| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0166/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 165
2017 оны 11 сарын 27 өдөр 2017/ШЦТ/165 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0166/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Энхжаргал,
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашвагад овогт Пагамын Нт холбогдох 1739000200057 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1958 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр баг Ар хөндлөн гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ашвагад овогт Пагамын Н /РД:СЖ58051271/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Н нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд Ц.Оийн зүүн хөмсгөнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд Ц.Оийн зүүн хөмсгөнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...“...2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 14-15 цагийн үед хөдөө гэрээсээ авчирсан цөцгийгөө зарж борлуулчихаад дэлгүүрээс гараад мотоцикль руу очиж байтал манай Биндэр сумын хүн болох Н гэх хүн надтай таараад надад хандан архи аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд би үгүй гэхэд Н уурлаад миний зүүн нүд рүү гараараа шууд цохиод авсан бөгөөд намайг цохиж аваад өөрөө газар унаад өгсөн. Тэгэхээр нь би Нын хоёр гарыг барьж аваад дээрээс нь дарахад Н 2 хөлөө савчуулаад миний толгой, нурууны орчим луу өшиглөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-19 хуудас/
Шүүхийн шилжилгээний албаны шинжээч эмчийн №2017.329 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 34 хуудас/
Сэжигтэн П.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: ...“...Би 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 14-15 цагийн үед Биндэр сумын төвөөр ганцаараа согтуу явж байгаад О гэх хүнтэй таарсан. Би тухайн үед хагас шил архитай явж байсан. Учир уг архиа Отэй хувааж уусан юм. Тэгээд авч явсан архиа бид хоёр хуваагаад уусаны дараа би Оэд хандан чи надад архи аваад өгчих гэж хэлсэн юм. Тэгэхэд О надад хандаж чамд архи авч өгч чадахгүй би чамаас цаадахад нь архи авч өгч байгаагүй гээд надруу томорсон юм. Тэгэхээр нь би Оийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон....“ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35,36 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Нын иргэн Ц.Оийг цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Оийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ашвагад овогт Пагамын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Нт торгуулийн ялыг 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Нт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ