Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/801

 

 

 

 

 

           

  

                       

И.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Мягмардорж,

шүүгдэгч И.Мын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/614 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208006410438 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............................. овгийн И.М, ........................................................... төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт ..................................5 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 10 жил 10 хоногийн хорих ялаар,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил 11 хоногийн хорих ялаар,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 2 хоногийн баривчлах ялаар,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч И.М нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 82 тоотод байрлах иргэн Ч.Цын эзэмшлийн байшинд нэвтэрч, 50 инчийн “Haier” фирмийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч, нийт 1.120.000 төгрөгийн,

2022 оны 1 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжны 7е тоотод байрлах Н.Бгийн эзэмшлийн байшинд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч, нийт 1.070.000 төгрөгийн,

2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 19-19 тоотод байрлах иргэн А.Нийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Toshiba” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч, 450.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: И.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И.Мыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мын цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Маас нийт 2.640.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Цад 1.120.000 төгрөг, хохирогч Н.Бд 1.070.000 төгрөг, хохирогч А.Нид 450.000 төгрөг тус тус олгож, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Мыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэсэгт “нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй бөгөөд тухайн хулгайлах гэмт хэрэг тус бүрт ял шийтгэл оногдуулах зохицуулалтгүй зэрэг үндэслэлгүй хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн 3 удаагийн хулгайлах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийнх нь хүрээнд зүйлчилж, ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцнэ гэж үзнэ” гэж дүгнэжээ. Тэгвэл надад холбогдуулсан 3 хулгайн үйлдлийн 2 үйлдлийг миний бие үйлдээгүй бөгөөд анх мөрдөн байцаалтын шатанд онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байцаагч нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчтэй утсаар ярилцаж байгаад “чи хохиролгүй 2 хэрэг авчих, тэгвэл би яг одоо хам хэрэг Эрхэмбаярыг чинь салгаад өгье, тэгээд ганцаараа 3 хэргээ аваад явбал бага ял авна шүү дээ” гэхээр нь би зөвшөөрөөд хийгээгүй 2 хэргийг өөр дээрээ нэмж авсан. Учир нь, миний найз Эрхэмбаярын эхнэр нь жирэмсэн байсан тул найздаа элэг бүтэн амьдралыг зохиогоорой гэж бодоод салгасан. Гэтэл энэ хэргээс болоод хүндрүүлэх нөхцөл үүсч байгаа тул Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 34 дүгээр гудамжны 7е тоотын хулгайн хэрэг, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, зээлийн 19-19 тоотод гарсан хулгайн гэмт хэргүүд нь надад хамааралгүй болохыг нь баталж байна. Иймд миний үйлдээгүй хэргийг надаас салгаж, биеэр үйлдсэн нэг үйлдэлд минь тохирох шийтгэлийг нь оногдуулж шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн төлөөлөгч нарт хууртаж хилс хэрэгт хутгалдсаныг минь хуулийн тунгалаг хараагаар харж шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч И.Мын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ зэрэгтэй харьцуулж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн учруулсан хохирол нь 2.600.000 төгрөг болно. Өмнө гэмт хэрэг үйлдэж байсан нь ял шийтгэл хүндрүүлэх нөхцөл болохгүй гэж прокурортой мэтгэлцэж байсан саналаа дэмжиж байна” гэв.

Прокурор Р.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч И.Мын гаргасан гомдолд дурдсан асуудлын талаар мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар дурдаж байгаагүй. Прокурорын зүгээс цагдан хорих байранд шүүгдэгчтэй 2 удаа очиж уулзахад гомдолд дурдсан асуудлын талаар хэлээгүй. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан 8 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс түүнийг анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн ярьж байгаа найз Энхбатын талаар тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч И.М нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 82 тоотод байрлах иргэн Ч.Цын эзэмшлийн байшинд нэвтэрч, 50 инчийн “Haier” фирмийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч, нийт 1.120.000 төгрөгийн,

2022 оны 1 дүгээр сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжны 7е тоотод байрлах Н.Бгийн эзэмшлийн байшинд нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч, нийт 1.070.000 төгрөгийн,

2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 19-19 тоотод байрлах иргэн А.Нийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Toshiba” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч, 450.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Цын “...Би орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн маань урд талд байх хоёр цонхны зүүн талынх нь вакум цонх онгойчихсон байхаар нь гэр рүүгээ ортол том өрөөнд байсан Наiеr маркийн 50 инчийн зурагт, мөнгөн аяга зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...” /1хх 14/,

хохирогч Н.Бгийн “... Гэртээ ... галаа түлээд цайгаа чанаад уух гэтэл хөргөгч дээр байсан дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, зэс аяга байхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. ...” /1 хх 170/,

хохирогч А.Нийн “...Маргааш өглөө над руу манай ахын эхнэр болох Сарантуяа холбогдож, танай гэрт хулгай орсон байна гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс 32 инчийн Тоshibа брэндийн зурагт алдагдсан байсан. ...” /1хх 218/,

шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 24 хороо, баруун салаа хавиар орой 20 цагийн орчим ганцаараа халамцуу байдалтай явж байсан. Тэгээд гудамжаар явж байсан чинь нэг айлын хашааны завсраар харсан чинь гэрэл нь унтраастай, гэрийн хаалга нь цоожтой, хашааны хаалга нь уяагаар уясан байхаар нь тайлаад явган хүний хаалгаар нь дотогш орсон. Тэгээд хашаан дотор 30-40 см нарийн төмөр байхаар нь гэрийн гадна талын хаалганы цоожийг хөшиж онгойлгоод дотогш орсон чинь гэрийн зүүн талд хөргөгч дээр 1 ширхэг мөнгөн аяга, тогооны шүүгээний шургуулгыг онгойлгож хартал дотор нь 3 ширхэг мөнгөн аяга байсан. Тэгэхээр нь би тухайн аягануудыг авч гэрээс нь гарсан.

... 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны ойролцоо гудамжаар явж байгаад нэг айлын хашаа руу шагайж харсан чинь гэрэл нь унтраастай байхаар нь хашааны хаалгаар нь дотогш орж, байшингийн гал тогооны вакум цонхыг түлхээд дотогш ороход хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, мөн ширээн дээр байсан мөнгөн аягыг авсан. Би зурагт болон мөнгөн аягаа Хархорин зах дээр аваачаад зарчихсан.

... 2022 оны 2 дугаар сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн баруун салаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа гудамжаар явж байсан. Тэгээд айлуудын хашаа шагайгаад явж байсан чинь нэг айлын гэрэл нь унтраастай байсан, хашааг нь давж ороод монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод тухайн айл руу орсон чинь гэрийн хийморьт 32 инчийн ЛСД хар өнгийн зурагт байхаар нь тухайн зурагтыг авсан, Хархорин зах дээр 100.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 54, 195-196, 2хх 2/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8-82 тоотод хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнгөнсүхийн илрүүлж, бэхжүүлсэн №1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Тус гарын мөр нь Ихбаярын Мөнхбаярын зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна. ...” гэсэн дүгнэлт /1хх 27-29/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх 22, 180, 241/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-9, 164-167, 204-212/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг тогтоон хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилдэг.

Шүүгдэгч И.Мын 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хооронд гурван удаагийн үйлдлээр хохирогч Ч.Ц, Н.Б, А.Н нарын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, нийт 2.640.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч И.М нь “...3 хулгайн үйлдлийн 2 үйлдлийг миний бие үйлдээгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч 2 хэргийг өөр дээрээ нэмээд даачих гэсэн. Гэтэл энэ хэргээс болоод хүндрүүлэх нөхцөл үүсч байгаа тул миний үйлдээгүй хэргийг надаас салгаж, биеэр үйлдсэн нэг үйлдэлд минь тохирох шийтгэлийг нь оногдуулж, шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч И.М нь 3 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа яллагдагчаар мэдүүлсэн байх бөгөөд тэрээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд өөр этгээдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн, уг байдлыг шалгуулах талаар хүсэлт, гомдол гаргаж байсан нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байна.

Иймд, шүүгдэгч И.Мын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг прокурорт буцаах, түүнд холбогдох 2 үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Харин шүүгдэгч И.М нь гомдолд заасан үндэслэлээрээ прокурорт гомдол гарган шинэ нөхцөл байдлаар шалгуулах асуудал нээлттэй байх бөгөөд уг ажиллагааны үр дүнд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хэргийн үйл баримт, ял шийтгэлийн асуудлыг хөндөх хууль зүйн үндэслэл үүсэх боломжтой юм.

Шүүгдэгч И.М нь 3 удаагийн үйлдлээр 2.640.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд түүний энэ үйлдэлд анхан шатны шүүхээс 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэм бурууд тохироогүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялаас 2 жилийг хасаж 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Иймд, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч И.Мын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 91 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/614 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч И.Мыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч И.Мыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мт оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мт оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 91 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                     Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР