| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2017/0135/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 164
2017 оны 11 сарын 28 өдөр 2017/ШЦТ/164 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0135/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Д.Отгонтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Б.У-д холбогдох 173900058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1985 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Хэрлэн сум 4 дүгээр баг А-55 байранд байрлах “Оргил” эмийн сангийн эрхлэгч, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 48 дугаар байр 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Б.У
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.У нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын эмийн сангаас эм захиалж байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлалтай Хэнтий Монос ХХК-ийн эмийн сангаас 80 төрлийн нийт 7.307.290 төгрөгийн эмийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Л.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн уед 98122065 дугаарын утаснаас Батширээт сумын эмийн сангаас ярьж байна гэж танай байгууллагаас эм захиалах гэсэн юм гээд нийт 7.307.290 төгрөгийн эм захиалсан. Би болон манай ажилтан болох Энх-Уянгатай хамтран бид 2 захиалгыг хүлээн авч бараа, эмийг бэлдэж хайрцаглаж бэлэн болгосон, 21 цагийн үед хүргүүлсэн. Энэ үеэр Батширээт сумын Аралтай-Онон эмийн сан нь 373190 төгрөгийн эм захиалсныг дайгдуулж өгч явуулсан. 2017 оны 08 дугаар сарын 07-ны 11 цагийн үед Батширээт сумын Аралтай-Онон эмийн сангаас манай байгууллага руу залгаж Батширээт сумын эмийн сангаас асуухад эм захиалаагүй ...гэж байна гэсэн.Үүний дараа 98122065 -аас эм захиалсан дугаар луу залгахад утсаа салгасан байсан.Батширээт сумын эмийн сангийн утас болох 93032035 гэсэн дугаар руу залгаж 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр захиалсан эмээ авсан уу гэж лавлаж асуухад эм захиалаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 тал/,
Гэрч Энх-Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13-14 цагийн орчим 98122065 дугаарын утаснаас Батширээт сумын эмийн сангаас ярьж байна. эм захиалах гэсэн юм гээд нийт 80 төрлийн 7307290 төгрөгийн эм 'захиалсан...Батширээт сумын эмийн сангийн 93032065 дугаар луу залгаж танайх 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эм захиалсан гэхэд Үгүй бид нар эм захиалаагүй гэсэн.Тэгэхээр нь би ямар сонин юм 7 сая төгрөгийн эм захиалаад ачуулсан шүү дээ гэхэд “Үгүй тийм юм байхгүй ээ “гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,
Гэрч Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ... гөрсөн эгч Б.Б.У утсаар залгаад чи Батширээт сум руу явах гэж байгаа бол сумын төвд эмийн санд хүргэх эм ачаад явчих гэсэн. Бас Батширээт сумын төвд байдаг Аралтай Онон эмийн сангийн эмийг хамт аваад явчих гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25 хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх-ийн 43-57 тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 73 тал /,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-57, 72 тал/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.У нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын эмийн сангаас эм захиалж байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлалтай Хэнтий Монос ХХК-ийн эмийн сангаас 80 төрлийн нийт 7.307.290 төгрөгийн эмийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Хохирогчийн төлөөлөгч Ч.Т нь алдсан бараагаа буцаан авсан тул гомдолгүй гэжээ. Иймээс шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Б.У-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан торгох ялыг 01 сарын хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Уд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УЯНГА