Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/802 

 

 

 

 

 

 

Ц.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үгийн өмгөөлөгч Б.Мянган,

шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үгийн өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлоор Ц.Мт холбогдох 2205000000666 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............................ овгийн Ц.М, .................................................... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “.................................... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ..................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вийнс вэе” нэртэй бааранд “хэд хэдэн удаа мөрлөлөө” гэх шалтгаанаар Ц.Чы нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, газарт толгойн ар хэсгээр нь унагаан эрүүл мэндэд нь гавлын суурь ясны хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэн, зүүн зулайн духны дэлбэнгийн няцрал, шулуун синус, тенториум, 2 талын сильвийн ховил, 2 талын зулай, чамархайн хальсан доорх цус харвалтууд, зүүн зулай, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар Ц.Ч нь дээрх гэмтлүүдийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Мыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Мыг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 116 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас 10.422.774 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37.294.774 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үгийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ц.Мын бусдын амь насыг санаатай хохироосон үйлдэлд нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, зохих зүйлээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулаагүй гэж үзэж байгаа билээ.

Гэрч Д.Баяраагийн “...тэгээд би саарал цамцтай залууг тэвэрч авахад миний нурууны ар талаар хар цамцтай эрэгтэй нь тойрч гараад Ц.Чыг баруун гараа атгаж байгаад зүүн нүдний доод хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Ц.Ч тус байрны пелта шалан дээр толгойны ар хэсгээрээ саваад хүчтэй унасан. Тэгээд ухаан алдсан байдалтай сэрээгүй...” /хх 27-29/, гэрч О.Батгэрэлийн “...уг залуугийн найз нь тэврээд салгахад манай найз Мягмаржав хүн тойроод гүйж очоод уг цагаан малгайтай цамцтай залууг гараараа саваад цохиход уг залуу ар дагзаараа саваад уг баарны пелта шалан дээр хүчтэй унасан, тэгээд ухаан алдаад сэргэхгүй байхаар нь сэргээх гээд Мягмаржав ус цацаад сэрээгүй. ...” /хх 35-39/, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үгийн “...тэгээд сэхээн амьдруулах тасгаасаа өөр тасаг руу шилжээгүй, ухаан ороогүй байсаар байгаад 2022 оны 2 дугаар сарын 27-ны 10 цаг өнгөрч байхад дүү Чулуун нас барсан. ...” /хх 26/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3150 тоот “Ц.Чы биед гавлын суурь ясны хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэн, зүүн зулай духны дэлбэнгийн няцрал, шулуун синус, тенториум, 2 талын сильвийн ховил, 2 талын зулай, чамархай хальсан доорх цус харвалтууд, зүүн зулай, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Дээрх гэмтэл авсан даруйд үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. ...” /хх 90-92/ гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд, амь хохирогч Ц.Ч нь шүүгдэгч Ц.Мын нэг удаагийн цохих үйлдлийн улмаас амь насанд аюултай, үхэлд хүргэх гэмтэл авч, уг гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогч гэмтлээс шалтгаалсан бусад хүндрэлээр бус гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн гэмтлийн улмаас үхэлд хүрсэн байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ц.Мын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, шүүх гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлэх байсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм.

Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаартай тогтоолд “Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно” гэж зааснаас үзэхэд амь хохирогч Ц.Ч үхэлд хүрэх гэмтэлд авснаас хойш 10 хоног эмнэлгийн тусламж авсан боловч биеийн байдал нь сайжрахгүй байсаар амь хохирч байгаа нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогчийн талаас прокурор болон анхан шатны шүүхийн шатанд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж, гэм буруугийн шүүх хуралдаанаар мэтгэлцсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд гэм буруугийн холимог хэлбэрийг тодорхойлон заасан. Гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан зааж, ял шийтгэл оногдуулна гэсэн байгаа. Үүний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Мт холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлахаас гадна шүүгдэгчийн үйлдэл, хор уршигтаа хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэрийг үндэслэж хууль зүйн дүгнэлт хийн хэргийг зүйлчилсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар Ц.Мын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вийнс вэе” нэртэй бааранд “хэд хэдэн удаа мөрлөлөө” гэх шалтгаанаар Ц.Чы нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, газарт толгойн ар хэсгээр нь унагаан эрүүл мэндэд нь гавлын суурь ясны хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэн, зүүн зулайн духны дэлбэнгийн няцрал, шулуун синус, тенториум, 2 талын сильвийн ховил, 2 талын зулай, чамархайн хальсан доорх цус харвалтууд, зүүн зулай, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар Ц.Ч нь дээрх гэмтлүүдийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үгийн “...2022 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үүрээр 6 цагийн үед манай дүү Чулууны найз Баяраа над руу залгаад “Чулуун хүнд цохиулаад гэмтэл дээр ухаангүй ирсэн байна” гэсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиход “томографикт харуулах гэж байна” гээд дугуйтай орон дээр түрчихсэн явж байсан. Манай дүү Чулуун ухаангүй байсан бөгөөд эмч нар үзлэг шинжилгээгээ хийгээд 14 цагийн үед гэмтлийн сэхээн амьдруулах тасаг руу орсон. ... Улмаар сэхээн амьдруулах тасгаасаа өөр тасаг руу шилжээгүй, ухаан ороогүй байсаар байгаад 2022 оны 2 дугаар сарын 27-ны 10 цаг өнгөрч байхад нас барсан. ...” /1хх 17-21/,

гэрч Д.Баяраагийн “... Ц.Ч, Н.Лхагважав нар бүжгийн талбайд гараад бүжиглэж байсан. Би ерөнхийдөө хараад зогсож байсан. Тэгсэн бүжгийн талбай дээр байсан үл таних 3 эрэгтэй хүнтэй Ц.Ч бүжиглэж ойртоод байсан. Тэгэхээр нь би тэр 3 залуу дээр очоод “манай найз Ц.Ч согтсон байгаа юм. Янз бүрийн юм яриад байвал өөрсдөөсөө холдуулаад түлхчих” гэсэн. “Бүр болохгүй бол намайг дуудаарай” гэж хэлээд би ширээн дээрээ очиж суусан. Тэгээд ширээн дээр хараад сууж байсан чинь гэнэт манай 2 найзтай тус 3 залуу маргалдаад бүжиглэж байсан хүмүүс тарж байгаа юм шиг харагдаж эхэлсэн. Тэгээд дөхөөд очиход саарал цамцтай үл таних залуу Ц.Чыг хөлөөрөө жийж газар унагааж байгаа харагдсан. Би саарал цамцтай залууг тэвэрч авахад миний нурууны ар талаар хар цамцтай эрэгтэй нь тойрч гараад Ц.Чыг баруун гараа атгаж байгаад зүүн нүдний доод хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь Ц.Ч тус байрны пелтан шалан дээр толгойны ар хэсгээрээ саваад хүчтэй унасан. Тэгээд ухаан алдсан байдалтай сэрээгүй. ...” /1хх 25/,

гэрч О.Батгэрэлийн: “...Мягмаржав бид 2 бүжиглэж байсан, тэгэхэд 1 танихгүй согтуу цагаан малгайтай цамц, гадуураа хар бомбор шиг хувцастай бор хүрэндүү өмдтэй залуу согтуурхаад бүжиглэхдээ хүмүүс мөрлөөд гараа саваад байсан. Тэгээд 3-4 удаа бүжгийн талбай дээр тийм үйл явдал болсон. Тэгээд уг цагаан малгайтай цамцтай согтуу залуу манай найз Мягмаржавтай муудалцаад маргаж байхаар нь яваад очиход Мягмаржавыг уг залуу гараараа нүүрнийх нь хацар орчим цохихоор нь би зүүн гараараа уг залуугийн нүүр, шанаа орчим нэг удаа цохисон, тэгэхэд уг залуу над руу дайрсан, тэгэхэд нь уг залуугийн найз нь намайг тэврээд салгахад манай найз Мягмаржав хүн тойроод гүйж очоод уг цагаан малгайтай цамцтай залууг гараараа саваад цохиход уг залуу ар дагзаараа саваад пелтан шалан дээр хүчтэй унасан. Тэгээд ухаан алдаад сэргэхгүй байхаар нь сэргээх гээд Мягмаржав ус цацаад сэрээгүй, би мөн ус цацсан, тэгэхэд сэргээгүй. ...” /1хх 32-33/,

шүүгдэгч Ц.Мын сэжигтнээр өгсөн “...Тэгээд би дахин бүжиглэж байхад уг цагаан цамцтай залуу ирээд дахин мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр залууг бариад чихэн дээр нь “яагаад байгаа юм бэ” гэх зүйл ярьсан. Тэгээд нэг нэгэн рүүгээ орилсон. Тэгээд би нүүрээрээ орилолдоод очиход уг залуу миний зүүн шанаа орчим 1 удаа цохисон. Тэгээд хойшоо алхсан, тэгэхэд хүмүүс голоор орсон. Тэгээд би хүмүүсийг тойрч гүйж очоод баруун гараараа уг залуугийн зүүн шанаа орчим 1 удаа цохисон. Тэгэхэд толгойны ар дагз хэсгээрээ саваад пелтан шал руу унасан. Тэгээд уг залуу сэргэхгүй байсан. ...” /1хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 760 дугаартай “...Талийгаачид дагз яснаас доош зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хатуу хальсны доорх цусан хураа /50мл/, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. ... Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. ...” /1хх 64-67/ гэсэн дүгнэлт,

хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 91-94/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.М нь амь хохирогч Ц.Чтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, шалан дээр толгойн ар хэсгээр нь унагаан эрүүл мэндэд нь дагз яснаас доош зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хатуу хальсны доорх цусан хураа /50мл/, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн зулгаралт бүхий гэмтэл учруулж, дээрх гэмтлүүдийн улмаас амь хохирогч Ц.Ч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 8 жил хорих ял оногдуулсан нь гэм бурууд нь тохирчээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үгийн өмгөөлөгч Б.Мянган “...амь хохирогч Ц.Ч нь шүүгдэгч Ц.Мын нэг удаагийн цохих үйлдлийн улмаас амь насанд аюултай, үхэлд хүргэх гэмтэл авч, уг гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь хангалттай тогтоогдсон,  ... амь хохирогч Ц.Ч үхэлд хүрэх гэмтэл авснаас хойш 10 хоног эмнэлгийн тусламж авсан боловч биеийн байдал нь сайжрахгүй байсаар амь хохирч байгаа нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлэх байсан, ... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах гэмт хэргийг хүнийг санаатай алах гэмт хэргээс ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн эсэхийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоодог.

Шүүгдэгч Ц.Мын амь хохирогч Ц.Чтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, шалан дээр толгойн ар хэсгээр нь унагаан эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон үйлдлийн хувьд, үйлдэлдээ санаатай, амь нас нь хохирсон байдалд болгоомжгүйгээр хандсан байна гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.М нь амь хохирогч Ц.Чы нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл нь санаатай, харин цохиулсны улмаас шалан дээр толгойн ар хэсгээрээ савж унахдаа хүнд гэмтэл авч нас барсан байдалд болгоомжгүй ханджээ.

Иймд шүүгдэгч Ц.Мын үйлдлийг гэм буруугийн холимог хэлбэртэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид зааж, гэмт хэрэгт тооцсон үйлдэл хийсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заахаар заасан байдал нь тусгай ангид л заасан тохиолдолд холимог хэлбэрээр гэмт хэргийг авч үзэхээр заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглэх онолын тогтсон хэрэглээтэй зөрчилдсөн шинжтэй байгаа нь шүүхээс хууль тайлбарлан хэрэглэх эрх хэмжээг хязгаарлах хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.М нь амь хохирогч Ц.Чы нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирол, хор уршигийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, хохирол, хор уршиг учрах боломжтойг урдчилан мэдэх ёстой байсан, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Харин шүүгдэгчийн санаатай цохисон үйлдлийн улмаас амь хохирогч тархиндаа хүнд гэмтэл авч амь нас барсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн зохих хэсгээр зүйлчлэж болохыг тайлбарлаж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үгийн өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Мын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үгийн өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР