Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 161

 

      2017 оны  11  сарын 27 өдөр                 2017/ШЦТ/161                    Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0163/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                        А.Цэрэндулам

Улсын яллагч                                                       Я.Сансар

Шүүгдэгч                                                           Я.З нарыг оролцуулан

    

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.З-т холбогдох 1739000000062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар баг Овооны ар гэх газар оршин суух Я.З

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Я.З нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын төвд Мустанг ЖТ маркийн 26-62 ХЭЗ улсын дугаартай мотоциклыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч Б.М-н: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд Дадал сумын төвд байх “Мустанг” баарны гадаа өөрийн мустанг ЖТ маркийн

 

26-62 ХЭЗ улсын дугаартай мотоциклоо хашааны дотор оруулаад орхисон. Би бааранд ууж байгаад тус баарын буудалд нь хоноод маргааш өглөө нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 07 цаг өнгөрч байхад босоод мотоциклоо харахад байхгүй байсан. ... Дадал сумын төвөөр хайгаад олоогүй. Би мотоциклоо 1 сая төгрөгөөр үнэлнэ. ... намайг бааранд сууж байхад манай сумын Хөвүүнээ гэх 23, 24 насны орчим залуу орж ирээд гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13хуу/

 

         Гэрч Г.Т-н: ... Би хоёр М-н гэрээс ирэхдээ М-ны цагаан өнгийн мустанг ЖТ маркийн мотоциклийг унаж ирсэн. ... мотоциклийг буудлын хашаан дотор оруулж орхиод хоносон. М бид хоёр өглөө босоод харих гэж гарахад мотоцикль нь байхгүй байсан. Бид хоёр сумын төвийн ойр хавиар хайгаад олоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15хуу/

 

         Гэрч С.Х-н: ... 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т, М хоёр манай бааранд орж ирээд 2.5 гр боргио пиво уусан. Тэр хоёр унаж ирсэн цагаан өнгийн мустанг мотоциклоо манаа баарны хашаанд орхиод ажлаа амжуулаад буцаад ирнэ гэж хэлээд гарч яваад орой буцаж ирээд дахин 2 ширхэг том боргио уугаад баар хаахад манай дээр байдаг буудалд орж унтсан. Маргааш өглөө нь М, Т хоёр манайр руу орж ирээд танай гадаа байсан мотоцикль алга байна гэж хэлсэн. ... би өчигдөр бааранд орж ирсэн манайхаар үйлчлүүлсэн хүмүүс рүү залгаж асуухад өмнө орой нь манай бааранд сууж байсан Хөвүүнээ /Зоригтбаатар/ -ийн ээж Я ярихад Хөвүүнээ модонд явсан гэж хэлсэн. Бусад хүмүүстэй ярихад аваагүй гэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16-18хуу/

 

         Мотоциклийн үнэлгээ: /хх-ийн 35хуу/

 

        Шүүгдэгч Я.З-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... би нэлээн согтсон байсан. Тэгээд гэр лүүгээ харихаар гадагшаа гарч баарны хашаанд байсан Т-н унаж явсан цагаан өнгийн улаан суудалтай 26-62 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг түлхүүргүй байхаар нь кундоктор асаагуурын утас салчихсан байхаар нь маниулаар нь гишгэхэд мотоцикль ассан. Тэгэхээр нь унаар гэр лүүгээ явсан. Гэртээ очоод мотоцикль нь алга болчихож магадгүй гээд гэрийнхээ хашаанд байдаг модон амбаарт хийгээд цоожилж орхисон. ... өглөө 7 цаг өнгөрч байхад Маньбазар гэдэг ахтай ууланд мод бэлтгэхээр явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40хуу/ зэрэг болно.

 

         Я.З нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын төвд Мустанг ЖТ маркийн 26-62 ХЭЗ улсын дугаартай мотоциклыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мотоциклын үнэлгээ, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

        Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.З-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

       Хохирогч Б.М алдсан мотоциклоо эргүүлэн олж авсан учир шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 42хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

       Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэргээ сайн дураар хүлээн мэдүүлсэн байдал, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэхээр шийдвэрлэлээ.

        

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  
          1. Шүүгдэгч Я.З-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.З-т 240 цаг /хоёр зуун дөч/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

    3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

    4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА