Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/798

 

Б.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

шүүгдэгч Б.Н,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/520 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2005019941343 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн Бы Н, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр -ны нутаг дэвсгэрт байрлах “Ө” хотхоны гараж дотор хохирогч Л.М, Л.Ма нартай маргалдаж, улмаар иргэн Л.Мийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.Магийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Бы Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас нийт 2.401.550 төгрөг гаргуулан хохирогч Л.Мт 1.703.550 төгрөг, хохирогч Л.Мад 698.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 348 дугаартай магадлалаар Б.Над холбогдох эрүүгийн хэргийг хянаж үзээд шийдвэрийн тогтоох хэсэгт “хавтаст хэрэгт хохирогч Л.Мээс rap утсаар хийсэн бичлэгийг гаргаж өгсөн бөгөөд мөрдөн байцаагч эд зүйл, бичиг баримт хүлээн авч эд мөрийн баримтаар тооцжээ. Уг бичлэгт хохирогч Л.М нь шүүгдэгч Б.Нын эд хөрөнгө болох автомашинд гэмтэл учруулах санаа зорилгоор үйлдэж байгаа эсэх, шүүгдэгч Б.Н нь хохирогч Л.Мийн үйлдлийг таслан зогсоох, эсхүл зориуд биед нь халдаж байгаа эсэх талаар нэг мөр шалгаж, нотлох баримтад үндэслэж бодитой дүгнэлт хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагчаас уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлдээ тусгасан тайлбар нь бичлэгт гарч байгаа үйл баримтаас зөрүүтэй байх бөгөөд дээрх байдлыг прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Н нь хохирогч Л.Мийг толгойгоор автомашин мөргүүлсэн байдлаар дүгнэсэн зэрэг нь эргэлзээ бүхий байх тул камерын бичлэгт нарийвчлан үзлэг хийж, тодорхой дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.” гэж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна. Хэдийгээр камерын бичлэгт дахин үзлэг хийсэн байх боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан асуудлыг тодорхой болгож чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Мөн тус давж заалдах шатны магадлалд “хохирогч Л.М, Л.Ма нарыг шүүгдэгч Б.Нын эд хөрөнгө болох автомашиныг гэмтээсэн эсэх асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа талаар хэргийн оролцогч нар тайлбарласан бөгөөд шүүгдэгч Б.Н болон хохирогч Л.М, Л.Ма нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаа, хүч хэрэглэсэн үйлдлүүд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлөөр холбогдсон харилцан хамааралтай гэж үзэхээр байх тул хохирогч Л.Ма, Л.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийн шижинд хамаарах эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хэргийг нэгтгэж, нэг хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгвөл зохино. Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч нарын хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдал байсан эсэх буюу хохирогч Л.М нь шүүгдэгч Б.Нын эд хөрөнгө болох автомашиныг гэмтээсэн нөхцөл байдлын улмаас уг үйлдлийг таслан зогсоохоор хохирогчид хүч хэрэглэсэн эсхүл хохирогчид гэмтэл учруулах зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан эсэх зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд чухал байна” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн боловч тус магадлалд дурдсан ажиллагаануудыг хийж, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байхад дахин анхан шатны шүүх хэргийг хэлэлцсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Н нь өөрийн мэдүүлэг болох анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогч болох Л.Мт гар хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч Л.Магийн биед гар хүрээгүй гэж мэдүүлдэг бөгөөд үүнийг нь нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс “Л.Мад гэмтэл учруулаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ” гэж дурдаад ямар үндэслэлээр татгалзсан гэдгээ огт дурдаагүй. Мөн Л.Мад rap хүрсэн гэдгийг нотлох баримт байхгүй байхад гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, мөн 1.15.2,-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” зэрэг хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр байна. Түүнчлэн, анхан шатны шүүх “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүйгээс гадна хохирлыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ” гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч нь шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлнө гэдгээ удаа дараа илэрхийлж байсан бөгөөд зөвхөн хохирлын хэмжээ түүнийг нотолсон нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангаагүй эргэлзээтэй талаар дурдсан бөгөөд (жишээ нь, хэрэг гарснаас хойш 3 сарын дараа ханиаданд уух терафлю, септолете, авсан баримт, даралт ханиадны эм тариа авсан баримт, 6 сарын дараа цагаан махны тос авсан баримт, нотлох баримтын шаардлага хангахгүй уншигдаж судлагдахгүй баримт, зөвхөн зарлагын баримт гэх баримтаар нийт хохирлыг тооцсон) шүүх хуралдааны явцад энэ талаар тайлбараа хэлсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь тухайн хөнгөн зэргийн гэмтэлтэй хамааралтай байх ёстой. Гэтэл тухайн гэмтэл учирснаас хойш 3-6 сарын дараах эмчийн бичиггүй, биед учирсан гэмтлээс огт өөр эмчилгээнд ашиглагдах, зөвхөн зарлагын баримт гэх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны шаардлага хангахгүй баримтаар хохирлыг тооцсонд гомдолтой байна. Яллагдагчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй. Мөн үндэслэлтэй тогтоогдсон тохиолдолд шууд төлөхөө илэрхийлсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн машинд учирсан хохирлыг үндэслэлгүй багасгаж, түүнд холбогдох хэргийг хохирлын хэмжээг багасгаснаар зөрчлийн хэрэг гэдгээр шийдвэрлэж хэргийг хаасан. Анхан шатны шүүхийн зүгээс шүүгдэгчийг үндэслэлгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй гэж шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 4.2-ийг зөрчсөн хууль бус шийдвэр байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн давж заалдах гомдол хоёр салаа утгатай байгаа учраас хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Н нь “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 348 дугаартай магадлалаар Б.Над холбогдох эрүүгийн хэргийг хянаж үзээд шийдвэрийн тогтоох хэсэгт “хавтаст хэрэгт хохирогч Л.Мээс rap утсаар хийсэн бичлэгийг гаргаж өгсөн бөгөөд мөрдөн байцаагч эд зүйл, бичиг баримт хүлээн авч эд мөрийн баримтаар тооцжээ. Уг бичлэгт хохирогч Л.М нь шүүгдэгч Б.Нын эд хөрөнгө болох автомашинд гэмтэл учруулах санаа зорилгоор үйлдэж байгаа эсэх, шүүгдэгч Б.Н нь хохирогч Л.Мийн үйлдлийг таслан зогсоох, эсхүл зориуд биед нь халдаж байгаа эсэх талаар нэг мөр шалгаж, нотлох баримтад үндэслэж бодитой дүгнэлт хийх шаардлагатай байна” гэх утга агуулга бүхий гомдол гаргасан байна. Үүний дагуу холбогдох бүхий л ажиллагааг хийсэн. Камерын бичлэгт нарийвчилсан үзлэг хийсэн. Шүүгдэгч нь прокурорын шатанд гомдол гаргахдаа “Тухайн нотлох  баримтуудыг цуглуулж миний эсрэг ашиглаж байна” гэдэг. Тухайн үзлэг хийсэн камерын бичлэг хэрэгт эх хувиараа байгаа. Мөн шүүгдэгч нь “Л.Магийн биед гар хүрээгүй. Би зөвхөн Л.Мийн биед гар хүрсэн” гэдэг. Шүүгдэгч Л.Мт гар хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч Л.Магийн биед гар хүрээгүйг нотлох баримт хэрэгт байхгүй. Хохирогч Л.Ма “Б.Н миний биед гар хүрсэн” гэсэн мэдүүлэг өгдөг ба гэрч тухайн мэдүүлгийг үнэлдэг. Хэрэг гарсан газар зөвхөн гурван хүн байсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарын биед гэмтэл учирсан нь тогтоогдсон. Шүүгдэгчээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бодит байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй” гэсэн байдаг. Хийгдэх ёстой ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэргийн талаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр бүрэн төлж барагдуулаагүй хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй. Машинд учруулсан хохирлын хувьд “Дамно” ХХК, “Виндо” ХХК гэх хоёр байгууллага үнэлгээ гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “Дамно” ХХК-иас шинжээч томилсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хохирогч Л.М нь шүүгдэгчийн машинд гэмтэл учруулсан нь тогтоогддог. Учруулсан хохирлын дагуу үнэлгээ хийхэд 250.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд зөрчлийн шинжтэй байсан учраас харъяалах байгууллагад нь шилжүүлсэн. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан байдаг бөгөөд “энэ хоёр хэргийг нэгтгэж шийдвэрлэсэнгүй” гэсэн гомдол гаргах нь ямар ч үндэслэлгүй юм. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр -ны нутаг дэвсгэрт байрлах “Ө” хотхоны гараж дотор хохирогч Л.М, Л.Ма нартай маргалдаж, улмаар иргэн Л.Мийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.Магийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Мийн “...Тэрнээс хойш би 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүлээсэн. Тэр өдөр би Н руу залгаад “... мөнгөө төлөхгүй бол би будаг замаскаа хуулж авч болох уу гэж ярихад, Б.Н “болно, би одоо буугаад очлоо” гэж хэлсэн. Ныг бууж иртэл нь би машинд нь огт хүрээгүй. Б.Над тооцоогоо хэзээ хийх вэ, өөрөө будаг, замаскаа хуулаад ав гэж хэлж байсан байхаа гээд би “машиныг чинь тойроод зассан юмнуудаа харъя” гэж хэлээд мөн эгч Л.Мад “утсан дээрээ бичлэгээ сайн хийгээрэй” гээд зассан талынхаа хэсгийг очиж хараад Нтай юм ярих гэтэл ар дагз руу гараараа хүчтэй цохисон. Тэр үед би ухаан алдсан. Намайг машинаас шидэхэд нь ухаан орсон. Камерын бичлэгийг үзэхэд миний ар дагз руу цохиод, нүүрээр копуд мөргүүлж, хоолой боогоод, машинаасаа хол шидсэн байсан. Гэтэл манай эгч Ма “чи хүн зодоод байна” гэж хэлээд Н руу очиход би эгчийгээ бас зодуулчих байх гэж бодоод араас нь татсан. Тухайн үед Н эгчийн баруун талын шанаа хэсэг рүү хүчтэй цохисон. Тэр үед харуул орж ирсэн. Харуул ах бид нарыг Наас холдуулсан. Үүний дараа Н дахиж ирээд миний хамар тус газарт хүчтэй цохиж, би хойш савж унасан, би гомдолтой байна, хоол идэж чадахгүй, дотор муухайрдаг, хамрын таславч өвддөг, хамрын зүүн талын заадсаар цууралттай, хугарсан. Мэдрэлийн эмнэлэгт долоо хоног эмчилгээ хийлгэсэн, мэдрэлийн эмчийн хяналтад байнга байх ёстой гэж хэлсэн. Наймдугаар сард дахин хэвтэх шаардлагатай гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэсэн 2.181.235 төгрөгийг нэхэмжилнэ. ...” /1хх 20-28/,

хохирогч Л.Магийн “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай дүү М над руу залгаад “засварын газраас мөнгөө өгөхгүй зугтаасан хүнээ олчихлоо, тэр хүний машин Ө хотхоны машины зогсоолд байна” гэж хэлэхээр нь би Ө хотхоны гарааш руу ороод автомашины шилэн дээр байсан утасны дугаар руу залгаад дуудтал нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Түүнд “та машинаа засуулчхаад тооцоогоо хийлгүй зугтаалаа” гэж хэлтэл зассан ажлынхаа будгийг хуулаад ав гэж хэлсэн. Тэгэхээр нь манай дүү М тэгвэл “одоо хуулаад авъя” гээд машиныг нь зурсан. Гэтэл тэр залуу манай дүүг толгойноос нь барьж байгаад автомашиныхаа копудыг мөргүүлээд боогоод газар унагаасан. Тэгэхээр нь би салгах гээд “эмэгтэй хүн зодож болохгүй” гээд яваад очиход миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унасан. Би газар уначихаад босоод иртэл тэр хавийн харуул бололтой нэг ах, хоёр эгч ирж тэр залууг надаас салгасан. Би 2.823.000 төгрөг нэхэмжилнэ. ...” /1хх 12-16/,

гэрч Н.Нийн “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Ө хотхоны цэцгийг усалж байтал менежер Б, лифтчин Б нар над дээр ирээд “гаражид зодоон болоод байна” гэж хэлэхээр нь гараж руу ороход үл таних хоёр эмэгтэй, үл таних эрэгтэй нар хоорондоо маргалдаад орилж байсан. Тэгээд би очоод салгасан. Тэгээд тэр хүмүүс салаад явцгаасан. ...Намайг ирэхэд хоёр эмэгтэй болон манай байранд амьдардаг Казак залуу гурав хоорондоо зууралдсан байж байсан. Яг тэгтэл тэнд байсан нэг туранхай шар үстэй эмэгтэй цагаан өнгийн автомашиныг өшиглөтөл ... машин, багана хоёрын завсарт байсан эмэгтэйн толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би очоод “больцгоо, чи эмэгтэй хүн цохиж болохгүй” гэж хэлсэн. ...Би тэр хэдийг салгасны дараа дахиж хоорондоо зодолдоогүй. ...” /1хх 74, 3хх 55-56/,

гэрч Л.Мийн “...Б.Н 2020 оны 4 дүгээр сард дахин машинаа мөргүүлсэн гээд ирж уулзаад засварт оруулсан. Машиныг засчихаад байхад авахгүй байсан ба “манайхаас мөнгөө өгөөд машинаа ав, гражаа суллаж авмаар байна” гэж хэлэхэд би “мөнгөө өгнө, та нар машиныг маань гаражнаасаа гаргаад хашаандаа тавьчих” гэхээр нь хашаандаа гаргаад тавьсан. Гэтэл манай байгууллагын манаачийг загнасаар байгаад машинаа хашаанаас аваад явсан байсан. Дараа нь “машин зассан мөнгөө өг” гэж хэлэхээр өөдөөс нь “жоохон байж байгаад өгнө” гээд маргалдаад байсан. ...би хамт гараж руу нь явж орсон. Гэтэл Ма, М хоёр Над зодуулчихсан байсан. Тэгээд бид нар орж маргалдаж байтал М цагдаа дуудсан. ...Би яг зодуулж байхыг нь хараагүй, намайг гараж руу ороход М “зодуулчихсан” гээд байж байсан. Орох үед зүүн нүд нь хөхөрч, хавдсан хоёр нүд нь бүлцийж, хавдаад улайсан байдалтай байсан. ...Намайг гараж орох үед Ма ил харагдах баруун хацар нь бага зэрэг хавдаж улайсан харагдаж байсан. ...” /1хх 71-73/,

гэрч Т.Мийн “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд Мэтэй хамт машинтай явж байсан. ...Гараж руу ортол Мийн төрсөн эгч, дүү болох М, Ма нар нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан ба эрэгтэй нь машиндаа суучихсан хэрэлдэж байсан. Тухайн үед Мэ эгч, дүү хоёрыгоо зодуулсан байдалтай байхыг харчихаад уурлаад тэр залуу руу дайрахаар нь боль гэж хориглоод болиулсан. Ингээд хэрэлдээд зогсож байтал М нь цагдаа дуудсан гээд хүлээж байхад цагдаагийн албаны машин ирээд бид нарыг аваад Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний хувьд энэ маргаанд оролцоогүй. Хөндлөнгийн хүн учир хөндлөнгөөс хараад зогсож байсан. Намайг харж байхад ямар нэгэн зодоон болоогүй. ...” /хх 1хх 76-77/,

гэрч Фий “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр 15 цагийн үед над руу залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. ...Тэгээд граж руу ортол хэрүүл болж байсан. Гадаад хүн хэрэггүй гээд манай эхнэр намайг гаргачихсан. Би очоод хэрүүл болж байсныг хараад буцаад гараад явсан. Өөр юу болсныг цааш нь мэдэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 82-83/,

гэрч Д.Оы “...Би тухайн өдөр харуулын өрөөнд СӨХ-н менежер Дгийн хамт сууж байтал хоёр эмэгтэй бид хоёр дээр “та хоёр гэрч болоод өг” гэхээр нь “юу вэ, юу болсон бэ” гээд тэр хоёр эмэгтэйг дагаад явсан. ...Нын - улсын дугаартай цагаан өнгийн машин дээр очоод “энэ машины хүн машинаа засуулчихаад мөнгөө өгөөгүй, мөнгөө нэхсэн будгаа хуулж ав гээд байна, одоо машиныг нь зурна” гээд байсан. Нэг эмэгтэй нь гартаа төмөр барьсан байсан. Бид хоёр гэрч болохгүй гээд гараад ... өрөөндөө очоод Дтай хамт камер хараад сууж байтал Н нэг эмэгтэйг нь түлхээд газар унагааж байгаа харагдсан. Тэгээд удалгүй гараж руу 2, 3 залуучууд орж ирээд Н болон нөгөө гурван эмэгтэй дээр очиж байсан. Нын эхнэр гарч ирж байхаар нь би Дтй хамт СӨХ-н байр руу явсан. ...Хоёр жил болж байгаа учир зарим зүйлийг санахгүй байна. ...Нэг эмэгтэйг нь түлхэж унагаж байгааг харсан, өөр зүйл хараагүй. ...” /3хх 40-42/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Л.Магийн биед баруун хацар, шанаа эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байна. ...” гэсэн 6376 дугаартай дүгнэлт /1хх 86-87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Л.Мийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн 6272 дугаартай дүгнэлт /1хх 92-93/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3/, хохирлын баримтууд /1хх 31-34, 37-45, 54-58,195-206/, гар утсаар хийсэн бичлэгтэй сидид үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх 48-50/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 51-53, 2хх 26-52, 115-116,121,128-156, 3хх 6-12, 37/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Н “Л.Мад rap хүрсэн гэдгийг нотлох баримт байхгүй байхад гэм буруутай гэж дүгнэсэн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Б.Нын хохирогч Л.Магийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогч Л.Магийн “...Миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унасан. ...” гэсэн, гэрч Н.Нийн “...Намайг ирэхэд хоёр эмэгтэй болон манай байранд амьдардаг казак залуу 3 хоорондоо зууралдсан байж байсан. ...” гэсэн, гэрч Л.Мийн “...Намайг гараж орох үед Ма ил харагдах баруун хацар нь бага зэрэг хавдаж улайсан харагдаж байсан. ...” гэсэн, гэрч Д.Оы “...Н нэг эмэгтэйг нь түлхээд газар унагааж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6376 дугаартай дүгнэлт /1хх 86-87/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Б.Нын хохирогч Л.Мийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.Магийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Наас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоосон тохиолдолд шууд төлөхөө илэрхийлж, үндэслэлгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрчсөн гэжээ.

Шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарах бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлаас хамаарч, түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх учиртай.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Над холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ “шүүгдэгч Б.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүйн гадна хохирлыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй.

Шүүгдэгч Б.Нын санаатай үйлдлийн улмаас хохирогч Л.Ма, Л.М нарт “...хөнгөн зэргийн хохирол учирсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй, нөлөөлөхгүй” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6376, 6272 дугаар дүгнэлтүүд гарчээ. Гэтэл хохирогч нар уг гэмт хэрэг гарсан өдрөөс хойш буюу 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2020 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2021 онд эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд болон шатахууны зардал, хоол хүнсний баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгчээ.

Иймд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэн хэрэгт хамааралгүй эмчилгээ хийлгэсэн гэх баримт болон шатахууны зардал, хоол хүнсний баримтыг хасаж шүүгдэгч Б.Наас 789,700 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мт 616.000 төгрөгийг /хх 37-34,500т, 20000т, 35,000т, хх 38-16,400т, 12850т, 69,250т, хх 39-38,000т, 120,000т, хх 45-270,000т/, хохирогч Л.Мад 173.700 төгрөгийг /хх 31-153,300т, хх 32-20400/ тус тус гаргуулан олгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлын “хохирол төлбөртэй холбоотой болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

Хэдийгээр шүүгдэгч Б.Н нь гэм буруу дээрээ маргаж байгаа боловч хохирогчид бодитоор учирсан хохирол төлбөр нөхөн төлөх талаар илэрхийлж оролцсон байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь ашигтай үндэслэлд хамаарахаас гадна хуульд нийцнэ.

Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1-т “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж шүүхийн шийдвэрийг тодорхойлсон байх ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул шүүгдэгч Б.Над холбогдох хэргийн хувьд, шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсоны дараа ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг нь өршөөн хэрэгсэхгүй болгосон байдлаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлын “хохирол төлбөртэй холбоотой болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Б.Над Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/520 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас нийт 2.401.550 төгрөг гаргуулж хохирогч Л.Мт 1.703.550 төгрөг, хохирогч Л.Мад 698.000 төгрөг тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас нийт 789,700 төгрөг гаргуулан хохирогч Л.Мт 616.000 төгрөг, хохирогч Л.Мад 173.700 төгрөг тус тус олгосугай.” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Над холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлын “хохирол төлбөртэй холбоотой болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” гэсэн хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ