Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 993

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00564 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн хариуцагч “И” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 53 218 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И” ХХК нь манай компанитай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай СНА20141001-10 тоот гэрээг байгуулан, 1 тонн нүүрсийг 60 000 төгрөгөөр нийт 100 000 тонн нүүрсийг нийлүүлэхээр тохиролцсон. “Ч” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нийт 5508.58 тонн буюу 306 249 300 төгрөгийн нүүрс нийлүүлсэн ба хариуцагч “И” ХХК нь 53 218 700 төгрөгийн төлбөрийг одоо хүртэл төлөөгүй. Хариуцагч манай компанитай нүүрсний хэмжээ болоод үнийн дүн дээр маргадаггүй. Хариуцагч манай нийлүүлсэн нүүрсний зарим хэсэг нь чулуутай байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэж маргаж байна. Гэтэл хариуцагч тал гэрээний дагуу нүүрс нийлүүлж байхад ямар нэг гомдол гаргаж байгаагүй. Хариуцагчтай тохиролцож 1 тонн нүүрсийг 45 000 төгрөгөөр тооцохоор болж, сүүлд нийлүүлсэн нүүрсийг 45 000 төгрөгөөр тооцсон. Иймд үлдэгдэл төлбөр 53 218 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2014 онд манай компанитай байгуулсан 10 тоот гэрээг баримтлан гаргасан. Манай компани нэхэмжлэгч компанитай маш удаан хугацааны найрсаг харилцаатай байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч талтай итгэлцэл дээр тогтож үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд ганцхан удаа гэрээ байгуулсан. Гэтэл энэ гэрээ байгуулсан үед ийм маргаан гарч байгаа нь хачирхалтай байна. Манай захирал энэ гэрээг байгуулж байхад өмнөх үйл ажиллагаагаа бодож шууд гарын үсгээ зурсан. Уг гэрээг шүүхийн ажиллагаа явагдаж байх хугацаанд хэт нэг талыг барьсан давуу тал олгосон байсныг мэдсэн. Иймд манай талаас нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож, ямар үндэслэлээр 50 000 000 төгрөгийн шаардлага гаргах эрх байгаа юу гэдэгт эргэлзэж байна. Манай талаас нэхэмжлэгч талд гэрээний дагуу нийт үнийн дүнгээс 218 521 100 төгрөг төлсөн. Манай талаас нэхэмжлэгч талд доголдолтой бараа ирж байна, ийм бараанууддаа анхаарал тавихыг удаа дараа шаардаж, уг бараа бүтээгдэхүүн нь ердийн ханшнаас хэт дээгүүр байна гэсэн хүсэлтээр нэгж үнийг 45 000 болгож байсан. Гэвч нэхэмжлэгч талаас доголдолтой бараа нийлүүлсээр байсан. Уг доголдолтой бараа нь одоо болтол байж байдаг. Иймд манай тал нэхэмжлэлийн шаардлага болох 53 218 700 төгрөгийг төлөх боломжгүй гэж бодож байна. Нэгж үнийн дүн 60 000 төгрөгөөс 45 000 төгрөг болж буурсан талаар нэхэмжлэгч тодорхойлж өгөөгүй. Хэрвээ барааны үнийг буулгасан талаар талууд тохиролцсон нь тогтоогдвол талууд хоорондоо байгуулсан гэрээний дагуу гэрээнд өөрчлөлт оруулж хавсралт хэсэгт оруулах ёстой байсан боловч гэрээнд ямар нэг өөрчлөлт ороогүй. Иймд манай тал нэхэмжлэлийн шаардлага болох 53 218 700 төгрөгийг өгөх үндэслэл байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “И” ХХК-аас 53 218 700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 043 төгрөг 50 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 424 043 төгрөг 50 мөнгө гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Б давж заалдах гомдолдоо:

... Гэрээний дагуу “Ч” ХХК-аас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал буюу 10 дугаар сарыг дуустал нийт 3896.46 тонн нүүрсийг нийлүүлсэн. Худалдан авагч “Исмусмухлай” ХХК-аас гэрээний үүргээ биелүүлж нэг тонныг нь 60 000 төгрөгөөр тооцон нийт 233 992 800 төгрөгийг компанийн харилцах данс болон бэлнээр мөн, захирал н.Ариунболдын харилцах дансанд тус тус шилжүүлж төлсөн.

Гэтэл худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нунтаг, үнс шороо ихтэй, том том чулуутай, хог хаягдал ихтэй нүүрс нийлүүлсний улмаас энэхүү гэрээн дээр ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулалгүйгээр бидний зүгээс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г цуцлах санал тавьж цуцалсан. Цуцлахдаа хоёр тал биечлэн уулзаж, харилцан тохиролцон цуцлах тал дээр санал нэгдэж цуцалсан.

Иймд гэрээг цуцлахад заавал хэлбэрийн шаардлага тавигдаагүй бөгөөд нөгөө талдаа мэдэгдэхэд хангалттай гэж бидний зүгээс ойлгож байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ СНА2014/1001-10 тоот гэрээний үүрэгтэй холбоотойгоор 53 218 700 төгрөгийг нэхэмжилсэн. Бид бүхэн Дугаар СНА2014/1001-10 тоот гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээгээр нийлүүлсэн 3 896.46 тонн нүүрсийг үнэ болох 233 992 800 төгрөгийг төлж дуусгавар болгосон. Харин хоёр дахь амаар тохирсон нүүрс худалдах, худалдан авах хэлцлээр нэг тонныг 45 000 төгрөгөөр тооцон 2014 оны 11 сард 667.6 тонн, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 938.1 тонн нүүрсийг тус тус хүлээж авсан. Энэхүү нүүрс нь мөн адил чанарын хувьд доголдолтой бараа байсан бөгөөд бид бүхэн худалдагч талтай бизнесийн урт удаан хугацааны турш түншлэлтэй байсан, урьдын итгэлцэл дээр үндэслэн уг барааг буцааж авах эсвэл барааг өөр бараагаар солих тал дээр харилцан амаар тохиролцсон.

Өнгөрсөн хугацаанд “Ч” ХХК-аас харилцан суутгана гэж бэлнээр, “цалин тавих гэсэн юм гээд түр авъя” гээд бэлнээр, мөн өөрийн харилцдаг байгууллагадаа манайхаас нүүрс авч байснаа дээрх бичгээр байгуулсан гэрээний үүрэгт хамаатуулж тооцон, чанарын шаардлага хангахгүй үлдэгдэл нүүрсээ бэлэн мөнгөнд хөрвүүлж нэхэж, захирал миний гарын үсгийг хүртэл хуурамчаар үйлдэн кассын бэлэн мөнгөний баримт бүрдүүлж шүүхэд нотлох баримтаар өгсөнд харамсаж байна. Энэ талаар нотлуулахаар анхан шатны шүүхэд “гарын үсгийн тайлал”-д шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан боловч нэхэмжлэгч тал хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас шүүх хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангаагүй болно. Хэрэв нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бичгээр байгуулсан гэрээ болон сүүлд байгуулсан гэрээтэй хамаатуулж дээрх мөнгийг нэхэмжилсэн бол манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзлыг нотлох баримтын хүрээнд үндэслэлээ гаргаж, бүрдүүлэн шүүхэд өгөх байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргасан болно.

Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй СНА2014/1001-10 тоот гэрээний үүрэгт 53 218 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 53 218 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “... доголдолтой бүтээгдэхүүний үнийг нэхэх эрхгүй, гэрээг бичгээр байгуулаагүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Нүүрс худалдах, худалдах авах тухай СНА20141001-10 тоот гэрээ”-гээр 1 тонн нүүрсийг 60 000 төгрөг, нийт 100 000 тонн нүүрсийг нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч “И” ХХК-д нийлүүлэх, гэрээний хугацааг 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатайгаар харилцан тохиролцож байгуулсан байна. Уг гэрээний дагуу 2014 онд 3 899.88 тонн нүүрсийг 60 000 төгрөгөөр тооцон нийлүүлсэнд 233 992 800 төгрөгийн төлбөрийг төлснөө хариуцагч үгүйсгээгүй.

 

Улмаар хариуцагч “И” ХХК-ийн хүсэлтийн дагуу цаашид нийлүүлэх 1 тонн нүүрсийг 45 000 төгрөгөөр тооцон төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээг бичгээр хийгээгүй боловч нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөл буюу тонны нэгж үнийг 45 000 төгрөгөөр өөрчлөн тогтоож үргэлжлүүлж байсан талаар хэн аль нь тайлбарлаж байна. Худалдах, худалдан авах гэрээг хэлбэрийн хувьд бичгээр байгуулахыг шаардахгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Иймд 2014 онд нийлүүлсэн 4 567.48 тонн, 2015 онд нийлүүлсэн 938.10 тонн нүүрсний үнийн үлдэгдлийг 45 000 төгрөгөөр тооцон нэхэмжлэх үндэслэлтэй. Хариуцагч “И” ХХК нь дээрх байдлаар нүүрс нийлүүлэгдсэнийг үгүйсгээгүй.

 

Хариуцагч тал нийлүүлсэн нүүрсийг чанарын доголдолтой, ашиглах боломжгүй байсан тул үнийг төлөхгүй гэх татгалзлаа баримтаар нотлоогүйгээс гадна доголдлыг илрүүлснээс хойш 6 сарын дотор худалдан авагч нь доголдолтой барааг солиулах, гэрээг цуцлах, доголдлыг өөрийн зардлаар арилгаж, зардлаа төлүүлэх талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг хариуцагч “И” ХХК-ийн сүүлд төлбөр төлсөн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэхдээ шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсгийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь хүлээн авсан нүүрсний хэмжээ, төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй тул 53 218 700 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 044 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ