| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/02610/И |
| Дугаар | 184/ШШ2024/02568 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/02568
2024 05 09 184/ШШ2024/02568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Авто машин албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* шүүх хуралдааны
нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч
шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн утга: ******* миний эзэмшлийн
Лексус ЭЛ ЭС-600 маркийн, суудлын хөнгөн тэрэг ангиллын, ******* улсын
дугаартай автомашиныг 2018 оны 2 дугаар сарын 18-ний өдөр Сүхбаатар дүүргийн
прокурорын газрын тогтоолоор “Өмнөх эзэмшигч нь бусадтай эд хөрөнгийн
маргаантай байсан" гэх шалтгаанаар шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож түр
саатуулах хашаа руу авч явсан. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар дүүргийн мөрдөн
байцаах тасагт 2-3 прокурор солигдсон. Машинаа авъя гэхэд мөрдөн байцаагч нь
прокурорын тогтоолоор хураан авсан тул бид нар мэдэхгүй. Шүүх хуралдааны
дараа машинаа аваарай гэдэг. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр
Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хурал хуралдаж шүүхээс намайг
"Шударга эзэмшигч" гэж нэрлэн миний эзэмших эрхтэй, дээр дурдагдсан суудлын
автомашины хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хийхийг хориглосон
шийдвэрийг хүчингүй болгосон, 6 сарын дараа шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр
боллоо гээд шүүхийн шийдвэр шуудангаар ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газарт очсон боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга
н.Батхишиг надад тайлбарлаж өгөхдөө прокурортойгоо уулз гэсэн тул Сүхбаатар
дүүргийн прокурор *******ад хандаж уулзалтын өрөөнд ороод ярилцсан,
“шүүхээс шударга эзэмшигч мөн гэж тогтоосон, таны шийдвэр хүчин төгөлдөр
болсон, ачилтын газар буруутай этгээдээс хохирлоо гаргуулна” гэж хэлсэн. Тэгээд
өргөдлийн хариуг хариуцагч *******д албан бичгээр хүргүүлнэ гэсэн боловч
одоог хүртэл тээврийн хэрэгслийг өгөхгүй байгаа. Буцаад прокурор дээр очсон
чинь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад шүүхийн шийдвэрээр авчих
гэж хэлсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг давж заалдах
шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 318 дугаартай
магадлалаар хэвээр үлдээсэн, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хяналтын
шатны шүүхээс хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан. Магадлал, тогтоолыг хэргийн
оролцогч биш тул манайд өгөөгүй, гэхдээ энэ нь нийтэд ил үйл баримт учир нотлох
шаардлагагүй. Улсын дээд шүүхээс асуудал дууссаны дараа буюу 2023 оны 5-р
сараас эхлэн өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн машинаа "*******"
ХХК-ийн түр саатуулах хашаанаас авахаар хөөцөлдсөн боловч миний машин уг
компанийн Толгойтод байх түр саатуулах албан ёсны хашаанд нь алга байсан.
Сураглахад Нисэхэд хувь айлын хашаанд сүүлийн 3 жил байгаа гэсэн. Тэрээр
“Таны машиныг эргүүлэн олгох тухай шүүх, прокурорын тогтоол шийдвэр байсан ч
манайх ашгийн төлөө байгууллага учир та төлбөрөө л төл, төлбөр чинь 10.350.000
төгрөг гарчхаад явж байна” гэсэн. Бид энэ бол “Бидний буруу биш, хуулийн
байгууллага энэ хэргийг тав зургаан жил шалгаад намайг буруугүй гэж тогтоон
автомашинаа саадгүй авах эрхтэй гэж албан ёсоор мэдэгдсэн” гэхэд ч огт тоохгүй
байна. Ийнхүү би ямар ч гэм буруугүй мөртөө авто машинаа барих, эзэмших
эрхгүй зургаан жил гаран болоод эргүүлэн ч авч чадахгүй дээр нь нэмж арав гаруй
сая төгрөг бусдад төлөх өрөнд унаад байна. Автомашинаа захиран зарцуулах эрх
нь миний эзэмших, өмчлөх эрхийн салшгүй хэсэг юм. Энэ машин өөрөө одоо 10
сая төгрөг ч хүрэхгүй үнэтэй. Иймд "*******" ХХК-иас иргэн *******
миний эзэмшлийн Лексус Эл ЭС-600 маркийн ******* улсын дугаартай
автомашиныг хууль ёсны эзэмшигч надад албадан олгох шүүхийн шийдвэр гаргаж
өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд
гаргасан тайлбартаа: Тус компани нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан
дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчилд холбогдсон автомашинуудыг
цагдаагийн зөвшөөрлөөр зөөж тээвэрлэн журамлах үйл ажиллагаа 2015 оноос
эхлэн эрхэлж байгаа. Журмын хашаа нь НИТХ-ын 2015 оны 33/35 дугаар
тогтоолоор тогтоосны дагуу төлбөрийг зөрчил гаргасан буруутай этгээдээс бэлэн
болон бэлэн бус хэлбэрээр гаргуулан авна мөн хууль зүйн сайдын 2019 оны А101
дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах
журам”-ын 9 дүгээр бүлэгт заасны дагуу зөвхөн Цагдаагийн алба хаагчийн
шийдвэрийг үндэслэн ачилт хийдэг. Иргэн *******гийн эзэмшлийн 6970 УБС
дугаартай LEXUS маркийн автомашиныг 2018 оны 2 дугаар сарын 12-ний өдөр
Саппоро орчмоос эрэн сурвалжлагдаж байгаа буюу 95 гэсэн зөрчлийн заалтаар
ачуулсан. 2020 онд Тээврийн Цагдаагийн албанаас журмын хашаанд удсан
тээврийн хэрэгслийн мэдээллийг авч бид журмын хашаанд удсан тээврийн
хэрэгслийн эзэдтэй холбоо барин зөрчлөө арилгасан бол журмын хашаанаас
машинаа авахыг сануулж 1 жилээс дээш хугацаанд болсон автомашины эзэмшигч
нартай дугаараас холбогдсон. Үүний хүрээнд *******гийн
дугаарт холбогдон автомашинаа авахыг сануулан журмын хашаанд 590 хоноод
тооцоо нь 3,010,000 төгрөг болсныг сануулсан боловч уг иргэн маань “Энэ машин
миний машин бишээ. Манай захирал л бартерт авсан машинаа миний нэр дээр
авсан юм. Би тухайн үед барилгын компанийн нягтлан бодогч байсан юм, би одоо
ажиллахгүй байгаа. захирлын дугаар ******* та энэ хүнтэй холбогдоорой” гэж
хэлсэн. Уг дугаар руу 2022 оны 8 дугаар сараас эхлэн холбогдож шүүхийн
шийдвэр гарсан оны өмнө машинаа авна чи вайбераар зургийг нь явуул даа гэсэн
хүсэлтийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зургийг нь явуулсан. 2023
оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн гийн ах ******* гэх хүн
машинаа авна гэж явж эхэлсэн. Удаа дараа журмын хашаан дээр ирж бүртгэгч
болон менежертэй уулзан viber-aap машины зураг аван нэхэмжлэх бичүүлж авсан.
Манай байгууллагын менежер журмын хашааны үнэ өдрийн
5000 төгрөг ачилт 60,000 төгрөг 2018 оны 2 дугаар сарын 18 өдрөөс 2023 оны 10
дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 2053 хоногтой 10,325,000 төгрөг болсон
байна гэдгийг танилцуулсан. Мөн машинаа авахдаа тодорхой хэмжээнд
хөнгөлүүлэх боломжтой талаар хэлсэн. Бид ямар нэгэн үндэслэлгүйгээр уг
иргэнээс мөнгө нэхээгүй бөгөөд уг хугацаанд гаргасан төлбөрийг л төлөх тухай
сануулсан. Манайх Баянгол дүүргийн 20 хороо Хөсөг трейдийн урд талын хашааг
түрээсэлдэг байсан. Тухайн газар зарагдаад манайх нүүх шаардлага гараад
Сонгинохайрхан дүүргийн 4 хороо мах импексийн хойд талд нүүж очсон, нүүснээс
хойших зардлыг тооцоогүй гарсан төлбөр. Мөн уг машины эзэмшигч Амарзаяа гэх
хүнтэй 2 удаа жил хагас буюу 590 хоногтой байхаас эхлэн холбогдож,
Амарзаяагийн өгсөн ******* дугаартай 2 удаа холбогдож өөрсдөөс шаардагдах
материалуудыг өгч байсан. Мөн Амарзаяагийн ах гэх хүнд ч мөн тайлбарлаж хэлэн
эв зүйгээр хэл амаа ололцох гэж хичээсэн. Манай байгууллага нь өөрийн гаргасан
зардал буюу журмын хашааны төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд тухайн
автомашиныг гаргаж өгөх боломжтой. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200
төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018
оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай
тогтоол /хуулбар үнэн/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 09
дүгээр сарын 15-ний өдрийн 5/1343 дугаартай гомдлын хариу, мөн газрын 2023
оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/1555 дугаартай гомдлын хариу, “Авто гоулд
транс” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн хүсэлтийн хариу, Авто
тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Баянгол дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн
2022/ШЦТ885/ дугаартай шийтгэх тогтоол,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт: “*******” ХХК-ийн хуулийн
этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмийн нотариатаар
гэрчлүүлсэн хуулбар,
Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт: 2024 оны 04 дүгээр сарын 29-
ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт 3 ширхэг зураг, Сүхбаатар
дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 1/4870
дугаартай албан бичиг /хуулбар үнэн/,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эд хөрөнгө
битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгосон тул миний эзэмшлийн лексус эл эс-
600 маркийн ******* улсын дугаартай автомашиныг албадан олгож өгнө үү...
гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа
үндэслэлээ “...уг тээврийн хэрэгсэл *******гийн машин биш, нэхэмжлэгч
журмын хашааны төлбөрөө төлөөгүй ...” гэсэн.
2. ******* улсын дугаартай авто машиныг Нийслэлийн Сүхбаатар
дүүргийн прокурорын газраас битүүмжлэх шийдвэр гаргасан болох нь 2018 оны 02
дугаар сарын 13-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”
тогтоолоор тогтоогдож байх бөгөөд уг тогтоолын дагуу тээврийн хэрэгслийг “Авто
гоулд транс” ХХК журмын хашаандаа 2018 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс
2023 оны 10 дугаар сарын 06-ний өдөр хүртэл хугацаанд байрлуулсан, мөн өдрөөс
одоог хүртэл тээврийн хэрэгсэл хариуцагчийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар
хороо, 17 гудамж, 430 тоот хашаанд байрлаж байгаад талууд маргаагүй.
3. Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар ******* улсын дугаартай
тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн Содномжамцын Амарзаяа болох нь
тогтоогдож байх ба хариуцагч талын “...тус тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийнх
биш...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
3.1. Хариуцагч тал 2018 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 2023 оны 10
дугаар сарын 06-ний өдөр хүртэлх 2053 хоногийн журмын хашааны төлбөр,
ачилтын зардал 60,000 төгрөг нийт 10,325,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй
учраас авто машиныг чөлөөлөхгүй гэж маргаж байгаа, сөрөг нэхэмжлэл гаргаагүй.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн
А/101 дугаартай Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 9 дүгээр
зүйлийн 9.19-т Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн, түр саатуулах хашаа
/байр/-нд байсан хугацааны төлбөрийг буруутай этгээдээр төлүүлнэ гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн
38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн
шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа
өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэжээ.
Тус тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн, түр саатуулах хашаанд байсан
үйлдэлд нэхэмжлэгч буруутай гэдгийг хариуцагч талаас нотолсон баримт хэрэгт
авагдаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, талуудын хооронд үүрэг
үүсээгүй байна.
4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11
дүгээр сарын 25-ний өдрийн 2022/ШЦТ885/ дугаартай шийтгэх тогтоолын тогтоох
хэсгийн 5 дугаар заалтад “...Содномжамцын Амарзаяагийн эзэмшлийн *******
улсын дугаартай лексус эл эс 600 маркийн автомашин....эд хөрөнгө битүүмжилсэн,
хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй
болгож...” хэмээн шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж, Улсын дээд
шүүхээс хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж хуулийн
хүчин төгөлдөр болсон нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 2023/ДШМ/318 магадлал,
Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хэргийн
танхимын нийт шүүгчдийн хуралдааны зар зэргээр тогтоогдож байна. Эдгээр
баримт нь нийтэд ил үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй, талууд
маргаагүй болно.
Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тээврийн хэрэгслийн
битүүмжийг хүчингүй болгосон, *******д авто машиныг олгохыг хариуцагчид
мэдэгдсэн зэрэг нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр
сарын 22-ний өдрийн 1/4870 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн прокурорын
газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 5/1343 дугаартай гомдлын хариу,
мөн газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/1555 дугаартай гомдлын
хариу зэргээр нотлогдох ба дээрх баримтуудад хариуцагч тал мараагүй.
5. Тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 10056 дугаар
захирамжаар үзлэг хийхээр товлосон, үзлэгээр Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар
хороо, 17 гудамж, 430 тоот хашаанд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл
байх тул тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулах боломжтой.
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын
хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.
Иймд хариуцагч “*******” ХХК-иас ******* улсын дугаартай
авто машиныг албадан чөлөөлүүлж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж
үзэв.
7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн
төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч “Авто
гоулд транс” ХХК-иас лексус эл эс-600 маркийн, ******* улсын дугаартай авто
машиныг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид
төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Авто
гоулд транс” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан
сонсгомогц хүчинтэй болох бас зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч
буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14
хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол
гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН