| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00215/И |
| Дугаар | 147/ШШ2024/00233 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 147/ШШ2024/00233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Онгон сумын ... багт оршин суух, Б овогт М-ий *******ын
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Худалдааны трест, Сүхбаатар аймгийн Худалдаа хоолны Баруун-Урт компанид 1989-1993 оныг дуустал ачигч, манаачаар ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул, эдгээр ажилласан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Миний аав ******* намайг гэдсэнд байхад бурхан болсон тул би ээж Мөнгөнөөр овоглож төрсний гэрчилгээгээ авсан. Харин миний хоёр эгч аав *******ээр овоглодог. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх ээж Мөнгөнөөр овогтой. Харин ажилд ороход аав *******ээр овоглож бичсэнээс болж ажиллаж байсан цалингийн лавлагаа Ц.******* нэртэй гарсан. Ц.******* нэртэй лавлагаа миний ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа мөн тул миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын Худалдааны трестийн даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 247 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестийн даргын 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн худалдаа хоолны Баруун-Урт компанийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн архивын тамгын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11/156 дугаартай цалингийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт, М.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Ц.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Маягт ХААТР-1 (А), Ц.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Б.*******, О.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трест, Сүхбаатар аймгийн Худалдаа хоолны Баруун-Урт компанид 1989-1993 оныг дуустал ачигч, манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Г овогт М-ий ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестэд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ачигчаар, Сүхбаатар аймгийн Худалдаа хоолны Баруун-Урт компанид 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал складын сахиул, манаачаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестийн даргын 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай “ачигч Ц.*******ыг хариуцлагатай жижүүрээр томилсон” тушаал, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай “ачигч Ц.*******ыг хариуцлагатай жижүүрээр томилсон” тушаал, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн худалдаа хоолны Баруун-Урт компанийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай “Ц.*******ыг конторын харъяа дэлгүүр, гуанз, складын сахиул, манаачаар томилсон” тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн архивын тамгын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11/156 дугаартай “*******ийн *******, Ц.*******ын 1987, 1990 оны цалингийн жагсаалт” бүхий лавлагаа,
5. Гэрч О.*******ы шүүхэд өгсөн: “Намайг 1985 онд ажилд ороход ******* Баруун-Урт хотын Худалдаа трестэд ачигч, грушик зэрэг ажлыг хийж байсан. Гуанз, дэлгүүрүүдээр өдрийн 8 цагийн ажил хийдэг байсан. Цэрэгт 1987 оны намар яваад хоёр жил болоод эргээд намар ажилдаа орж байсан. Би 1992 онд ажлаасаа халагдахад ******* ажлаа хийгээд үлдсэн. *******ыг *******ийн ******* гэдэг байсан. ******* гэдэг хүн бол *******ын аав байгаа юм. Ээжийг нь Мөнгөн гэж хүн байсан гэж ярьдаг. Аав нь бага байхад нь нас барсан гэдэг.” гэх мэдүүлэг,
6. Гэрч Б.*******гийн шүүхэд өгсөн: “Намайг 1987 оны 07 дугаар сард ажилд ороход ******* ажиллаж байсан. Түүнээс өмнөх байдлыг бол мэдэхгүй. Туслах ажилтан, грушик хийдэг, инээд алдсан залуу байдаг байсан. Зуны амралтаар дэлгүүрүүдээр явахад бараа буулгадаг гээд явдаг байсан. Өдрийн ажилтнаар ажиллаж, сахиулаар ч мөн ажиллаж байсан. Ээжийг нь Мөнгөө гэдэг байсан. М.*******, Ц.******* гэж дууддаг байсан. Ээж нь эрт нас барсан. Сүүлд Ц.******* гээд байдаг байсан. Бодоход аавынх нь л нэр байх.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. М.*******ын цалингийн лавлагаа нь Ц.******* гэсэн нэртэй гарсан бөгөөд нэхэмжлэгчийн “Миний ээжийг Мөнгөн, аавыг ******* гэдэг. Аав эрт нас барсан. Би ээжээрээ овоглож төрсний гэрчилгээгээ авсан. Миний хоёр эгч аав *******ээр овоглосон. Намайг анх ажилд ороход ааваар овоглож хөдөлмөрийн дэвтэр нээсэн учраас цалингийн лавлагаа ******* овогтой гарсан. Ц.******* гэсэн цалингийн лавлагаа нь М.******* миний цалингийн лавлагаа мөн” гэх тайлбар, гэрч Б.*******, О.******* нарын мэдүүлэг, түүний төрсөн эгч Ц.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг үндэслэн Ц.******* гэсэн лавлагааг М.*******ын ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа гэж шүүх дүгнэлээ.
8. Иймд М.*******ын Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестэд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ачигчаар, Сүхбаатар аймгийн худалдаа хоолны Баруун-Урт компанид 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал складын сахиул, манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Харин нэхэмжлэгч М.*******ын 1989 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестэд ачигчаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Б овогт М-ий *******ын Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестэд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ачигчаар, Сүхбаатар аймгийн Худалдаа хоолны Баруун-Урт компанид 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал складын сахиул, манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч М.******* нь 1989 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестэд ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА