасны цэнэг дууслаа, энэ дугаар руу залгаарай” гэж хэлээд Энхзулын утасны дугаарыг өгсөн. Энхзулынд буцаж ирнэ гэж бодоод Энхзулын гар утсыг аваад явсан. ...” /хх 33/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХУ2-21-589 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 22-23/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Бын хохирогч О.Эын гар утасыг түүнд мэдэгдэлгүйгээр авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч Б.Б “...энэ гэмт хэргээс гадна эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа 3 хэрэг байгаа бөгөөд эдгээр хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргээс тусдаа хэрэгт шалгагдаж байгаа талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд давж заалдах гомдлын үндэслэлээ нотолсон баримтыг шинээр гаргаж өгөөгүй болно.
Шүүгдэгчийн дээрх давж заалдах гомдлын үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үндэслэл хууль зүйн хувьд үүсэхгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бод шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/459 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР