| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0165/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 163
2017 оны 11 сарын 27 өдөр 2017/ШЦТ/163 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0165/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Энхжаргал,
Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонон овогт Шагдарсүрэнгийн От холбогдох 1739002150072 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1982 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хороолол А-61 байрны 26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Чонод овогт Шагдарсүрэнгийн О /РД:СД82050510/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 11 дүгээр сарын 05-наас 2017 оны 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнийн 02 цагийн үед Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хороолол А-61 байрны 26 тоотод байрлах гэртээ бага насны төрсөн хүү М.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 02 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хороолол А-61 байрны 26 тоотод байрлах гэртээ бага насны төрсөн хүү М.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч М.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Аав гэртээ архи уугаад, тэгээд ээждээ утсаар хэлсэн чинь аав уурлаад намайг бос суу гээд зодсон. Тэгээд танихгүй эгч ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн.... Аав намайг алгадаад байсан, тэгээд би угаалгын өрөөний хана толгойгоороо мөргөж ойчсон. Миний хамраас цус их гарсан. Танихгүй эгч ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 15-16 хуудас/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгээд үүрээр 05 цагийн үед ах дүү нараасаа сонсоод шууд Улаанбаатар хотоос аймаг руу гарч аймагт 10 цаг өнгөрөөгөөд ирсэн. Аймагт ирэхэд манай хүү аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэж байсан... өгсөн гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 19 хуудас/
Гэрч Т.Мөнх-Уяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... шөнийн 02 цагийн үед манай байрны хаалгыг нүдсэн хаалга нээтэл манай орцны 03 давхарт амьдардаг нэг хүүхэн “хажуу айлд мичь хүүхэд уйлаад байна” гэж хэлсэн тэгээд 25 номерт байдаг Одноог мөн дуүдаад бид хэд 26 номерын хаалгыг хэсэг нүдсэн, тэгтэл нэг эрэгтэй хүн хаалга нээсэн. Хаалгаар ортол угаалгын өрөөндөө эрэгтэй хүүхэд уйлчихсан, нүүр ам нь цус болчихсон, өөрөө цусаа угааж байгаа бололтой байсан. Тэгээд би шууд цагдаагийн газрын 7056102 дугаарын утсанд 02 цаг 14 минутанд өөрийн 98889302 дугаарын утаснаас дуудлага өгсөн. Мөн эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан. Нөгөө согтуу залууг цагдаа нар аваад явсан...гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 23-24 хуудас/
Гэрч С.Одонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Хаалгаар орход угаалгын өрөөнд 2 настай гэмээр охин 5 настай гэмээр хүү цусаа угаагаад уйлчихсан зогсож байсан. Нүүр ам цус болж мэдэгдэхгүй болтлоо хавдчихсан, толгой нь ард талдаа овойж хавдчихсан харахаар нзд халтирмаар болсон байсан гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 25-26 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №2017.352 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-5 хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-6-7 хуудас/
Сэжигтэн Ш.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Надад болсон асуудалын талаар санаж байгаа зүйл үнэндээ алга. Ямар учраас хүүгээ тэгж айхтар зодсон гэдгээ хэлж мэдэргүй байна, ийм муухай юм хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Азаар миний хүүгийн биеийн байдал гайгүй, айхтар гэмтэл бэртэл учирсангүйд баярлаж байна. Би хуулийн хариуцлагаа хүлээхэд ямар нэг татгалзах зүйл байгүй, бэлэн байна ....” гэсэн мэдүүлэг /ХХ-54 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Оын бага насны хүүхдийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Сгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонод овогт Шагдарсүрэнгийн Оыг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оыг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.От оногдуулсан торгуулийн ялыг төлөх хугацааг 1 сард 500.000 төгрөг төлүүлэхээр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.От авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ